Friday, November 22, 2024

Чөмөгтэй эр

Date:

Дарга сэтэртэнтэй уулзахад хэцүү. Хаанаасаа хаалгач гэж тухайн байгууллагын жижүүр оруулахгүй. Арай гэж цааш нэвтэртэл нарийн бичгийн дарга нь зам хөндлөн чагталчихна. Ингээд л өнөөх зорьж очсон даргынхаа үүдэнд хүлээлгийн суудал дээр эвшээлгээд суухаас өөр боломжгүй болно доо. Энэ нь манай улсын жишиг тогтолцоо. Дарга өрөөндөө хүнтэй байна уу эсвэл ганцаараа байна уу хамаагүй. Даргыг үүдэнд нь хүлээх л үүрэгтэй гэсэн ойлголт бидэнд бий болчихсон. Үнэндээ энэ тогтолцоог эвдэж сүйтгэх юм байхгүй. Нөгөө поп Д.Мөнх-Эрдэнэ шиг гар утсаа бичлэг дээр нь тавиад шууд л “ Өөе байна уу, хөгшөөн чи идэж ууж, цусалж ханаагүй юу “ эн тэр гэж орилж хашхирч л ордоггүй юм бол даргын үүдийг манахаас өөр  замгүй. Үнэндээ хүн бүр ийм л бодолтой.

За тэгээд хамгийн их хүнд суртал хаана вэ гэвэл. Дүүрэг. Тухайн дүүргийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргатай уулзана гэвэл ёстой худлаа. Уулзсан ч ажил бүтэх нь өдрийн од. Даргад арай гэж нэг юм бараалхааад авахаар дарга өмнөөс зовлонгоо тооччихно. Уг нь иргэн зовлонгоо тоочих гэж зорьж ирпэг юм шүү дээ. Ингээд нэг мэдэхэд даргыг ойлгоод бараг уйлах шахаад уяраад гарна. Хөөцөлдөж явсан ажил хөлийн гарз болоод үлдэнэ. Энэ мэт иргэддээ элэггүй удирдагч олон. Сонгууль дөхөх үед л гэнэт л хагалгаанд орж шинэ элэг солиулчихсан юм шиг ааш авир гаргаж наалинхайтана уу гэхээс биш бусад үед ёстой л бурантаггүй тэмээ шиг. Иймээс л иргэд автобусанд, айл саахалтаараа, архины ширээний ард төр засагаа буруутгаж, муу хэлж нэг юм сэтгэлийнхээ харыг дарж амьдарч яваа юм шүү дээ.

Ийнхүү олныг нурших шалтгаан нь саяхан хаалга нь дэлгээтэй нэг даргатай уулзлаа. Энэ хүн бол СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар. Ажил хэрэг ярьж өрөөнд нь жаахан суулаа. Мэдээж нэг дүүргийн жолоог мушгиж яваа хүний хувьд түүнд зав зай бага л байх. Гэхдээ цаг орчим  бидний яриаг сонсохдоо ямартай ч хаалга руу хялалзаж хөөж гаргах гэсэнгүй. Харин үүднийхээ шилэн дурангийн зүг харснаа нарийн бичигээ дуудаж “Хөөрхий нэг жаахан хүүхэдтэй хүн үүдэнд суугаад байх юм. Нааш нь оруулчих яасан юм бол” гэж хэлэхийг нь сонсоод амьдрал ойлгодог “чөмөгтэй эр“ юм даа гэж бодлоо. Өнөөх хүн зургаан настай хүүхэдээ дагуулж орж ирээд “ Хүүхдийн сургууль соёл бичиг баримт…гээд л баахан ярилаа. Манай Сонгинохайрхан дүүрэг ч бараг л Гул Ранжингийн нутаг шүү дээ. Хаягийн бүртгэлгүй айл өрх захаасаа аваад байгаа нь тодорхой. Б.Хуягбаатар дарга утсаараа хаа нэг тийш залгаж хүүхдийг нь сурч боловсрох тал дээр анхаарч өгөх талаарч ярьлаа. Ээж нь ч бөөн баяр гараад дэгдчихлээ. 

