УИХ-д өргөн бариад буй Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.
-2023 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш Монголд ирэх жуулчдад хэд хэдэн мэссэж өгнө.
1-рт визийн хамгийн сайн нөхцөлтэй, визгүй ангиллын орон гэдэг ангилалд багтсан гэдгээ олон нийтэд зарлах.
2-рт, Монгол Улсад ирэх агаарын тээврийн зардал хамгийн бага байна гэдэг мэссэжийг ирэх онд Монголыг зорих жуулчдад өгөх зорилгоор 33 зүйл, таван бүлэгтэй хуулийн төсөл боловсруулсан байгаа. Уг хуулийн төслийг дагаж 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт орно.
Тухайлбал, Зөвшөөрлын тухай, Агнуурын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Төсвийн тухай, Иргэний агаарын тээврийн тухай гэх мэт хуулиудад өөрчлөлт орж байгаа. Үүнээс гадна багц байдлаар гурван хууль өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаа. Үүнд, Казиногийн тухай, Морин бооцоот уралдааны тухай, Төлбөр, тааварт тоглоомын тухай хуулийн төслүүдийг багцлан Аялал жуулчлалын багц хууль гэж нэрлэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа.
Аялал жуулчлалын тухай хуулийн гол концепц нь нэгдүгээрт, жуулчин ирүүлэхийн тулд улс бүхэн хоёр алхам хийдэг. Нэг нь визгүй, эсвэл цахим визтэй, нөгөө нь тийз хамгийн хямд байх гэсэн ийм хоёр зарчим байдаг. Ирсэн хойно нь аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх стандарт, норм, журам, тусгай зөвшөөрлийн тухай Аялал жуулчлалын тухай хуулиар тусгайлан зохицуулж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, тур оператор гэсэн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулна. Энэ тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь ирсэн жуулчдыг аюулгүй аялуулах үүргийг хүлээнэ. Ингэхдээ хууль сахих байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, аюулгүй ирүүлж, аюулгүй жуулчлуулж, аюулгүй буцаах зарчмаар ажиллана гэдгийг хуулийн төсөлдөө тусгаж өгсөн. Очих газар нь Монгол орны үзэсгэлэнтэй тал, хээр нутгууд дээр аялал жуулчлалын маршрутыг тухайн орон нутаг нь тогтоож батална. Орон нутаг нь аялал жуулчлалынхаа маршрутын дагуу тур операторуудтайгаа гэрээ байгуулж ажиллана. Тухайн байгалийн үзэсгэлэнт газруудад аялал жуулчлалын отог байгуулах асуудалд ерөнхий төлөвлөлт хийх эрхийг орон нутагт өгч байгаа. Ингэснээр аялал жуулчлалын эцсийн үр өгөөж нь орон нутагт үлдэнэ гэдэг агуулгаар энэ хуулийн төслийг бичиж байгаа. Тусгай сонирхлын аялал жуулчлалын чиглэлүүдийг бичиж өгсөн. Хил орчмын аялал жуулчлалын тухай бичиж өгсөн. Агнуурын аялал жуулчлалын тухай бичиж өгсөн. Тухайлбал, агнуурын аялал жуулчлал дээр бид аль болох тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүд аргалийн, янгирын, тулны, магадгүй идлэг шонхрын гээд нээлттэй дуудлага худалдаагаар тухайн лиценз, агнуур хийх зөвшөөрлүүдээ авна. Үүний үндсэн дээр тухайн орлого нь орон нутагтаа орно. Тухайн дуудлага худалдаагаар авсан агнуурыг зохион байгуулах ажлыг тухайн аялал жуулчлалын отог бүсэд нь аялал жуулчлалын тур оператор компаниуд зохион байгуулна. Одоо бол далд хэлбэртэй явагдаад байгаа. Үүнийг сүргийн популяци, өсөлт, үржилтийг нь харгалзан үзэж мэргэжлийн яам нь жилд агнах квотоо Засгийн газраар батлуулаад, уг квотын үндсэн дээр нээлттэй дуудлага худалдаагаар агнуурыг зохион байгуулах энэ эрхүүдийг либералчилж өгье гэж байгаа.
