Монголбанкнаас 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд мэдээлэл хийж “Капитал” банкийг албадан татан буулгахаар болсноо мэдэгдсэн юм. Ингэснээр тус банкны тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай цуцалсан. “Капитал” банк манай улсын ууган арилжааны банкуудын нэг. Тухайн үед тус банк 60 салбар нэгж, 360 орчим мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэй, 5 газар, 4 хэлтэс, 11 алба нэгжтэй, 500.000 гаруй байнгын харилцагчтай байв. Тус банкны үйл ажиллагааг зогсоон, тус банканд эрх хүлээн авагч ажиллаад гурван жил гаруйн хугацаа өнгөрөөд байна.
“Капитал” банкны захирал асан А.Ариунболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эрх хүлээн авагч нар хангалтгүй ажилласан, хөрөнгийг үнэгүйдүүлсэн, зах зээлийн үнээс хямд худалдсан, цалин урамшуулал болгож өөрсдөө авсан асуудлууд бий. Тухайлбал, эрх хүлээн авагч нар 200 сая төгрөгийн урамшуулал авсан асуудлаар гомдол гаргасан. Эрх хүлээн авагч 10 гаруй хүн ажилладаг. Тэд тус бүр 200 сая төгрөгийн урамшуулал авахаар хоёр тэрбум төгрөг болж байна” хэмээжээ. Мөн эрх хүлээн авагчид сар бүр долоогоос 10 сая төгрөгийн цалин авдаг байна.
Эндээс харахад “Капитал” банкны дампуурлаас илүү эрх хүлээн авагчдынх нь тансаглал анхаарал татсан асуудал болоод буй ажээ.
ЭРХ ХҮЛЭЭН АВАГЧ БАНКНЫ ХӨРӨНГИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДЛЫГ ХАНГАХАД ШААРДЛАГАТАЙ БҮХ АРГА ХЭМЖЭЭГ АВАХ ҮҮРЭГТЭЙ
Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйл.
69.1.Банкны эрх хүлээн авагч дараах бүрэн эрхтэй:
69.1.1.банкны хөрөнгийг захиран зарцуулах;
69.1.2.банкийг төлөөлөх, удирдах;
69.1.3.банкны өр төлбөрийг хязгаарлах, шилжүүлэх, зогсоох;
69.1.4.зээл авах;
69.1.5.банкнаас байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээг цуцлах;
69.1.6.шаардлагатай ажилтан авах, чөлөөлөх;
69.1.7.банкны нэрийн өмнөөс гэрээ байгуулах;
69.1.8.банкны нэрийн өмнөөс Монголбанкнаас тогтоосон хэмжээг баримтлан төлбөр хийх.
Аливаа хадгаламж эзэмшигчид төлсөн төлбөр нь тухайн үед Монголбанкнаас тогтоосон нэг хадгаламж эзэмшигчид төлөх хязгаараас хэтрээгүй байна.
69.1.9.банкийг татан буулгах арга хэмжээний хүрээнд тухайн банктай холбогдох зарим үйл ажиллагааг үргэлжлүүлэх, зогсоох;
69.1.10.хадгаламжийн хүүгийн хувь хэмжээг тухайн үеийн хадгаламжийн хүүгийн доод хувь хэмжээнээс багагүй байхаар өөрчлөн тогтоох;
69.1.11.банкны хөрөнгө оруулалт хийхээр байгуулсан гэрээг цуцлах, зээлийн хүү, үйлчилгээний хөлсний хувь хэмжээ, хугацаанд өөрчлөлт оруулах;
69.1.12.банкны хадгаламж эзэмшигч, харилцагчид өгөх төлбөрөөс тухайн хадгаламж эзэмшигч, харилцагчдаас авах зээлийн төлбөрийг суутгах;
69.1.13.энэ хуулийн 56.7-д заасан үнэлгээг хийлгэх;
69.1.14.энэ хуулийн 35.8-д заасны дагуу банкны хувьцаа эзэмшигчдэд алдагдлыг хүлээлгэж, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувь нийлүүлсэн хөрөнгө, бусад сангаас хасалт хийж, санхүүгийн тайланд тусгах.
69.2. банкийг татан буулгах ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг Монголбанкинд хүргүүлж, Монголбанкнаас тогтоосон хугацаанд тайланг тогтмол ирүүлнэ.
69.3. банкны хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах үүрэгтэй.
69.4.Банкны эрх хүлээн авагч томилогдсон өдрөөс хойш 60 хоногийн дотор Монголбанкинд банкны санхүүгийн болон холбогдох бусад тайлан, хөрөнгийн бүртгэл, жагсаалтыг бэлтгэж хүргүүлнэ.
69.5.Хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан, бусад ажилтан, хөндлөнгийн аудиторын үйл ажиллагаанд эдийн засгийн гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрсэн бол банкны эрх хүлээн авагч Монголбанкинд нэн даруй мэдэгдэж, тухайн асуудлыг шалгуулж, шийдвэрлүүлэхээр хууль хяналтын холбогдох байгууллагад хандана.
69.6.Банкнаас хийгдсэн төлбөр, шилжүүлэг зарим этгээдийн эрх ашгийг бусдаас илүүд авч үзсэн байх шинжтэй бол банкны эрх хүлээн авах үйл ажиллагаа эхлэхээс өмнөх гурван сарын дотор хийгдсэн төлбөрийг, хэрэв төлбөр хүлээн авагч нь тухайн банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, ажилтан, тэдгээрт холбогдох этгээд байвал банкны эрхийг хүлээн авах үйл ажиллагаа эхлэхээс өмнөх 12 сарын дотор хийгдсэн бүх төлбөрийг доор дурдсанаас бусад тохиолдолд хүчингүйд тооцно:
69.6.1.Аливаа хадгаламж эзэмшигчид төлсөн төлбөр нь тухайн үед Монголбанкнаас тогтоосон нэг хадгаламж эзэмшигчид төлөх хязгаараас хэтрээгүй;
69.6.2.бусдад шилжүүлсэн хөрөнгө нь тухайн үеийн зах зээлийн үнээр төлөгдсөн;
69.6.3.банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, ажилтанд олгосон цалин хөлс нь тэдгээрт урьд олгож байсан цалин хөлсний ердийн хэмжээнээс хэтрээгүй шагнал, бусад тусгай нэмэгдэл үүнд хамаарахгүй;
69.6.4.залилах шинжтэйгээс бусад тохиолдолд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зорилгоор тусгай зориулалтын компанид хөрөнгө шилжүүлсэн.