Tuesday, November 26, 2024

Долоон жил нутгаадаа тэмцсэн домогт ажнай Гал хүрэн

Date:

“Монгол морины гайхамшиг” баримтат нэвтрүүлгийн зураг авалт Монгол даяар дуулиан тарив. Моринд хайртай монголчуудын сэтгэлийг хөдөлгөсөн энэ үйл явдлын гол баатар нь Соёмбо хээр, Гал хүрэн хэмээх хоёр хүлэг сайхан ажнай байлаа. Соёмбо хээр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас Сүхбаатар аймгийн Уулбаян сум хүртэл, Гал хүрэн Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумаас Дорнод аймгийн Цагаан-Овоо сум хүртэл мянга гаруй километрийг туулан гүйж, босож тэнцсэн унаган нутаг, ижил олон сүрэгтээ нийлээд байна.

Өвөрхангайгаас гүйж ижил сүрэгтээ нийлсэн Гал хүрэн моринд Цагаан-Овоо сумынхан хүндэтгэл үзүүлж, сэтэрлэн тавьжээ. Хурдны удамт, хурц шандаст энэ морины түүх арваад жилийн өмнө баруун тийш зарагдсанаар эхэлжээ. Тодруулбал, 2015 онд Өвөрхангай аймгийн Уянга суманд Дорнодоос зарагдсан хоёр соёолон үрээ очсоны нэг нь Гал хүрэн байв. Гал хүрэн Уянга суманд очсоноосоо хойш гурав, дөрвөн эзний гар дамжин арилжаалагджээ. Ингээд 2019 онд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уяач Алтангэрэлийн Батжаргалд бэлгэнд иржээ.

Гал хүрэн өмнөх эздэдээ байхдаа сав л хийвэл зүүн зүг нутаг чиг рүүгээ гүйчихдэг тул наадамд тэр бүр уяж байгаагүй аж. Жилдээ хоёр, гурван удаа тийнхүү наран ургах зүг гүйдэг байсан энэ ажнайг А.Батжаргал уяач аваад ойр зуур унаж, гүү голдуутай адуундаа тавьж, нутагтаа дасгаж тогтоохыг хичээжээ. Гэвч Гал хүрэн зүүн тийш гүймтгий хэвээрээ. Идээшилж байгаад л гэнэт гүйчихнэ. Гол төлөв шөнөөр гүйнэ. Хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард Гал хүрэн нутгаадаа гүйжээ. Шөнө 00 цагийн үед өвс тавьж өгөхөд гэрийнхээ гадаа байсан адуу маргааш өглөө нь 70 гаруй километр газар гүйсэн байж. Нутгийн малчин таарч барьж аваагүй бол Гал хүрэн бүр хол цахилах байсан бизээ.

Гал хүрэн морь нутаг руугаа гүйхийн өмнө
Гал хүрэн морийг нутаг руу нь тавьж явуулахаар бариад байгаа нь

Ингээд зуны дэлгэр цагтай золгож. Өвөрхангайн Зүүнбаян-Улаанд өнгөрсөн өвөл өнтэй сайхан болж, мал онд тарган ч орж. Гал хүрэн морь тарга тэвээрэгтэй, тамир тэнхээ сайн байж, зуны ногоотой залгажээ. Зуны сар дөнгөж гараад байтал “Гайхамшигт монгол морь” баримтат киноны багийнхан А.Батжаргал уяачид санал тавьсан байна. Уг баримтат киноны багт Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” МСУХ-ны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн багтсан байж. А.Батжаргал уяач нутгийн хүний тавьсан саналыг хүлээж авснаар Гал хүрэн морийг Өвөрхангай аймгийн урд тал Хөдөө булан гэдэг газраас тавьж явуулсан байна.

Ийнхүү Гал хүрэн морь мянгаад километрийг туулан нутагтаа очиж, унаган сүрэгтээ нийлжээ. Гал хүрэн морины унаган нутаг бол алдарт дорнын талын умард сэжүүр, Хэрлэн мөрний хойт бие, Тосон, Хулстайн байгалийн үзэсгэлэнт, хялганат хээр тал. Долоон жилийн турш нутгаадаа тэмцэн, унаган нутаг, ундаалсан ус, ижил олон сүргээ мөрөөдсөн Гал хүрэн морь монгол адууны гайхамшгийг илтгэсэн өнөө цагийн амьд домог болж үлдэх бизээ.

Гал хүрэн, Соёмбо хээр ажнайд нутгаадаа гүйж буй нь
Унаган сүрэг, уугуул нутагтаа гүйж ирсэн Гал хүрэн морь
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын удирдлага, зон олон Гал хүрэн моринд хүндэтгэл үзүүлэв

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...