Монгол Улсын өнгөрсөн зууны түүхэнд тодоор бичигдэх сод хүмүүний нэг бол Сономбалжирын Буяннэмэх билээ. Тэрбээр зөвхөн зохиолч, бичгийн хүмүүн төдийгүй улс төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн байв. Тухайлбал, С.Буяннэмэх “Монголын үнэн” сонины анхны эрхлэгчээр ажиллаж байсан юм. Тиймээс Монголын хувьсгалт хэвлэлийг үндэслэгч, Монголын нийтлэл зүйд орчин үеийн уран нийтлэлийн төрөл зүйл, ялангуяа найруулал, тэмдэглэл хэмээх дүр дүрслэлт бичлэгийг үүсгэн хөгжүүлэгч мөн гэж үзэх бүрэн үндэстэй хэмээн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Т.Баасансүрэн судалгааны өгүүлэлдээ онцолжээ. С.Буяннэмэх уран бүтээлээрээ 1921 оны Ардын хувьсгалын дууч гэгдэх бүрэн эрхтэй бөгөөд шинэ Монголын шинэ цагийн жүжгийн зохиолыг үүсгэн хөгжүүлэгч, Монголын утга зохиол, сэтгүүл зүйн онол, шүүмж судлалыг үндэслэгч, БНМАУ-ын анхны сүлд дууг зохиогч, улсаасаа анх удаа уригдаж гадаадад ажилласан утга зохиолын мэргэжилтэн, утга зохиолын бүлгэмийг үүсгэн санаачлагч, удирдан зохион байгуулагч, уран сайхан улстөрийн зөвлөлийн анхны дарга, Улсын алдар гавьяат анхны уран зохиолч зэрэг олон олон анхдагчийн алдрыг зүй ёсоор хүртэх гавьяатай билээ.

Энэ жил төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Улсын алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ой тохиож буй юм. Уг ойн хүрээнд зохион байгуулж буй болон цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлынх нь талаар “Төгөлдөр Буяннэмэх” төрийн бус байгууллагын тэргүүн Л.Амаржаргалтай ярилцлаа.

-Их зохиолчийн нэрэмжит сан хэзээ байгуулагдсан бэ?

-“Төгөлдөр Буяннэмэх” төрийн бус байгууллагыг бид 2012 онд ах дүүсээрээ ярьж, зөвлөлдөж байгаад байгуулсан. Бидний хөгшин ээж бол С.Буяннэмэхийн төрсөн дүү нь юм. Тиймээс бид энэ их хүний үлдээсэн оюуны их өв, намтар түүхийг олон нийтэд түгээн сурталчлах, хүүхэд, залууст таниулах, судалгааны эргэлтэд оруулах шаардлагатай юм байна гэж үзсэн. Ингээд тухайн жилээ С.Баяннэмэхийн мэндэлсний 110 жилийн ойгоор бид Баянгол дүүрэгт Буяннэмэхийн номын өргөөг байгуулж байлаа.

-С.Буяннэмэх гуайн төрөл садангууд хэр олуул вэ?

-С.Буяннэмэх ах эхээс ганцаараа. Таван настай байхад нь ээж нь нас барсан. Аав нь мухар хуруу Сономбалжир гэж хүн байсан. Тэр хүн дахин эхнэр авч найман хүүхэдтэй болжээ. Долоон хүү, ганц охинтой айл байсан. Сономбалжир гуайн ганц охин нь бидний хөгшин ээж юм. Хөгшин ээж маань хүү, охин хоёр төрүүлсэн. Хоёр хүүхэд нь арав арван хүүхэдтэй. Хүү нь бидний аав Лувсандаш. Мөн С.Буяннэмэхийн хамгийн бага эрэгтэй дүү нь Сономбалжирын Гомбодорж гэж улсын сайн малчин, улсын аварга малчин, намын гишүүн мундаг хүн байсан. Тэр хүн бас арван хүүхэдтэй. Тэдний үр  хүүхдүүд нь өнөр олуулаа. Эдгээр ах дүүгээс бүрдсэн 70-аад хүн зөвлөлдөх уулзалт хийж “Төгөлдөр Буяннэмэх” төрийн бус байгууллагыг байгуулсан.  

