Saturday, November 23, 2024

Монголд зочлох жилүүд ба аялал жуулчлалын сэргэлт

Date:

Эдийн засгийн гурав дахь багана

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлав. Ийнхүү ирэх гурван жилд Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэл болгон зарлалаа гэж хэлж болно. Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж буй. Засгийн газрын хуралдаанаас Монголд зочлох жилийн түлхүүр үгийг “Welcome to Mongolia” гэж тогтсон. Аялал жуулчлал бол эдийн засгийн хувьд төрөлжүүлэн хөгжүүлэх боломжтой гурав дахь том салбар. Тиймээс аялал жуулчлалын нэн тэргүүнд стандартыг шинэчлэх ажлыг хувийн хэвшлийнхэнтэй хамтран зохион байгуулахаар ажиллаж байгаа аж. “Аялал жуулчлал бол зөвхөн нэг яамны асуудал биш. Үндэсний нэгдмэл үнэт зүйлтэй холбоотой салбар хоорондын цогц асуудал. Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлаж хөгжих учиртай. Төр, хувийн хэвшил нэгдсэн маркетинг,  брэндингтэй байх нь чухал” гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон.

Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс Аялал жуулчлалын маркетингийн хөтөлбөрийг Засгийн газарт танилцуулсан аж. Уг хөтөлбөрт Discovery, National geographic зэрэг сувгаар Монгол орныг сурталчилсан контент бэлтгэж цацах, орчин үеийн маркетингийн арга хэрэгслүүдийг түлхүү ашиглах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгажээ. Засгийн газраас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэд бүтэц, жуулчны компаниудын чанар, стандартыг дээшлүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэгдсэн хуанлиг боловсруулан олон улсад зарлах, бусад бэлтгэл ажлыг хангах чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг чиглэл өгчээ.

2019 онд 580 мянга орчим жуулчин хүлээж авч, тухайн салбараас 610 орчим ам долларын орлого олсон гэдэг статистик бий. Ковидын үед буюу 2020-2021 онд жуулчин аваагүй. Салбар бүхэлдээ сул зогсолт хийсэн. Цар тахлаас өмнө манай улсын ДНБ-ий 6 орчим хувийг аялал жуулчлалаас бүрдүүлж байсан. Цаашид энэ үзүүлэлтийг нэмэгдүүлж, аялал жуулчлалын салбарын ДНБ-д үзүүлэх нөлөөллийг 30 хувьд хүргэх том зорилт дэвшүүлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ -Аялал жуулчлалын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд эрх зүйн орчныг боловсронгуй болгохыг чухалчилж байна. Эрх зүйн орчин тодорхой болмогц төр, хувийн хэвшил хамтраад нэгдсэн бодлогоор урагшлах нь чухал. Боомтын сэргэлтийн хүрээнд Бичигт, Хавирга, Ульхан боомтын дэд бүтцийг сайжруулснаар жуулчин татах боломж бүрдэнэ. Төр, хувийн хэвшлийнхэн одооноос  төвлөрч ажиллах шаардлагатай.

Зочдодоо барих бэлэг, эерэг мэссэжүүд

Монголд зочлох жилийн хүрээнд аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор 2000 онд батлагдсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт даваа гарагт өргөн бариад байгаа. Уг хуулийн төслийг УИХ яаралтай горимоор хэлэлцэнэ. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр орон нутагт ажлын байр олноор бий болж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нөхцөл бүрдэнэ.  Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад туссан гол онцлох зохицуулалтыг дараах байдлаар томъёолж болно. Үүнд,

1.  Аялал жуулчлалын үйлдвэрлэлийн ойлголтыг нэвтрүүлж, аялал жуулчлалын салбарт үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх;
2.  Аялал жуулчлалын байгууллагыг тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэж ангилж, тур-операторын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхлэх;

3.  Тодорхой газар нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, орон зайн зохистой төлөвлөлтийг бий болгох зорилгоор аялал жуулчлалын бүсийг улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүс гэж ангилж, бүсийн менежментийг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх;

4.  Аялал жуулчлалын салбар дахь орон нутгийн оролцоог тодорхой болгох;
5.  Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай байх, байгууламж барих, засварлах зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдах зардалд тооцох;

6.  Хил орчмын аялал жуулчлалыг байнгын ажиллагаатай боомт, олон улсын боомт болон хил орчмын нутаг дэвсгэрт байрлах чөлөөт бүсэд олон улсын аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй тур оператор гүйцэтгэх;
7.  Ан агнуурын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор сүргийн бүтцийг алдагдуулахгүйгээр тооцоо, судалгаанд үндэслэн аргаль, янгир, идлэг шонхорыг агнах, барих тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх;
8.  Төрөөс аялал жуучлалыг дэмжих чиглэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх сан байгуулж, сангийн хөрөнгийг агаарын зорчигч тээврийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, Монгол Улсыг гадаад, дотоодод сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах, аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгох, хөгжүүлэх зорилгоор зарцуулна.

9.  Жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан НӨАТ-ыг буцаан олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ;

10.  Аялал жуулчлалыг мэргэжлийн холбоог байгуулж, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын зэрэглэл олгох, тур операторын тусгай зөвшөөрөл олгох чиг үүргийг шилжүүлж болохоор тус тус тусгажээ.

Эдгээрээс нэгдүгээрт, жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүний НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно. Хоёрдугаарт, “E-Visa” олгох улс орнуудын тоог хоёр дахин нэмэгдүүлж, цахим системээр 48 цагийн дотор онлайнаар виз олгоно. Гуравдугаарт, агаарын тээврийн либералчлалыг эхлүүлж, гурван жилийн хугацаанд Монгол орныг зорих нислэгт хязгаарлалт тавихгүй, бүх улсаас ирэх агаарын хөлгийг хүлээн авна гэсэн зохицуулалтууд олон нийтийн анхаарлыг татаж буй. Мөн аялал жуулчлалын салбар дахь орон нутгийн оролцоог тодорхой болгох, нэгдсэн стандарт тогтоох, бүсчилсэн брэнд бүтээгдэхүүн бий болгох, хил орчмын аялал жуулчлалыг тусгай зөвшөөрөлтэй тур оператор гүйцэтгэх, аялал жуулчлалын сан байгуулах зэрэг шинэлэг зохицуулалтууд ч хуулийн төсөлд бий. Аялал жуулчлалын үндсэн болон дагалдах үйлчилгээ, тур операторын үйлчилгээг хэн эрхлэх, хил орчмын аялал жуулчлал, жуулчдын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар тусгаж өгснөөс гадна ан агнуур, аялал жуулчлалын тээврийн гарцыг нэмэх, аялал жуулчлалын бүс нутгийг зарлах, мэргэжлийн холбоо ямар үйл ажиллагаа явуулах талаар тодорхой зааж өгчээ.

Аялал жуулчлалын сан байгуулж, сангийн хуримтлалыг тус салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэгт зарцуулахаар төлөвлөжээ. Ан агнуурын тусгай зөвшөөрөл олголтыг ил тод болгох, эрсдэл өндөртэй аялалд заавал даатгалд хамрагддаг байх зэрэг зохицуулалтыг мөн багтаасан байна.

Г.Сонинбаяр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...