Солонгосын түүхэн дэх хамгийн олон хүний амь насыг хохироосон үймээн самуун бямба гарагт болов. Хэллоуины баяр тэмдэглэж байсан олон мянган хүн уулын энгэрийн давчуу гудамж руу орж ирэхдээ уруу газарт нэг нэгнээ дарж унагсны улмаас энэхүү золгүй явдал болжээ. Итаевонд болсон золгүй явдлын талаар тэнд байсан хүмүүс ярьжээ. Тэдний хэлснээр нарийхан гудамжинд олон мянган хүн цугларсны улмаас эмх замбараагүй байдал үүсэж, нэг нэгнийгээ түлхэн унагаснаар үймээн самуун болсон гэнэ.
Итаевон дүүргийн “Хамилтон” зочид буудлын ойролцоох гудамжинд энэ хэрэг явдал болжээ. Одоогоор нийт 151 хүн, түүний дотор 19 гадаадын иргэн амиа алдаж, 82 хүн шархадсан гэж гал түймрийн албаныхан мэдээлсэн байна. Амиа алдагсдын тоо цаашид ч нэмэгдэх магадлалтай байгаа аж.
“Хүмүүс гудамж руу доошоо уруудах үед бие биеэ түлхэж, хашгиралдаж эхэлсэн. Улмаар хөл алдаж унасан хүмүүс олны хөлд гишгэгдэж эхэлсэн” гэж нэг гэрч твиттер хуудсандаа бичжээ. “Үймээн самуун эхлэх үед хүмүүс унаж байгааг анзааралгүй шахаж байсан болохоор би ч бас дарагдаж үхэх нь гэж бодсон” гэж нэг гэрч хэлжээ. 20 гаруй насны өөр нэг эмэгтэй Пак овогтой хэлэхдээ, хүмүүс богино хугацаанд жижиг гудамжинд бөөгнөрөх үед түгжрэл үүссэн гэж мэдэгджээ. “Над шиг намхан хүн амьсгалж ч чадахгүй байсан” гэж Пак хэлэв. Тэрбээр мөн “Би гудамжны хажуу талд байсан болохоор амьд үлдэж чадсан. Дунд хэсэгт байгаа хүмүүс хамгийн их бэртэж гэмтэж, амиа алдсан” гэжээ.
Нэрээ нууцалсан өөр нэг иргэний хэлснээр, Хэллоуины баярын хувцас өмссөн хүмүүс гудамжаар дүүрсэн тул аврах ажиллагаа удааширч, онцгой байдлын ажилтнууд гудамжинд ирэхэд хүндрэлтэй болсон байна. Хүмүүс хөл хөдөлгөөн ихтэй гудамжнаас зугтахыг оролдсон ч тэдэнд саад хориг тавьж байсан гэж ойролцоох баар цэнгээний газрын эздийг буруутгаж байна. Энэ талаар “Хүмүүс ойролцоох дэлгүүрүүд рүү зугтахыг оролдсон ч ажлын цаг дууссан тул тэд иргэдийг оруулаагүй. Ингээд гудамжинд хөөгдсөний улмаас хохирогчдын тоо илүү нэмэгдсэн” гэж нэрээ хэлэхийг хүсээгүй иргэн нотолжээ.