“Бидний бахархал” төслийн хүрээнд Батлан хамгаалах салбараас хэрэгжүүлж буй ажлын талаар БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуягтай ярилцлаа.
Юуны өмнө Танд бидний урилгыг хүлээн авч ярилцаж байгаад нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. “Бидний бахархал” төслийн талаар товч танилцуулна уу? Уг төслийн зорилго болоод Батлан хамгаалах салбартай хэрхэн уялдаж байгаа талаар яриагаа эхэлье.
-Баярлалаа, “Соёмбо” сониныхоо хамт олонд болон нийт уншигчдадаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулагдаж буй “Бидний бахархал” төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар улс орон даяар 2022-2023 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Тус төслийн гол зорилго нь эх орны маань ирээдүй, хойч үе болсон хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, хандлагыг төлөвшүүлэх юм. Батлан хамгаалах салбарын хувьд энэхүү төслийг манлайлан оролцохоор бэлтгэл ажлаа хангаж, хүүхэд, залуучуудад чиглэсэн төслийн нээлтийн ажиллагааг албан ёсоор нийслэлийн зарим дүүргүүдэд эхлүүлээд байна.
Эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх орон, газар нутгаа хайрлан хамгаалах, ахмад үеэ хүндэтгэх, тэднээрээ бахархан, улс орныхоо төлөө байгуулсан гавьяа зүтгэлийг нь сурталчлан алдаршуулахыг Монгол Улсын Засгийн газраас төрийн бодлого болгон тодорхойлж, зохих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ирсэн уламжлал бий.
Эх оронч үзэл гэдэг нь хэн нэгэн хүн үндэс гарлаа өөрийн амь, бие шигээ хайрлах үзлийг хэлдэг. Харин эх оронч үзэл, хүмүүжлийг олгох, төлөвшүүлэх үйл явц нь урт удаан хугацааны нөр их ажил юм. Үндэс суурийг нь зөв тавьж, эх оронч үзэл, хандлагыг бий болгохын тулд яаж ажиллах нь илүү зохимжтой вэ гэдэг нь хамгийн чухал.
Батлан хамгаалах салбарын хувьд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад ажиллаж байгаад цэргийн тэтгэвэр тогтоолгосон ахмад настнуудыг нийгмийн идэвхтэй гишүүн байх нөхцөлийг бүрдүүлэн, тэдгээрт тулгуурлан эх орноо хайрлан хамгаалах, эх оронч үзэл, хүмүүжлийг түгээн дэлгэрүүлэх, гавьяа зүтгэлийг алдаршуулан сурталчлах, эх орныхоо хөгжил, цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулахад чиглэгдсэн “Бүтээн байгуулагч, нийгмийн идэвхтэй гишүүн иргэн байх”-ыг хүүхэд, залуучуудад тайлбарлан таниулах ахмад, залуу үеийн холбоог бэхжүүлэх, ур чадварыг хойч үеийнхэндээ өвлүүлэн эзэмшүүлэх нь төслийн гол зорилго гэж ойлгож болно.
Мөн энэ төсөл нь тэдгээр байгууллагын алба хаагчдын албан үүрэг гүйцэтгэлт, ажил хөдөлмөрт нь дэмжлэг үзүүлж, ажлын арга барил, туршлагаасаа заан зөвлөх, туслан дэмжих “Залгамж халаа” аянтай уялдах юм.
Иймд эх орон, тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх, соёл, ахмад үеэрээ бахархах, дээдлэн хүндэтгэх, газар нутаг, байгаль орчноо хайрлах итгэл үнэмшлийг төрүүлэх замаар улс орныхоо тогтвортой хөгжлийг хангаж, тусгаар тогтнолынхоо баталгааг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага чухал байна.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр ямар ач холбогдолтой вэ?
-Иргэд, хүүхэд, залуучуудын үзэл бодол, хүмүүжлийн үнэт зүйлс нь дэлхий дахины хандлага, нийгмийн өөрчлөлт, улс орны хөгжлийг даган үлэмж хэмжээгээр өөрчлөгдөж байгааг бид харж байна. Ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцооны үед аливаад ардчилсан зарчмаар хандах учиртай ч хүнтэй ажиллах, түүнийг хүмүүжүүлэх, соёлжуулах, зан чанарыг нь төлөвшүүлэх асуудлыг зөнд нь орхисноос эх оронч үзлийг төлөвшүүлэх ажлын эрч хүч суларсан.
