Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “Уурхайчдын спортын их наадам 2022” Эрдэнэт хотод зохион байгуулагдлаа. Тус наадамд 33 байгууллагын 1500 гаруй тамирчид хүчээ сорьж, спортын амжилтаа ахиулсан байна.
Энэхүү тэмцээний зорилго нь Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг орон даяар сурталчлах, уул уурхайн салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажилтан албан хаагчдыг биеийн тамир спортод өргөнөөр хамруулж, спортод хандах идэвх, сонирхлыг өрнүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, салбарын спортын аварга байгууллагыг тодруулахад оршиж байна.
Үүрд хадгалах цомын төлөөх уурхайчдын спортын их наадамд “Ачит ихт” ХХК, АМГТГ, Багануур ХК, “Бадрах энержи” ХХК, Болд төмөр ерөө гол, Баянгол уурхай, Бороо гоулд, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Монросцветмэт, Мера ХХК, МоЭнКо ХХК, Саусгоби сэндс ХХК, Нормаунт ХХК, Монгол майнинг энд эксплорейшн ХХК, Си ар майнтээн ХХК, Шивээ овоо ХХК, Эрдмин ХХК, Шарын гол, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Оюутолгой ХХК, Цемент шохой ТӨХК, Цайрт минерал ХХК зэрэг уул уурхайн 33 компанийн 1500 тамирчин дөрвөн өдрийн турш спортын таван төрөлд авьяас билиг, хурд хүч, авхаалж самбаагаа сөрөн өрсөлдлөө.
Дартсын төрөлд Багануур ХК, Монголросцветмет ТӨҮГ медалын эзэд болсон бол Шатрын эмэгтэй төрөлд Бласт компани алт, Тавантолгой ХК мөнгө, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хүрэл медал хүртлээ.
Харин шатрын эрэгтэй төрөлд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хүрэл, Монголросцветмет ТӨҮГ мөнгө, Бласт компани алт авлаа. Ширээний теннисний эмэгтэй төрөлд Тавантолгой ХК хүрэл, Багануур ХК мөнгө, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ алт авсан бол Ширээний теннисний эрэгтэй төрөлд Оюутолгой хүрэл, Тавантолгой ХК мөнгө, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ алт хүртсэн байна.
Волейболын эмэгтэй төрөлд хүрэл медалийг Багануур ХК, Мөнгөн медалыг, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Алт медалыг Монголросцветмет ТӨҮГ хүртсэн бол гар бөмбөгийн эрэгтэй төрөлд хүрэл медалийг Болд төмөр ерөө гол компани, мөнгөн медалийг Монголросцветмет ТӨҮГ, алтан медалийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хүртлээ. Харин эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд хүрэл медалийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, мөнгөн медалийг Багануур ХК, алтан медалийг Монголросцветмет ТӨҮГ тус тус хүртсэн байна.
Эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд хүрэл медалийг Бласт компани, мөнгөн медалийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, алтан медалийг Ачит Ихт компани хүртжээ. Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүлсэн Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ үүрд хадгалагдах цомын эзэн боллоо.
Уул уурхайн салбар улс орны эдийн засгийн тэргүүлэх салбар болтлоо хөгжиж ирсэн. Түүхт 100 жилийн хугацаанд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэг хувийг, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 70 хувийг, экспортын бүтээгдэхүүний 94 хувийг бүрдүүлж байна.