Аялал жуулчлалын санг шинээр байгуулна. Энэ сан нь дөрвөн үндсэн чиглэлээр мөнгөө зарцуулна гэсэн төлөвлөлт хийж байгаа. Нэгдүгээрт, аялал жуулчлалыг гадаад, дотоодод сурталчлах тал дээр Аялал жуулчлалын сан үйл ажиллагаа явуулж, мөнгөө зарцуулна. Хоёрдугаарт, аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгох, гуравдугаарт, агаарын тээврийн салбарт дэмжлэг үзүүлэх, дөрөвдүгээрт, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах буюу аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх гэсэн ийм дөрвөн чиглэлд хөрөнгөө зарцуулна. Аялал жуулчлалын сангийн орлого хаанаас орох вэ гэвэл Казиногийн нийт орлогын таван хувь, морин бооцоот уралдааны нийт орлогын таван хувь, төлбөрт, тааварт тоглоомын орлогын таван хувиас Аялал жуулчлалын сангийн орлогын эх үүсвэр бүрдэнэ. Сангийн үйл ажиллагаанд хяналт тавьж, захиран зарцуулах эрхийг төр, хувийн хэвшил хамтарсан комисс маягаар үйл ажиллагаа явуулж, зарцуулна. Хуучин Засгийн газрын сангуудын хөрөнгийг зөвхөн Засгийн газрын төлөөлөл зарцуулдаг байсан бол энэ удаа аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг ахуйн нэгж байгууллагууд, аялал жуулчлалын салбарын төрийн бус байгууллагууд, мөн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлсэн Засгийн газрын байгууллагын төлөөлөл гэсэн ийм төлөөлөлтэйгөөр ийм дөрвөн чиглэлд зарцуулна.
Энэ дөрвөн чиглэлээс хамгийн их дэмжлэг үзүүлэх салбар бол хямд байх гэдэг утгаараа агаарын тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд ирсэн жуулчин болгон, орон нутагт тээвэрлэж байгаа жуулчин болгоных нь тоогоор татаас олгох замаар энэ салбарын үнэ тарифыг бууруулах, хямдруулах энэ зарчим руу явж байгаа. Аялал жуулчлалын тухай хуулийн гол үндсэн үүргийг аймаг, нийслэлийн ИТХ, аймаг, нийслэлийн Засаг дарга хүлээж байгаа. Энэ юу гэвэл төрөөс аялал жуулчлалын талаар баримтлах бодлогыг гардан хэрэгжүүлэх эрхийг эдгээр байгууллагуудад, орон нутагт нь өгч байгаа. Одоо та бүхэн мэдэж байгаа, Буйр нуур, Хөвсгөл нуур, Өгий нуурын эргээр дүүрэн дэд бүтэц хөгжөөгүй, жорлонгүй, зах замбараагүй отоглож буудаг энэ асуудлыг цэгцэлж, орон нутаг нь шийдэж өгье өө. Хоёрдугаарт, дэд бүтцийн салбарт бид шинэ хувьсгал хийе ээ. Жорлонгийн хувьсгал гэж ярьдаг. Аж ахуйн нэгж байгууллагуудын татвар ногдох орлогоос нь чөлөөлье. “00”-ийн асуудлаа шийдсэн аж ахуйн нэгжүүдийн татвар ногдох орлогоос чөлөөлье гэж Сангийн яамтай татвар ногдуулах концепцийн хувьд их ололттой тохиролцсон. Өөрөөр хэлбэл зам дагуу байгаа бензин колонкуудын эзэд, отоглож буудаг зочид буудал, ресторан, хоолны газрууд боловсон “00” хийсэн тохиолдолд татвар ногдох орлогоос бүхэлд нь чөлөөлж байгаа.