Нью-Йорк хотын Мемориал Слоан Кеттеринг хорт хавдрын төвд хийсэн нэгэн клиникийн туршилтын дархлаа тогтоох эмчилгээнд хамрагдсан шулуун гэдэсний хорт хавдартай 14 өвчтөн бүгд эдгэсэн байна. Уг клиникийн туршилтад хамрагдсан өвчтөнүүд ховор мутаци бүхий (тохиролгүй засварын дутагдал, dMMR) шулуун гэдэсний ахисан түвшний хорт хавдартай байсан аж. Энэ нь хорт хавдрын эмчилгээний түүхэнд анх удаагийн тохиолдол боллоо хэмээн судлаачид хэлж байна. Судалгааны үр дүнг New England Journal of Medicine сэтгүүлд нийтэлжээ.
Уг клиникийн туршилтад хамрагдсан өвчтөнүүдийг GlaxoSmithKline-ийн бүтээсэн дархлалын эмчилгээний dostarlimab гэх эмээр эмчилжээ. Тэдний хорт хавдар нь оргүй алга болсон бөгөөд биеийн үзлэг, дурангийн шинжилгээ, PET сканнер, MRI шинжилгээгээр хорт хавдрын эс огт илрээгүй хэмээн судалгааны багийн мэргэжилтэн танилцуулсан байна.
Их Британийн The Times of England сонинд мэдээлсээр уг эмийн нэг тун нь ойролцоогоор 11 мянган ам.долларын үнэтэй бөгөөд 21 хоног тутамд нэг тунгаар зургаан сарын турш хэрэглэх хэрэгтэй юм байна.
Судалгааны багийнхан хэлэхдээ, Хүний биеийн дархлааны эсүүдэд “Хяналтын цэг” гэж нэрлэж болохоор хамгаалалтын тогтолцоо нь хэвийн эсүүд рүү довтлохоос урьдчилан сэргийлж байдаг. Харин хорт хавдрын эсүүд энэ хамгаалалтад нөлөөлж, дархлааны эсийг хааж, хавдар нуугдаж өсөх боломжийг олгодог. Бидний судалж буй шинэ арга нь дархлааны эмчилгээний нэг хэлбэр төдийгүй хорт хавдрын эсүүдийн “Намайг бүү ид” гэсэн дохиог хааж, дархлааны систем хорт эсүүдийг устгахад тусална. Засварын систем ажиллахгүй болох үед уурагт илүү их алдаа гарч, дархлааны систем тэдгээрийг мэдрэн хорт хавдрын эсийг устгах болно гэжээ.
Клиникийн туршилтад хамрагдсан бүх өвчтөнд хийсэн туршилт дууссанаас хойш 6-25 сар хүртэлх хугацаанд хорт хавдар дахих шинж тэмдэг илрээгүй бөгөөд хагалгаа, туяа болон хими эмчилгээний шаардлагагүй болсныг судалгааны баг нотолжээ. Эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн хэнд нь ч ямар нэгэн ноцтой сөрөг нөлөө гараагүй нь судалгааны бас нэгэн гайхалтай амжилт юм.
Судалгааны багийнхан хэлэхдээ, Клиникийн туршилтад хамрагдсан бүх өвчтөнд эм үйлчилж байсан нь үнэхээр гайхмаар юм гэжээ. Тэд энэ ганц дархлааны эмчилгээгээр онцгой нэг хорт хавдрыг эмчлэх аргыг “Дархлаагаар дарах” хэмээн нэрлэжээ. Дархлааны эмчилгээгээр мэс засал, хими эмчилгээ, цацраг туяаг орлуулан хорт хавдрыг эмчлэх боломжтой боллоо.
Шулуун гэдэсний хорт хавдрын мэс засал болон хими эмчилгээ нь үржил, бэлгийн эрүүл мэнд, давсаг болон гэдэсний үйл ажиллагааг алдагдуулж, хэвийн амьдралд нөлөөлдөг. Залуучууд шулуун гэдэсний хорт хавдраар өвдөх эрсдэл нэмэгдэж буй тул энэхүү шинэ арга нь ихээхэн ач холбогдолтой хэмээн судлаачид дүгнэж байна.
Уг туршилтыг одоо илүү өргөн судалгаатайгаар давтан хийх шаардлагатай байгаа бөгөөд энэ удаагийн туршилтад зөвхөн хавдрын ховор удамшлын шинж чанартай өвчтөнүүдийг хамруулжээ. Гэхдээ 100 хувь эдгэсэн гэдэг бол маш сайн эхлэл юм хэмээн тэд үзэж байна.