УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Хаврын чуулган авлигын эсрэг чуулган байх болно гэж УИХ-ын дарга мэдэгджээ. Учир нь чуулганы эхэнд авлигатай тэмцэх багц хуулийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм байна. Энэ багц хуульд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Шүгэл үлээгчийн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг чухал хуулиуд багтаж байгаа. Мөн хаврын чуулганаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг өргөн хүрээнд хэлэлцүүлнэ. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон Зөвлөлдөх санал асуулгын үр дүнд тулгуурлан Авлигатай тэмцэх, авлигыг үл тэвчих үйл хэрэг үндэсний хэмжээний бие даасан цогц тогтолцоог хуульчлахаар төлөвлөсөн байна.
Авлигын эсрэг гэж тодорхойлсон хаврын чуулганаар Нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын хэд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал прокуророос орж ирэхээр байгаа. Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар өөрсдөө чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бол АТГ-аас өчигдөр мэдээлснээр Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулах саналыг прокурорт хүргүүлээд байгаа аж. Тэдний араас яллагдагчаар татагдаад байгаа А.Адьяасүрэн, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нарын гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг оруулж ирэх нь мэдээж.
Танхимынх нь гишүүд нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдаж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал яригдах нь тодорхой болсонтой холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийлэхдээ “Ард иргэдийн шудрага ёсны хүсэмжлэлийг ард иргэдийн төлөөллийн байгууллага илэрхийлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэр утгаараа иргэд маань төрд төлөөлөлгүй болох вий, парламентын ардчилсан засаглалтай Монгол Улсад улс төрийн хямрал нүүрлэх вий гэх болгоомжлол байгааг нуугаад яахав. Гэхдээ Монгол Улсынхаа хуулийн байгууллагуудын шийдвэр, нийгмийн захиалга гэх мэт олон хэмжээсэнд, зөвхөн зарчмын шалгуураар, хуулийн дагуу л асуудалд хандана” гэжээ. Түүний үгнээс яллагдагчаар татагдсан гишүүдээ далдуур өмгөөлж өмөөрсөн, гэм буруутай эдгээдэд хариуцлага хүлээлгэхээс цааргалсан хандлага “үнэртэж” байна.
Хууль, шүүхийн өмнө иргэн бүр эрх тэгш байх ёстой Үндсэн хуулийн зарчим бүрэн эрхийнхээ ард нуугдсан яллагдагч гишүүд дээр ирээд алдагдаж байхад авлигатай тэмцэх чуулганаа нээх гэж буй УИХ-ын дарга ард түмний төлөөлөл гэдэг үгээр халхавч хийж суугаа нь харамсалтай. Түүний логикоор бол ард түмний төлөөлөл болж УИХ-д суусан л бол гишүүд хулгайч, худалч, яллагдагч байх нь хамаагүй бололтой.
Тэгээд ч УИХ-ын нэг гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзсэнээр тухайн тойрог нь төрд төлөөлөлгүй болно гэдэг бол хуучирсан, явцуу ойлголт. Мажоритар тогтолцоог дэмжигчдийн хэлдэг ганц үндэслэл. УИХ-ын сонгуулийн пропорциональ тогтолцоог мажоритартай хослуулах талаар ярьж байгаа өнөөгийн нөхцөлд УИХ-ын гишүүн ганц тойрог биш улс орны хэмжээний бодлого боловсруулагч, бүх ард түмний төлөөлөгч юм.