Monday, November 25, 2024

Далд эдийн засгийн эсрэг хуулиар даргын толгойг бөхийлгөнө

Date:

1990 онд ардчилсан хүчнийхний тавьж байсан нэг гол шаардлага нь дарга нарын тусгай хангамжийг байхгүй болгох явдал байв. Дарга гэдэг нийгмийн анги давхарга бий болж, төрийн тусгай хангамж эдлэн тарвалзаж байсныг ийнхүү болиулсан. Харамсалтай нь өнгөрсөн 32 жилд ардчилсан нийгмийн шинэ дарга анги бий болж, тэдний давхар давхар хамгаалалт, хангамж, үйлчилгээ өмнөх нийгмийн үеийнхээс ч бат бөх төлөвшин тогтжээ. Хуулиар хуяглаж, эрх мэдлээр бамбай хийсэн шинэ цагийн дарга анги давхаргынхан төрийн албыг төрлийн алба болгож, төсвийн мөнгөөр түрийвч, халаасаа язартал дүүргэж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх болов.

Төрийн өндөр албан тушаалд угсаа залгамжлан заларч, төсөв, тендер, хөнгөлөлттэй зээл бүхнийг давуу эрхээр авч, төрөл садан, найз нөхдөөрөө улсын үйлдвэрийн газруудыг дүүргэсэн энэ бусармаг явдалд үе үеийн эрх баригчид хазаар бус ташуур болж, улам өөгшүүлж, дөгөөсөөр ирсэн юм. Харин өнөөдөр цаг өөрчлөгджээ. Хүн биш хууль засагладаг болов. Хүн бүхэн дарга, даамал, гишүүн, сайд, эгэл жирийн иргэн бүгд хуулийн өмнө эрх тэгш, эн тэнцүү гэдгийг харуулж эхэллээ. Засгийн газар Хөгжлийн банкны олон тэрбумын зээлийг хууль зөрчин хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан авч, зориулалтт бусаар ашиглачихаад эргүүлж төлөөгүй асуудлыг олон нийтэд гарган тавьж, хариуцлага тооцож эхэлсээр жил тойрч байна. Нүүрсний гэх хэрэгт шүгэл үлээж, хариуцлагыг чангатгах, гэм буруутай этгээдүүдийг хууль хяналтын байгууллагад дуудах ажлыг эхлүүлээд бүтэн улирал өнгөрөв. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч томилсноос хойш 40 гаруй хоногт нүүрс ачилтын хэмжээ нь дөрөв дахин нэмэгдэж, борлуулалтын орлого нь 500 сая ам.доллараар нэмэгдэж, 2022 оны нийт борлуулалт тус компани байгуулагдсанаас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн байх жишээтэй. Далд эдийн засгийн ил болгож, даварсан эрх мэдэлтнүүдийг зайлуулахад ганц хоёрхон сарын дотор л ийм үр дүн гарч байгаа юм. Энэ бол авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд ард түмний боломжийг хэрхэн хулгайлж, улс орны хөгжлийн яаж хойш чангааж байдгийн жишээ.

Оны өмнө Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж авлига, албан тушаалын хэрэгтнүүдэд ногдуулах хариуцлагыг чангаруулж, олон арван тэрбумаар хэмжигдэх авлигын хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх нэрийн дор ял завшуулдаг, УИХ-ын гишүүний бүрэн эрхээр халхавчлан хөөн хэлэлцэх хугацааг дуусгадаг зэрэг хийдэл, цоорхойг арилгасан билээ. Үүн дээр нэмээд Засгийн газраас улс төрд нөлөө бүхий зарим этгээдийн хамаарал бүхий этгээд төрд удирдах алба хашихгүй, зээлд хамрагдахгүй, тендер шалгаруулалтад оролцохгүй байх зохицуулалтыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулахаар болоод байна. Уг хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэн батлуулна.

Тус хуулийн төсөл батлагдсанаар улс төрд нөлөө бүхий зарим этгээд буюу УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг даргын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, тэдгээрийн хүүхэд төрийн албаны удирдах, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалд ажиллахыг хязгаарлана. Мөн төрөөс хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, хөнгөлөлт, баталгаа, тусламж, гадаад болон дотоод зээлд хамрагдахгүй, бүх хэлбэрийн тендер шалгаруулалтад оролцохгүй, концесс эзэмшихгүй болно.

Ингэснээр эрх мэдэл, мэдээлэлд ойрхон байсан хэдхэн хүний гарт нийгмийн баялаг шударга бусаар төвлөрч, уул уурхай тойрсон улс төр, хууль хяналтын байгууллага, эдийн засгийн бүлэглэл бий болж, орлогын тэгш бус байдал гүнзгийрээд байгаа өнөөгийн нийгмийн гажуудал, хямрал арилна. Хуулийн өмнө даргын толгой бөхийнө. Даруулгатай болно. Нэг үгээр хэлбэл энэ бол авлига, албан тушаалын гэмт хэрэг, далд эдийн засгийн эсрэг тэмцэлд бодитой алхам болох хууль.

Нийгэмд орлогын тэгш бус байдал бий болж, баян ядуугийн ялгаа улам нэмэгдсээр байгаа нь авлига, хээл хахууль бүх шатанд гүнзгийрснийх. Товчхондоо бол өнгөрсөн 30 гаруй жил буруу замаар будаа тээж ирснийх. Энэ ужгирсан алдаа завхарлыг засах зоримог алхам, бодитой шийдвэр, шийдлийг Засгийн газар гаргаж байна. Эм гашуун ч өвчинд тустай. Засгийн шийдвэр хэдий зарим хүний, өөрөөр хэлбэл авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд, тэдний хамсаатнууд, ямба, тансаглалдаа хөлбөрсөн эрх мэдэлтнүүдэд таалагдахгүй байж болох ч өнөөгийн Монголын нийгэмд бугласан идээ бээрийг шахаж, эрүүлжүүлэхийн төлөө зайлшгүй хийх ёстой тэмцэл юм.    

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...