Мод тарих сайн ч, зөв тарих нь чухалМод ургуулах сайхан ч, арчилж, хамгаалах нь чухал гэдгийг олон нийтэд ойлгуулах нь байгаль орчны салбарт ажиллаж байгаа бидний хамгийн чухал үүрэг бөгөөд ажил юм шүү. Тиймээс мод тарихад анхан шатны ойлголт болох модны суулгацаа зөв суулгах тухай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн зөвлөгөөг ойлгомжтой байдлаар тайлбарлахыг хичээж энэхүү мэдээллийг хуваалцаж байна.
Хашаандаа, цэцэрлэгт хүрээлэнд, хаана ч мод тарьсан хамгийн түрүүнд хөрс болон орчин нөхцөлөө сайтар судалж, уялдуулан тарих модоо сонгох нь зүйтэй. Түүний дараагаар төлөвлөлтийн зураг буюу мод тарих зургаа гаргана. Зургийн дагуу цэг хатгаж, нүхээ ухаж бэлдэн, модны суулгацаа суулгана.
Мод ургахад хамгийн чухал зүйлийн нэг усалгаа учир мод услах нөхцөл боломжоо тооцож мод тарих газраа сонгох нь чухал юм шүү гэдгийг сануулъя. Ингээд төв суурин газар хашлага, гоёл чимэглэлийн зориулалтаар хамгийн их таригддаг буталж ургадаг шар хуайс хэмээх модыг яаж зөв дарааллаар суулгах тухай дэлгэрэнгүй мэдээллийг зургийн хамт оруулж байна.
1. Төлөвлөлтийн зургийн дагуу хатгасан цэгт модны нүхийг ухна. Хүрээлэн жилд 5000-10 000 мод тарьдаг учраас зориулалтын техник ашиглаж модны нүхийг ухдаг. Модны нүхний радиусыг 60 см, гүнийг 60 см-ээр бэлдлээ. Аль аль хэмжээ 50 см байж бас болно гэж инженерүүд маань хэлсэн. Трактороор ухсан нүхээ хүрзээр шороог нь цэвэрлэж, стандарт хэмжээг бариулна.
2. Модны нүх хоорондын зайг 1,5 м-ээс 2 м-ийн хооронд байхаар тооцож бэлдсэн.
3. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд мод үрлэх үеэр үрийг нь түүж, хүлэмжид жил ургуулж байгаад, бортогонд бэлдсэн холимог хөрсөнд суулган 2-3 жил арчлан ургуулсан суулгацуудаа тарилтад гаргадаг. Бортоготой суулгац ургах магадлал өндөр, өвлөөс бусад аль ч улиралд тарьж болдог гээд олон давуу талтай. Нүхэнд хийхийн өмнө бортогын ёроолыг авч бэлдэнэ.
4. Модны суулгацаа суулгах холимог хөрсийг бэлдэнэ. Холимог хөрсөнд малын бууц, модны үрдэс зэргийг ижил хэмжээтэй хийж, хар шороотойгоо сайтар хольж бэлдэнэ. Бууц нь модонд бордоо болох бол, үрдэс нь хөрсний чийгийг барьж өгдөг.
5. Модны суулгацаа бэлдсэн нүхнийхээ яг голд тэгш хэмжээтэйгээр байршуулж өгөөд үлдсэн бортогын хэсгийг бүрэн гүйцэд урж авна.
6. Ингээд суулгацаа тойруулан холимог хөрсөө хийж, сайтар чигжиж хөрсөнд хагарал үүсэн үндсийг хатахаас сэргийлж нягтаршуулж өгөх хэрэгтэй.
7. Модны тогоог 10-15 см-ийн гүнтэй үлдээж, усалгаагаа хийхээр тооцно. Хэтэрхий гүн суулгасан, мөн тогоогүй суулгасан тохиолдолд мод арчилгаа, усалгаагаа авч чадахгүй хатах эрсдэлтэй.
8. Суулгасан модонд анхны усалгаа маш чухал. Тиймээс хувинтай усаа модныхоо үндэс болон тогоо руу огцом хүчтэй хийж болохгүй. Тогооны ирмэгийг нь дагуулан тойруулж, дүүртэл усална.
9. Ингээд ажил дуусахгүй шүү. Тарьсан модныхоо орчин тойрныг цэвэрлэнэ. Үлдсэн холимог хөрс болон шороо болон бортогыг авч цэвэрлэнэ. Мод тарьсан багаж хэрэгслээ хураана.
10. Модны үндэс тэлэн ургаж, газрын гүнээс өөрөө усаа авах чадвартай болтол буюу багадаа гурван жил тарьсан модоо арчилж, хамгаалж, дулааны улиралд тогтмол услах нь чухал билээ. Бид бүгд мод тарихыг хүсэж, зарим нь мод тарьж байгаа ч зөв тарих зөвлөгөөг авалгүй, дараах арчилгааг тооцолгүй суулгацыг хаана ч хамаагүй суулгаж байгаад ногоон байгууламж бүхий байгууллага удирдан ажилладаг хүнийхээ хувьд харамсаж байна. Тиймээс байгаль дэлхий, ирээдүй хойчдоо үлдээх эрүүл өв бүтээе гэж бодон мод тарьж байгаа бол мэргэжлийн болон мэргэшсэн хүмүүсээс зөвлөгөө, мэдээлэл авч модоо зөв суулгаж, сайн арчлан ургуулаарай гэж чин сэтгэлээсээ хичээнгүйлэн хүсэж байна.
БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