-С.Буяннэмэх гуайн тухай хөгшчүүд тань хэр ярьдаг байсан бэ?

-Манай аав түүхийн багш байсан. Манай жаазанд Халтархүү ах, Цэвээнжав ах, Буяннэмэх ах эд нарын зураг байдаг байсан. Миний нагац ах маш алдартай хүн гэж аав минь бидэнд ярьдаг байв. Бид бага байсан болохоор тэрийг нь анзаардаггүй байж.

-Та сүүлийн жилүүдэд С.Буяннэмэх гуайн намтар түүх, уран бүтээлийг нэлээд судалж, цуглуулж байгаа гэсэн. Өнгөрсөн арван жилд чамгүй ажил хийсэн байх даа?

-С.Буяннэмэх бол Монголын шинэ үеийн уран зохиолын анхдагч, бүх төрөл зүйлээр бичсэн. Мөн төр, нийгмийн зүтгэлтэн хүн. 2017 онд бид 115 жилийн ойг нь тэмдэглэж, эрдэм шинжилгээний бага хурал хийсэн. С.Буяннэмэхийн намтар, уран бүтээлийг тодорхой хүрээнд судлаачид судлаад байдаг. Харин олон нийт, хүүхэд, залуучуудад хүрэх хүртээмж нь бага санагдсан. Тиймээс 2017 оноос хойш манай төрийг бус байгууллага идэвхтэй ажиллаж эхэлсэн. Үндэсний төв номын сан, Үндэсний төв архив, Тагнуулын ерөнхий газрын архивт орж холбогдох материулууд болон зохиол бүтээл, баримт сэлтийг нь үзэж судалсан. Бахархаж, баярлахын зэрэгцээ харамсаж харуусах, халаглах сэтгэл төрж байсан. Хорвоо дээр 35 насалсан хүн. 17 настайгаасаа эхэлж бичсэн гэхээр ердөө 18 жил л идэвхтэй бичиж туурвисан. Энэ хугацаанд ямар их юм хийж амжуулсан юм бэ гэж биширч, хайрласан. Өв, соёлоо ямар мундаг хүндэтгэдэг хүн байсан юм. Зарим жүжиг зохиолынх нь гар бичмэл байхгүй болчихоор нь дахиж сэргээж бичээд түүнийгээ Судар бичгийн хүрээлэнд хадгалуулсан байгаа юм. Ном, бичиг, соёлд яаж хандаж байсан нь эндээс харагдана. Ц.Дамдинсүрэн гуайгаас эхлээд Д.Цэвэгмид, Б.Содном, Д.Сэнгээ, Ц.Цэдэнжав, Дашгомбо, Лувсан-Очир, Цэрэн-Очир гээд бүгд С.Буяннэмэхийн байгуулсан бүлгэмийн хичээлээр дамжиж гарч ирсэн байдаг. Энэ хүний намтар түүх, бүтээлийн судалгааг ганц хоёрхон эрдэм шинжилгээний хурлаар хязгаарлаж ерөөсөө болохгүй юм байна гэж бодсон. С.Буяннэмэхийн зохиол бүтээл 25 жил таг дарагдсан. Нэг ч юмыг нь цухуйлгаагүй. Яагаад гэвэл эсэргүү учраас тэр. Тэгсэн мөртлөө 1950 он хүртэл түүний зохиосон “Монгол интернационал” дуу нь төрийн дуулал байсан шүү дээ.

-Энэ их хүмүүний мэндэлсний 120 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?

-Нэлээд ажил хийжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв гуайд байгаа материалаар есөн боть ном бүтээнэ. Энэ хамгийн том ажил болно. Санхүүжилтийнх нь асуудал одоохондоо шийдэгдээгүй байгаа. Цаг хугацаа яваад байдаг. Энэ жаахан сэтгэл санаа зовоож байгаа. С.Буяннэмэхийн нэрэмжит Засгийн газрын шагнал байдаггүй. Тийм учраас Засгийн газрын шагналтай болгох асуудлыг тавьж, Соёлын яаманд албан ёсоор хандаад, хоёр жилийн өмнөөс хөөцөлдөж байгаа. Энэ жил 120 жилийнх нь ойн хүрээнд шийдчих санаатай. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монголын зохиолчдын эвлэл гээд зохиол бүтээлтэй нь холбоотой бүх байгууллага дэмжээд албан бичиг хийж өгсөн.

