БШУЯ, МХЕГ хамтран ЕБС, СӨБ-ийн байгууллагад ажиллаж байгаа багш нарын боловсролын баримт бичгийн шалгалт явуулсан талаар мэдээллээ. Зургаан сарын хугацаанд шалгалтыг явуулсаны үр дүнд 724 баримт бичиг зөрчилтэй болохыг тогтоосон байна. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Өнгөрсөн нэгдүгээр сард Архангай аймагт цэцэрлэгийн багш хүүхэд зодож гэмтээсэн хэрэг гарах үеэр уг багш болон цэцэрлэгийн удирдлагууд хуурамч дипломтой гэдэг мэдээлэл, гомдол гарах болсон. Үүнээс үүдэн БШУ-ны яамнаас мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран энэ оны гуравдугаар сараас эхлэн зургаан сарын турш шалгаж нягталсан.
Энэ асуудлыг шалгах үеэр үйл ажиллагааг нь зогсоох, шалгалтын ажлын хэсэгт ажиллаж байгаа хүмүүсийг дарамтлах, яаман дээр тусгай өрөөнд ажиллаж байсан ажлын хэсгийн компьютерын хард диск нь хоёр удаа алдагдсан. Одоогоор ЕБС, СӨБ-ийн багууллагад 51 мянган багш ажиллаж байгаагийн 12 мянга нь материалаа ирүүлээгүй. Дахин нягтлах шаардлагатай хоёр мянга орчим баримт бичиг байна. Шалгалтаар зөрчилтэйн тогтоогдсон 724 баримт бичгийг хуулийн багууллагад шилжүүлсэн.Гэмт хэргийн шинжтэй эсэхийг хуулийн байгууллага эцэслэх тогтооно” гэв
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дарга Б.Баасандорж “Гэмт хэрэгт холбогдсон ямар ч албан тушаалтныг эрүүгийн гэмт хэрэгт хяналт тавьж буй прокурорын шийдвэрээр шаардлагатай бол албан тушаалаас нь түдгэлзүүлдэг. Ийн хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдсэний дараагаар албан тушаалаас нь түдгэлзүүлэх хугацааг үргэлжлүүлэх эсэхийг нь шийддэг” хэмээн ярилаа. Шалгалтын дүнгээр 454 дипломын дугаар давхардсан /бусдын овог нэр, регистрийн дугаар, гарын үсэг, дугаар өөрчилсөн, тамга дардас скайнердсэн /гэх мэт зөрчил багтах аж.
Харин 139 бүртгэлд огт байхгүй дугаар бичиж хуурамчаар үйлдсэн, 109 өмнөх болон дараагийн шатны боловсролын баримт бичгийн зөрчил, 20 боловсролын байгууллага буюу сургуулийн буруутай үйлдлээс, Хоёр боловсролын удирдах дээд байгууллагын алдаа, бусад зэрэг зөрчил илэрчээ. Үүнээс үзэхэд манай улсад бага ангийн багш, цэцэрлэгийн багшийн эрэлт хэрэгцээ дутмаг байгааг олзуурхаж дээрх мэргэжлээр дипломын зөрчил үүсгэх нь түгээмэл болжээ. Тэр дундаа МУБИС-ийн дипломыг хуурамчаар үйлдэх тохиолдол их ажиглагдаж байгааг албаныхан онцоллоо.