У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод нэг жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулиар түүнд олгосон эрх үүргийнхээ дагуу монголчууддаа хандсан 10 том зорилтыг тодорхойлон гаргаж ирсэн. Энэ томоохон зорилго амбицыг монголчууд ч дуу нэгтэй дэмжиж байгаа нь нэгэнт монголчууд бидний хувьд түүхэн цаг нь болсон асуудал учраас тэр юм. Хөдлөх, хэрэгжүүлэх ёстой улс орны амин чухал, ахуй амьжиргаа, эдийн засгийн эрэлт хэрэгцээ учраас ийм өндөр хүсэмжлэл дэмжлэгийг авч байгаа хэрэг. У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн 10 том зорилт, ярьж хэлж буй санал санаачилга үг үйлдэл эх орны эрх ашигт яв цав нийцэж чадаж байгааг хэлэх хэрэгтэй. Үүнд ямар ч улс төр, хэсэг бүлгийн ашиг сонирхол, шингэсэн үг, үсэг алга.
Түүний Ерөнхийлөгчөөр сонгогдсон өнгөрсөн хугацаа үндэсний язгуур эрх ашиг болсон ЭВ НЭГДЭЛ-ийг бэхжүүлэх, ЭДИЙН ЗАСГИЙГ тэлэх, БАЙГАЛЬ ОРЧНЫГ хамгаалах, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ хангах, ЭРЧИМ ХҮЧ, ТҮЛШ ШАТАХУУНАА үйлдвэрлэх, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ нэмэгдүүлэх, ТЭЭВЭР, ЛОЖИСТИК, ДЭД БҮТЦЭЭ өргөтгөх гээд Монгол түмний амин чухал асуудлуудыг тодорхой хугацаа хэрэгжүүлэхээр зорьж байгаад оршино. Монгол Улс эдийн засгийн хувьд хэнээс ч хараат бус дангаар орших цаг ирлээ гэдгийг цаг үед нь тодорхойлон гаргаж ирсэн учраас төр засаг, ард түмнээрээ ёстой л эрвийх дэрвийхээрээ зүтгээд хүрэх ёстой Монгол түмний 10 том алхам.
У.ХҮРЭЛСҮХ: ХӨРСӨӨ АЛДАНА ГЭДЭГ ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАЖ БАЙГААТАЙ УТГА НЭГ
Нэг см хөрс үүсэхэд 200-250 жил шаардагдана. 1 га-аас 1 см зузаан хөрс хийсэхэд 180 кг N; 120 кг P2O5; 2640 кг K2O алдагдана. Эдгээрийг бордоонд шилжүүлбэл, 530 кг шивтрийн шүү279 кг давхар суперфосфат 4400 кг кг хлорт калиа бид га тус бүрээс алдаж байна гэсэн үг. Тэгвэл монголчууд бид алдарт шар шороон шуурганд жилд хэдэн арван тэрбум доллараар үнэлэгдэх хөрс, эрдэст бодисоо хийсгэж байна. Монгол Улс бол дэлхийн шороон шуурганы гол бүс нутаг. Энэ гамшигт шороон шуурга, цөлжилтийн хохирлыг бууруулах хамгийн зөв арга бол ой, ойн зурвас байгуулах. Ийм л учраас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний аюулгүй байдал хөрс хамгааллаас эхэлнэ гэж тодорхойлон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлүүлсэн. Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнс үйлдвэрлэгч, хүнсний ногоо экспортлогч орон болоход хамгийн гол амин сүнс бол хөрс. Тийм болохоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний аюулгүй байдал-Хүнсний хувьсгал” өрнүүлэх хөдөлгөөн бол салшгүй нягт холбоотой зорилт юм. Хөршөөсөө давс, ногоогоо царайчлахгүй амьдрах. Дотоодоо бүрэн хангаж гадаадад гаргах. Монголчуудын амбиц эрүүл эко хөрснөөс хамаарна. Шулуухан хэлэхэд хүнсээ хүнээс биш гэрээсээ. Эдийн засгаа хөршөөсөө бус өөрсдөөсөө хамаардаг Монгол Улсынхаа эдийн засгийн дангаар байдлаа хөдөлмөрөөрөө олж авах. Эдийн засгийн туурга тусгаар Монгол Улсаа тунхаглан зарлахыг л Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ухуулан уриалаад байгаа юм.