Дараагийн ажил нь хавар, намрын номын баяраар С.Буяннэмэхийн нэрэмжит үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа. Үүнд зориулаад сүүлийн гурван жил гаруй хугацаанд С.Буяннэмэхийн тухай эрдэмтэд, зохиолчдын бичсэн бүхнийг цуглуулж байна. Ц.Дамдинсүрэн, Б.Содном, П.Цэвэгмид, Д.Цэдэв, Ц.Мөнх, Ц.Хасбаатар, А.Самбалхүндэв, Ч.Дагвадорж, Б.Өлзийсүрэн гээд утга зохиолын судлал, шүүмж, онол талын улс С.Буяннэмэхийн тухай маш их бичиж. Чойжилын Чимид гуай, Мөнгөний Чимид гуай, Суръяа гуай нар мөн их сайн бичсэн байдаг юм билээ. Жүжигчдээс Ардын жүжигчин Д.Ичинхорлоо, Гавьяат жүжигчин Ё.Шаравдоо гуай, хөгжимчдөөс Базаррагчаа гуай, Ишдулам гуай гээд тэр үеийнх нь хүмүүс их сайн бичсэн. Өвгөөдэй Дамдинсүрэн гуай ч бичсэн. Академич Ц.Дамдинсүрэн гуай маш олон удаа хэлж, бичиж байсан байдаг. Зохиолчдын гуравдугаар их хурал дээр хэлсэн үгэндээ хүртэл дурдаж байсан. Тэр үед С.Буяннэмэхийг тэгж хэлнэ гэдэг бол бараг л толгойтой нь ярих асуудал шүү. Тийм байхад л тэд бичиж, ярьж л байсан байгаа юм. Тэгэхээр бичихээс өөр аргагүй хүн байж.

Шинэ үеийн уран зохиолын эхлэлийг яах аргагүй тавьсан учраас тэр үеийн хүмүүс яахын аргагүй дурсаж бичихээс өөр аргагүй байж. Харин 1962 онд цагаадсанаас нь хойш намтар, уран бүтээлийг нь нэг хэсэг огт дурсалгүй орхисон.

-С.Буяннэмэхийн зохиолыг хүүхэд, залууст, олон нийтэд хүргэх гэж зорьж байгаа гэлээ. Саяхан “Төрөлх монгол хэл минь” монгол бичгийн уран бичлэгийн уралдааныг нэрэмжит болгож зохион байгууллаа. Энэ талаар дэлгэрүүлээч?

-1938, 1939 онд дунд сургуулийн хүүхдүүдэд уран зохиолын хичээл ороход багш нь орж ирээд тэддүгээр хуудсыг гарга гэдэг байж. Тухайн хуудсанд нь С.Буяннэмэхийн зураг нь өгүүллэг, шүлэгтэйгээ байдаг. Тэр хуудсыг нэг бол уруулдаг, эсвэл зурагных нь нүдийг сохло гэж заадаг байсан гэсэн. Энэ мэтээр уран бүтээл нь маш их хэлмэгдэж, дарагдсан.

Өнгөрсөн жил ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд С.Буяннэмэхийн “Алсыг зорьсон алтан загас” зохиолоор нь эсээ, зохион бичлэгийн уралдаан зохион байгуулсан.  Тэр уралдааны бүтээлүүдээр “Буяннэмэхийн голомтын дөл”  гэж ном хэвлэсэн. Сая ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд С.Буяннэмэхийн шүлэг, зохиолыг бичүүлж, уран бичлэгийн уралдаан зохион байгуулсан. Үүгээр цомог хийх санаатай. Хүүхдүүд маш мундаг сэтгэж, оюуны цараа, ур ухаанаа уралдуулж бичсэн. Мөн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, “Улаанбаатар” их сургуультай хамтран их, дээд сургуулийн оюутнуудын дунд С.Буяннэмэхийн бүтээлээр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан. Оюутнууд маш идэвхтэй оролцсон.