СХД-ийн 8-р хороо бол түүний сонгогдсон тойрог. Иргэдийнхээ итгэлээр хоёр ч удаа сонгогдсон хүн.  СХД-ийн хувьд сүүлийн найман жилийн хугацаанд ГЭРЭЛТҮҮЛЭГ, ЗАМ ТАЛБАЙ гээд шийдэж чадаагүй байсан асуудлуудаа шийдэж, дараагийн шатны ажлаа ярих хэмжээнд хүрсэн. Нэг үгээр хэлэх юм бол сүрхий нааштай яваа санагдана. Дүүргийн удирдлагын хийж буй ажил олны нүдэнд ил. Энэ нь ч бусдад тайлагнаад сүйд болоод байхгүй амар байх. Гэхдээ л ажлыг хийж чаддаг. Хэлсэн ярьснаа яаж ийгээд бүтээчихдэг хүн шиг санагдсаныг нуух юун. Дүүргийн ИТХ гэдэг цөөн ам бүлтэй цомхон аваад явчихдаг айл биш. Нэг үгээр хэлэх юм бол Дүүргийн иргэд бүхэл бүтнээрээ энэ айлын тоонон дуганцаг дотор багтана гэсэн үг. Энэ дүүрэг 43 хороотой. Нэг хорооных нь нэг айл манайх. Манайх гудамжиндаа найман айлтай. Ингээд цааш үржүүлээд явбал манай дүүрэг нийт 330 орчим мянган хүн амтай. Энэ хүн бүрийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах гол цөм нь Б.Хуягбаатарын удирдлага дор бий. Харин тэр яаж удирддаг вэ. Тушааж, загнаж, дарангуйлж, иргэдийг чилээж, хөөж, өөрийнхөө хар амийг бодож, мөнгө гуйвуулж, албан тушаалаараа аархаж, сагаж уу. Мэдээж манайхан хэн нэгэн даргыг муулахдаа мэргэшсэн хүмүүс. Тиймээс ингэж хардаж болно.

Үүнийг хөврүүлэгч өчүүхэн би бээр Б.Хуягбаатар гэдэг даргыг танихгүй. Түүнд тал засаж, зусардах ч шаардлага байхгүй. Гэхдээ ганц нэгхэн уулзахад Б.Хуягбаатар гэдэг хүн миний сэтгэлд үлдэж чадсан. Тэр бүү хэл СХД-ээ үлдээж чадсан. Үүд хаалга нь дэлгээтэй ИТХ-ын даргын өрөөг үүнээс өөрийг би мэдэхгүй. Иргэдийгээ сонсдог дарга ч олныг танихгүй. Энэ залуу эх орныхоо төлөө алтан амиа хайрлаагүй эцэг дээдсийнхээ алтан шарилыг хүндэтгэж Монгол Улсын хэмжээнд анх удаа “Нэргүй Баатрууд “ нэртэй яруу найргийн наадмийг санаачлан зохион байгуулж уламжлал болгон явуулж эхэлсэн. Үүний үр дүнд хэлмэгдэл гэж юу вэ, эх оронч гэж юу гэдгийг ард түмэн мэдэрээд зогсоогүй сүүлийн хоёр жилийн дотор зөвхөн хэлмэгдэгсэдийг хүндэтгэсэн 200 гаруй бүтээл төрсөн. Энэ залуу харанхуй дүүргийг гэрэлтэй болгож хашааны буланд хэвтэх гөлөгийг айдасгүй болгосон. Энэ залуу цайны сүүгүй хөгшинд сэтгэлийн сүү барьж орох сэтгэлтэй санагдсан. Энэ залуу цаг хугацааны суудалд шуналгүйгээр цантай цонхтой өвөлжих өвөгдөд очиж золгох хүн ёсны итгэлтэй санагдсан. Тэр ямар сургууль төгссөн нь бас ямар албан тушаалтай нь хамаагүй түүнд эр хүний чөмөг байгаа санагдсан. Тиймээс л би “Чөмөгтэй эр” гэж хэлээд байгаа юм. Манай дүүрэгт Б.Хуягбаатарын сэтгэлийг тал талаас нь зулгаах хүн олон бий. Бурууд хатуу зөвд зөөлөн чанар нь түүнийг зөв хүн болгож чаддаг. Хаалга үүд нь дэлгээтэй даргын өрөөний хатан босго илгэдэвч хаан тотгонд мэхийх монгол хүн чанар хүндлэлд оршсоор л…

Яруу найрагч В.Нэргүй

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...