Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх Эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгооны явцын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдтой ярилцлаа.
-Засгийн газар, ЭМЯ-наас зохион байгуулж байгаа Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой Эрт илрүүлгийн явц ямархуу байгаа вэ?
-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт иргэдийнхээ эрүүл мэндэд чиглэсэн эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд тогтмол хамарддаг байдлыг хэвшүүлэх зорилт багтсан. Энэ арга хэмжээг зөвхөн энэ жил, ганц удаа хийгээд дуусахгүй жил бүр зохион байгуулна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан нийгмийн эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай 10 тусламж үйлчилгээнд өвчнийг эрт илрүүлж, оношлох асуудлыг тусгасан байдаг.
Хүн амын дунд зонхилон тохиолдох өвчлөлийг эрт илрүүлж, хожуу оношлогдохоос өмнө аль болох эрт илрүүлж, хугацаа алдахгүй эмчлэхийн тулд энэхүү үзлэг, шинжилгээ, оношилгооны ажлыг эхлүүлсэн бөгөөд цаашид жил бүр хийгдэх юм. Манай яамны зүгээс энэхүү ажлыг эхлэхийн өмнө бэлтгэл ажлыг хангах үүднээс хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, Эрүүл мэндийн сайдын албан даалгавар гаргаж бүх аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, анхан болон лавлагаа шатлалын эмнэлгүүдэд бэлтгэх ажлыг ханган чиглэл өгсөн. Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга нарт эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээг орон нутагт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах чиглэлийг хүргүүлж бэлтгэл ажлыг хангуулсан.
Эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журмыг шинэчлэн баталж, хэрэгжүүлж ажиллаж байна. Уг журмаар эрт илрүүлгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас сонгогдсон улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд мөн хийх боломжийг бүрдүүлсэн. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд ЭМДЕГ-тай гэрээлээд ажиллах боломж нээлттэй байгаа. Өнөөдрийн байдлаар эрт илрүүлэгт нийт 127,0 мянга гаруй иргэд хамрагдаад байна.
-Нийслэл, орон нутгийн Эрүүл мэндийн төвүүд иргэдээ үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг ямар зохион байгуулалтын дагуу хийж байгаа вэ?
-Эрүүл мэндийн сайдын баталсан А/139 тоот тушаалаар бүх шатны Эрүүл мэндийн байгууллагыг үүрэгжүүлж өгсөн. Тухайлбал, аймгийн Эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа агентлагууд, Анхан шатны эмнэлэг буюу сум, тосгон, өрхийн эмнэлгээс эхлээд нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн болон тусгай мэргэжлийн төвүүд ямар ажил хийж гүйцэтгэх, ямар үүрэгтэй ажиллах вэ гэдгийг ч энэ тушаалаар тодорхой болгосон. Жишээ нь, ЭМЯ-ны харьяа Эм, эмнэлгийн хяналт, зохицуулалтын газар гэхэд үзлэг, оношилгоо, шинжилгээнд шаардлагатай эм, урвалж, бодисын хангамж, нөөцийг зохицуулалтыг хариуцан ажиллах бол Эрүүл мэндийн хөгжлийн төв салбарын цахимжилт, статистик, тайлан тооцоог нэгтгэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зохион байгуулалт, эрт илрүүлэгийн тайланд дүн шинжилгээ хийх, цаашид хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах зэрэг ажлыг хариуцахаар журамласан төдийгүй Эрүүл мэндийн газруудын чиг, үүргийг ч тодорхой болгож өгсөн.
Орон нутагт эрт илрүүлгийг тухайн аймаг, дүүргийн өвчлөлийн онцлог, хүн амын тоо, нягтралаас хамаараад зохион байгуулалтаа бие даан хийх чиглэлийг өгсөн. Хэрвээ ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан үндсэн гэрээлэгч эмнэлгүүдийн ачаалал ихэсвэл тухайн эмнэлэг бусад эмнэлэгтэй гэрээ хийж тэднээр зарим шинжилгээ хийлгэх эрхийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 06 дугаар тогтоолоор зохицуулсан. Жишээлбэл, аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв сумынхаа эмнэлэгтэй гэрээ хийж ажиллаад, Өлзийт сумын эмнэлгийн хийж чадах шинжилгээг суманд нь хийлгэж, үлдсэн нарийн багажийн шинжилгээнүүдийг Бүсийн оношилгоо, шинжилгээний төв рүү шилжүүлэн авч хийж болно гэх зэрэг . Гэхдээ үзлэгийн санхүүжилт нь үндсэн гэрээлэгч болох Бүсийн оношилгоо, шинжилгээний төвд ирнэ. Эндээс аль аль шинжилгээг сумын эмнэлэг, алийг нь бусад төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг хийсэн байна вэ гэсэн бүртгэл, мэдээллийн дагуу санхүүжилт нь задраад шилжих юм. Энэ бол Эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгооны хүртээмжийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ юм.