“Бидний бахархал” төслийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ гэдгийг тодорхойлсон. Нэгдүгээрт, хүүхэд, залуучуудад эх орноо хайрлан хамгаалах, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүргийг ухааруулан ойлгуулж, эх орон, тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх, соёлоороо бахархах, дээдлэн хүндэтгэх, газар нутаг, байгаль орчноо хайрлах итгэл, үнэмшлийг төрүүлэх замаар улс орныхоо тогтвортой хөгжлийг хангаж, тусгаар тогтнолынхоо баталгааг нэмэгдүүлэх үндэс бүрдэх;
Хоёрдугаарт, Монгол Улсын язгуур эрх ашгийг бодлогын бүх түвшинд эн тэргүүнд тавих, монгол хүний хөгжил, эх оронч ухамсар, хандлага, монгол ахуй, өв соёл, зан заншлыг сурталчлах, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа эрчимжих суурь үндэс болох;
Гуравдугаарт, нутаг дэвсгэрийн онцлог, боломж, түүхэн уламжлалд тулгуурласан эх оронч үзлийг хүүхэд, залуучуудад төлөвшүүлж, хөгжүүлэх нэгдмэл тогтолцооны эрх зүйн орчин бүрдэх, “Эх оронч үзэл”-ийг төлөвшүүлэх тогтолцоог боловсронгуй болгох;
Дөрөвдүгээрт, ахмад үеэ хүндэтгэх, үлгэрлэн дуурайх, тэдний улс орныхоо төлөө байгуулсан гавьяа, хөдөлмөр, зүтгэлийг сурталчлан, хувь хүн бүрийн оролцоо улс орны хөгжилд ямар чухал болохыг ойлгуулах, төрөлх эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах сэтгэлгээ, төлөвшлийг олгох;
Тавдугаарт, Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх” үндэсний хөтөлбөрт тусгагдсан зарим зорилт, арга хэмжээнүүд биеллээ олж, энэхүү хөтөлбөр бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэх юм.
Төслийн хүрээнд ямар ажил, арга хэмжээг зохион байгуулах вэ?
-Энэхүү төслийн ерөнхий зохион байгуулагчаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, зохион байгуулагч болон дэмжин оролцогч байгууллагаар Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд, аймаг, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабууд, Монгол цэргийн музей, бусад төрийн болон төрийн бус байгууллагууд багтаж байгаа бөгөөд эдгээр байгууллагууд хамтран уг төслийг нэг жилийн хугацаанд улс орны хэмжээнд хэрэгжүүлнэ. Манай салбарын хувьд хэд хэдэн төрлийн ажил, арга хэмжээг зохион байгуулна.
Тухайлбал, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ойд зориулсан 95 ширхэг гэрэл зураг /40×60 хэмжээтэй/ бүхий үзэсгэлэнгээр үе үеийн Батлан хамгаалах яамнаас хэрэгжүүлж байсан бодлого улс орны бодлоготой хэрхэн уялдаж, офицер, ахлагч, цэрэг дайчид, ард иргэдэд эх оронч үзэл, хүмүүжил төлөвшлийг олгох үйл ажиллагаа хэрхэн зохион байгуулагдаж, үр дүнгээ үзүүлж байсныг харуулна.
“Тусгаар тогтнол-Эрх чөлөөний үнэ цэн” сэдэвт видео контентыг шинээр бүтээж толилуулах бол Батлан хамгаалах яамны 110 жилийн ой, Зэвсэгт хүчний 100 жилийн ойд зориулсан баримтат кино, шторк, танилцуулгыг дэлгэцээр сурталчлахаас гадна иргэд, залуучуудад цэргийн дүрэмт хувцас өмсүүлж гэрэл зураг авхуулах боломжийг бүрдүүлнэ.
Мөн “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн заалтыг хэрэгжүүлж, аймаг, орон нутагт төр, засгийн бодлогыг сурталчлах хүрээнд Монгол цэргийн музейн үзмэр, үзүүллэгүүдээр тусгайлсан үзэсгэлэн бэлтгэх, Монгол цэргийн баатарлаг түүхийг хүүхэд, залуучуудад “Музей нүүж явна” үйл ажиллагаагаар дамжуулан сурталчилна.
Түүнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцох эрх зүйн үндэс бүрдсэнээс эхлэн дэлхийн халуун цэгүүдэд монгол цэргүүдийн үүрэг гүйцэтгэсэн байдал, түүхэн дарааллыг цэргийн баг, ажиглагч болон штабын офицер, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хүчний командлагчийн орлогчийн хэмжээнд хүртэл оролцож ирсэн талаарх мэдээллийг олгоно.
Дээрхээс гадна “Тусгаар тогтнол-эх орон”, “Монгол эр хүн” сэдэвт лекцүүд уншигдаж, эх орны түүхийн бүхий л цаг үед Зэвсэгт хүчин эх орноо батлан хамгаалах үндсэн үүргээ амжилттай биелүүлэхийн зэрэгцээ улс орны бүтээн байгуулалтад оройлон оролцож байсан бахархам түүх, өнөөгийн Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн болон “Богдхан” төмөр замын бүтээн байгуулалт зэрэг Зэвсэгт хүчний сүүлийн жилүүдийн нөр их ажлыг гэрэл зураг, дүрс бичлэг, контентуудаар дамжуулан сурталчлан таниулахаас гадна бусад олон арга хэмжээг төлөвлөж байна.
Тус төсөл цаашид хэрхэн үргэлжлэх вэ?
-Төслийн ажил, арга хэмжээг энэ ондоо багтааж нийслэлийн бүх дүүрэг, 2023 онд нийт аймгуудын ЕБС-ийн ахлах ангиудын сурагч, их, дээд сургуулиуд, МСҮТ, техникийн коллежуудын оюутнуудыг хамруулан зохион байгуулна.
Дэслэгч Т.Идэр
Гэрэл зургийг Х.Ундармаа
Эх сурвалж: www.mod.gov.mn