У.ХҮРЭЛСҮХ: МОНГОЛЧУУД БИДЭНД БОЛОМЖ БАЙНА
Монголчууд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед төмс, улаан буудайгаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж эхэлсэн. Мал сүргийн тоо толгой 70 саяд хүрсэн байдаг. 2020 онд хүнсний ногоо тариалдаг 804 аж ахуйн нэгж, 15949 иргэн 9805.0 га-д хүнсний ногоо тариалсан. Эдгээр хүнсний ногоо тариалсан аж ахуйн нэгжийн 41.3 хувь, иргэдийн 56.6 хувь нь шууд хөтөлбөрийн үр шимийг хүртсэнээр нийт 115,074.9 тонн хүнсний ногоо хурааж авсан байна. Энэ нь 2019 оноос тариалалт 1.4 мянган га-аар, 16.4 мянган тн-оор буюу тариалалт 16.5 хувиар, хураан авсан ургацын хэмжээ 16.6 хувиар тус тус нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарсан. Үүнээс онцлоход бид өмнөх жилүүдэд 80 гаруй га хүлэмжийн аж ахуй эрхэлж ирсэн бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед 104 га-д монголчууд хүлэмжийн аж ахуй эрхэлж 20 гаруй га-д өвлийн хүлэмжтэй болсон зэрэг бодит ахиц гарсан байдаг. Магадгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайдын албыг хашиж улс орны аж ахуйн ажлыг дөрвөн жил гардан хариуцаж байсны хувьд ахиц үр дүнг цаг хугацаагаар тооцож МОНГОЛЧУУД бидэнд боломж байна гэж үзэн ҮНДЭСНИЙ-10 том зорилтоо гарган дэвшүүлж буй хэрэг.
“ОДОО АЖЛАА ХИЙЦГЭЭ”
Тийм ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Хүнсний хувьсгалд уриалж хэлсэн үгийнхээ төгсгөлд төр засагт ч, түмэн олонд ч хандаж “Одоо ажлаа хийцгээ!!!” гэж сануулан хэллээ. Нялуунаас шулуухан нь дээр. Бидэнд улс төржиж, талцан хэрэлдэж, жагсаж тэмцэлдэж, намчирхаж налайж, назгайрч суух цаг хугацаа алга. Хатуухан хэлэхэд ажилгүй хүн амаа уралцана гэж үг байдаг. Өнөөдөр дэлхийн хүн амын өсөлт, улс орнуудын зөрчилдөөн, цар тахлаас шалтгаалсан хорио цээр, хил боомтын хязгаарлагдмал байдлаас болж улс гүрнүүд хүнсний хомстол өсөж, эрэлт хэрэгцээ хоног цагаар нэмэгдэж байна. Хөрш гүрнүүдийн хүнсний эрэлт хэрэгцээ байнга өсөж байгаа явдал нь монголчууд бидэнд алдаж үл болох алтан боломжийг олгож байгаа хэрэг. Бид байгалийн гамшиг, гэнэтийн аюул осол, гадаад орчны хүндрэл бэрхшээл, дотоодын элдэв тэмцэл зөрчилдөөнгүй. Газар нутгийн хангалттай нөөц боломжтой хүн ам сийрэг оршдог улс. Эрүүл хөрстэй энх амгалан, эв нэгдлээрээ энэ ертөнцийн олон арван улс гүрнээс давуу. Эцэст нь хэлэхэд эрүүл хөрсөнд газар дэлхий шимээ хайрлаж эв нэгдэлтэй энх амгалан улс оронд ажил хөдөлмөр өрнөж ахиц дэвшил ирдэг.
Нийтлэл: О.Түвшиндэмбэрэл