–Эрт илрүүлэх арга хэмжээ иргэдийн анхаарлын төвд байна. Гэхдээ хэн, хэзээ, хаана очиж үзүүлэх вэ гэсэн асуулт, хүлээлт үүслээ. Иргэдийг ямар эмнэлгүүд ямар хуваарь, зохион байгуулалтын дагуу хүлээн авч үзлэг, шинжилгээ хийх вэ?
-Анхан шатны эмнэлэг буюу сум, тосгон, өрхийн Эрүүл мэндийн төвд 0-17 насны хүүхдүүдийн үзлэг шинжилгээ, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, лавлагаа шатлалын эмнэлгүүдэд насанд хүрэгчдийн үзлэг, шинжилгээ тус тус хийгдэж байна. Мөн энэ лавлагаа шатлалын эмнэлэгт хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагууд ч багтсан. Орон нутгийн Эрүүл мэндийн байгууллага бол хүн амын нягтрал, хүчин чадлаасаа хамаараад өөрсдөө зохион байгуулалтаа хийж байна. Нийслэлийн хувьд Өрхийн эмнэлгүүд хорооны оршин суугчдадаа хэзээ, хаана, аль эмнэлэгт очих үзүүлэх тухай мэдээллийг багтаасан урилга хүргүүлж байгаа. Урилга цахимаар, гар утасны мессежээр, и-мэйл хаягаар, утсаар ярьж хэлэх, гэрт нь цаасан хэлбэрээр хүргэх зэрэг олон аргыг хэрэглэж байна.
Ямар нэг зохион байгуулалтгүйгээр иргэд олноороо эмнэлэгт үзүүлэхээр очвол тухайн Эрүүл мэндийн байгууллагын ачаалал ихсэх, дараалал үүсэх, дагаад бухимдал нэмэгдэх магадлалтай иргэд урилгын дагуу заасан эмнэлэгт очих хэрэгтэй.
Мөн эмнэлгийн амбулаторийн үзлэг, эрт илрүүлэх арга хэмжээг зохион байгуулах Эрүүл мэндийг дэмжих төв хоёрыг тус тусад нь ажиллуулж байгаа. Иргэдийн хувьд урилгын дагуу товлосон цагт эмнэлэгт очсоноор үзлэг, шинжилгээ, оношилгоо жигд, иргэд болон эмнэлэгт ачаалал, дарамт, бухимдал үүсгэхгүй явагдана.
–Эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамрагдаж чадахгүй байх вий, хоцорчих вий гэсэн болгоомжлол тодорхой хүмүүст байхыг үгүйсгэхгүй. Ийм байр суурьтай хүмүүст дуулгах мэдээллийг өгөхгүй юү. Нөгөө талаар аймаг, дүүргийн Эрүүл мэндийг дэмжих төв дээр шинжилгээнд хамрагдаад дахин нарийвчилсан шинжилгээ өгөхөөр болсон хүмүүс яах вэ?
-Энэ жил ЭМД-ын санд Эрт илрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд 60.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Тиймээс мөнгө, хөрөнгөгүй болоод, арга хэмжээ зогсох вий гэж болгоомжлох шаардлагагүйг иргэддээ дуулгах нь зөв байх. Энэ бол ирэх жилийн тавдугаар сарын 1-нийг хүртэл хэрэгжээд, эхний дүн мэдээлэл, датагаа гаргаад, цаашид жил бүр үзлэг зохион байгуулах хэлбэрээр үргэлжилнэ. Энэ бол төрөөс иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих чиглэлээр зохион байгуулж байгаа урт хугацааны төлөвлөгөөт ажил гэж ойлгож болно.
Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ гэдэг нь өвчний шинж тэмдэг илрээгүй өөрийгөө харьцангуй эрүүл гэж боддог хүн аманд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх замаар өвчнийг эрт үед нь илрүүлэх, тухай иргэд байгаа өвчний эрсдэлт хүчин зүйл, амьдралын буруу дадал хэвшлийг тогтоож эмчлэх, зөвлөгөө өгөх арга хэмжээ гэж ойлгож болно. Эрт илрүүлгээр өвчний онош сэжиглэгдсэн, оношлогдсон бол үзлэг, шинжилгээ хийсэн эмнэлэг өвний оношийг баталгаажуулах, эмчлүүлэхээр дараагийн эмнэлэг илгээнэ. Цахим системд бүртгэгдсэн болохоор тухай хүний эрт илрүүлгээс гарсан дүнг харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төв бүрэн хяналтад авах боломж бүрдэнэ.
-Эрт илрүүлгийн ажил өмнө нь яригдаад зогссон санагдаж байна. Өмнөх үзлэгүүд яагаад урагшилж чадаагүй вэ, шалтгаан нь юу байв?
-Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны ажил энэ онд эхэлж байгаа юм биш. Эрүүл мэндийн сайдын 2018 оны 420 дугаар тушаалаар энэ ажил эхэлсэн. Гэхдээ үүнд “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал бас нөлөөлсөн. Олон удаагийн дараалсан хөл хорио, хязгаарлалтууд нь иргэдийн идэвхийг бууруулсан. Үүнээс гадна иргэд үзлэг, шинжилгээний тоо хязгаарлагдмал байна гэдэг асуудал тавиад төдийлөн хамрагдахгүй байсан. Тийм учраас Эрүүл мэндийн сайд 2022 оны гуравдугаар сарын 15-ны А/139 тоот тушаал гаргаж, Эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнийхээ журмыг нэлээд өөрчилсөн. Тухайлбал, өмнө нь байгаагүй 0-17 насны хүүхдүүдийн хоёр багцыг оруулж ирлээ. Зарим төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгооны нэр төрлийн тоог нэмэгдүүлж, зөвхөн хүүхдийн тухайд гэхэд бие бүх төрлийн эмнэл зүйн үзлэгүүд дээр нэмж сүрьеэ болон сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, амны хөндийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээг багтаагаад байна.
-Хүүхдийн багцын тухайд иргэд санал, өгүүлэмж гаргаж байх шиг байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юү?
-Хүүхдийн шинжилгээний тухайд манайхан ташаа ойлголттой яваад байх шиг байна. ЭМД-ын сангаас 150 мянган төгрөг шилжүүлсэн байж хэдхэн төрлийн үзлэг шинжилгээ хийж байна гэж. Хүүхдийн шинжилгээний санхүүжилт бол ЭМДС-аас тухайн сум, тосгон, өрхийн Эрүүл мэндийн төвд тогтмол олгодон нэг иргэнд суурилсан санхүүжилтээр зохицуулагдаж байгаа буюу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан 06 дугаар тогтоолд үнэ тавигдаагүй. Харин насанд хүрэгчдийн үзлэгүүд багц, багцаасаа хамаараад 60-150 мянган төгрөгийн санхүүжилттэй хэрэгжиж байна.
Тухайлбал, 0-17 насны хүүхдэд эмнэлзүйн бүх төрлийн үзлэгүүдээс гадна нүд, амны хөндийн эрхтний харааны эмгэгийн үзлэг, сэтгэцийн болон сүрьеэ өвчний эрсдэлийн үнэлгээ хийж, эмгэг өөрчлөлт илэрсэн тохиолдолд лавлагаа шатлалын эмнэлэгт хугацаа алдалгүй илгээнэ.
Монгол Улсад хүүхдийн шүд цоорох өвчний тархалт 96.2 хувьтай байгаа гэсэн судалгаа бий. Улсын дунджаар шүд цоорох өвчний тархалт 71.4 хувь, эмчилгээний хэрэгцээ 94.3 хувь байгаа нь амны хөндийн эрүүл мэнд нийгмийн тулгамдсан асуудал болсон гэсэн үг. Энэ бол хүүхэд өсвөр насныхны дунд элбэг тохиолдож байгаа өвчний нэг, бидний анхаарахгүй өнгөрч болохгүй өвчлөлд тооцогдож байгаа. Үүнээс гадна жил бүр дунджаар 400 хүүхэд шинээр сүрьеэгээр өвчилдөг болсон. Сүүлийн таван жилийн хугацаанд 2016 онд хамгийн их буюу 516 хүүхэд энэ өвчнөөр өвдсөн ч 2017 онд 424, 2018 онд 293 болж буурч, 2020 онд эргээд 397 болж дахин өссөн. Тийм учраас бид хүүхдийн сүрьеэ өвчнийг илрүүлэх ажлыг хийж байгаа.
Мөн өсвөр үеийнхний тулгамдсан асуудлын нэг болоод байгаа сэтгэцийн эрүүл мэндийг анхаарч, эрт илрүүлж, эмчлэхийн тулд бид үүнийг энэ удаагийн шинжилгээний багцад оруулаад байна. Бага насанд тохиолдсон сэтгэл зүйн гэмтэл тухайн хүүхдийг өсөж торних, нийгэмших, эрүүл аж төрөх үйл явцад саад учруулдаг учраас орхиж болохгүй. Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаагаар хүүхдүүдийн дийлэнх нь архи, тамхи анх удаа хэрэглэж үзсэн насаа 13-14 нас гэж тодорхойлсон нь мөн биднийг эмзэглүүлсэн юм. Тиймээс хүүхдийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ оношилгоонд хамруулснаар эрүүл мэндийн аливаа эрсдэлийг эрт үед нь илрүүлж, улмаар үр дүнтэй эмчилж, учирж болзошгүй хөгжлийн бэрхшээл, хүндрэлээс сэргийлэх чухал ач холбогдолтой.