Нүүрсчдийн гэх хэрэг нийгэмд асар том доргио үүсгэж, олон нийтийн эсэргүүцэл, бухимдлыг төрүүлээд байна. Сүхбаатарын талбай дээр жагсагчид нүүрсчдийн нэрсийг зарлаж, тэдэнд хариуцлага тооцохыг шаардаж буй. Энэ Засгийн газрын хувьд нийгэмд дуулиан үүсгэсэн ийм томоохон хэрэгтэй анх нүүр тулж байгаа юм биш. “Оюутолгой” төсөл дэх Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг энэ оны нэгдүгээр сард 100 хувь тэглүүлсэн. Ингэхдээ ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй байх нөхцөлийг мөн баталгаажуулсан. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хийсэн нэг том ажил. Нөгөө талаас том сорилт байв. Юутай ч олон жил яригдаж, нийгмээрээ эсэргүүцэж, шүүмжилж байсан “Оюутолгой” төслийг ийнхүү Монголын ард түмний эрх ашигт нийцсэн нөхцөлөөр хэрэгжүүлэх боломж бүрдсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авч, статусыг нь ТӨҮГ болгож өөрчлөх ажлыг гардан зохион байгуулсан. Энэхүү 49 хувийг хувийн хэвшлийнхэн хөрөнгөөрөө Монголд оруулж ирсэн гэх боловч үнэн хэрэгтээ төрийн мөнгөөр “Эрдэнэт” үйлдвэрийг хувьдаа авсан нь баримтаар нотлогджээ . Тодруулбал, “Монголиан коппер корпорейшн” 49 хувийг авахдаа 400 сая 270 мянган ам.долларын эх үүсвэрийг бүрдүүлсэн. Тэр нь Засгийн газар, Монголбанк, Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банкны барьцаагүй зээл байв.
Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 20-нд Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг зарлаж, нэр бүхий 26 чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн гээд 10 жилийн өмнөөс үүссэн авлигын шинжтэй, асар их мөнгөн дүнтэй энэ хэрэг олны анхаарлыг татсан хэвээр байгаа. Хөгжлийн банканд 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш арваннэгдүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 795.4 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөд байгаа дүн мэдээ гарчээ. Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн энэ мөнгөөр “Самурай” бондын үндсэн төлбөр болох 30.0 тэрбум иен буюу өнөөгийн ханшаар нийт 751.5 тэрбум төгрөгийг төлөх боломжтой болсон. Оны эцэс гэхэд зээлийн эргэн төлөлтийг нэг их наяд төгрөгт хүргэх аж.
Өнөөдөр үүссэн нөхцөл байдлын хувьд Засгийн газар нүүрсчдийн гэх хэргийг анх олон нийтэд мэдээлж, нэг ёсондоо шүгэл үлээж, хэргийн мөрөөр хяналт шалгалт хийж, хариуцлага тооцохоор ажиллаж эхэлсэн. Одоо нүүрсчдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх асуудлыг яаравчилж, хурдтай ажиллах хэрэгтэй. Засгийн газар зангаргаа харуулах ёстой. Олон нийтийн шахалт, шаардлага ч энэ юм. Нүүрсчдийн халуун мөрөөр нэгэнт орсон учир сэжим сэжүүр нь цаашид хөврөх байх. Сэжигтэй албан тушаалтнуудыг баривчлан саатуулж эхэлсэн. Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийг Засгийн газар шууд хяналтдаа авч, онц дэглэм тогтоосон. Засгийн газрын хуралдаанаар дэмжиж төрийн нууцад байсан есөн оффтэйк гэрээг ил болгоод байгаа. Эдгээр гэрээнүүд бүгд өмнөх Засгийн газруудын үед хийгджээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед нэг ч гэрээ нууцад ороогүй юм билээ. Цаашид гэрээний нөгөө тал болох БНХАУ-ын хөрөнгө оруулагч компаниас зөвшөөрөл авах юм бол дараагийн оффтэйк гэрээнүүдийг ил болгоно гэдгээ Засгийн газар мэдэгдсэн. Улсын нууцаар халхавчилсан оффтэйк гэрээнүүд бүгд ил болсноор олон хэргийн учир тайлагдана. Нүүрсчдийн нүүрний баг хууларч байна.