-Их зохиолчийн тухай баримтат кино хийх гэж байгаа гэсэн. Архивт дүрс нь үлдсэн байдаг болов уу?

-Өөрийнх нь дүрс байдаггүй. “Монгол хүү” кинонд байсан дүрсийг нь 1939 онд тайрчихсан байгаа юм. ОХУ-ын Санкт Петербургийн архивт “Монгол хүү” кино бүрэн эхээрээ байдаг гэсэн. Тийшээ чадвал хүн явуулах санаа байна. МАН-ын хоёр, гурав, дөрөвдүгээр Их, Бүгд хурлын бүгдийнх нь илтгэлийг С.Буяннэмэх бэлтгэсэн байгаа юм. Тэр бүү хэл хоёрдугаар Их хурлын илтгэлийг С.Буяннэмэх өөрөө тавьсан. Намын гуравдугаар Их хурал бол Индэрийн хурал гэж нэрлэгддэг нөгөө айхтар хурал. Тэгэхэд С.Буяннэмэх тэнд үг хэлсэн байгаа юм. 1923 онд Д.Сүхбаатарыг нас барахад С.Буяннэмэх МХЗЭ-ийг төлөөлж гашуудлын үг хэлсэн. Энэ мэт үйл явдлын дүрс олдож магадгүй гэдгийг судлаач Ч.Болд хэлж байгаа. Ч.Болд бол соёл, урлагийн салбарын арвин баялаг цуглуулгатай, олон ном бүтээл, үзэсгэлэн гаргасан туршлагатай судлаач.

-Дундговь аймгийнхан их зохиолчийнхоо ойг тэмдэглэхэд хэрхэн оролцож байна вэ?

-Энэ жил Дундговь аймгийн 80 жилийн ой болно. Аймгийн ойн өмнө СУИС-ийн Театр урлагийн сургуультай хамтраад эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, номын үзэсгэлэн гаргана. С.Буяннэмэх нийт 21 жүжгийн зохиол бичсэн хүн. Тэдгээр жүжгийн зохиолоос нь жижиг үзэгдлүүд тоглоно. Дундговь аймгийн дарга нар маш сайн дэмжиж байгаа. С.Буяннэмэхийн ойн хүрээнд хийх гурван том ажлыг дааж авсан.

-Бүтээлүүдээс нь олдоогүй, нийтийн хүртээл болоогүй зохиол байна уу?

-Маш олон зохиол байна. Хэвлэгдсэнээс нь дурдахад С.Буяннэмэх амьд сэрүүндээ 1921-1937 оны хооронд 18 бие даасан ном хэвлүүлсэн. Анхны ном нь Цэрэг ардыг сурган боловсруулах хэлтсээс хэвлэсэн “Чигч шударгыг шүүмжилсэн шүлэглэл оршвой” гэдэг нэртэй ном. “Ардын намын анхны шүлэглэл”-ээ бичээд Ц.Дамбадоржид орхиод хойшоо Эрхүүд Коминтернийн төлөөлөгчөөр явсан. Тэндээс ирээд 84 мөр, 14 хуудас шүлгийг дээрх номдоо оруулсан байдаг. Энэ номд “Уут уут мөнгөөр улсаа худалдса ноёдууд” гэдэг алдартай шүлэг нь багтсан. Энэ номын дараа Б.Ишдорж гуайтай хамтарч  “Ертөнцийн хувьсгал ардын  намын учир засаг төрийн гол учруудын товчилсон толь” гэдэг номыг 1922 онд гаргасан. Өөрийн бичсэн бүх дуу, шүлгийн дахин эмхэтгээд “Элдэв зүйлийн дуу шүлгийн дэвтэр” гэж  номыг мөн 1922 онд  хэвлүүлсэн. Энэ эмхэтгэлийн гар монгол бичмэл Үндэсний төв номын санд хадгалагдаж байгаа. 1924 онд “Сандо амбан буу ойрхи цагийн товч түүх” жүжгийн зохиолоо ном болгон хэвлэсэн. Энэ жүжгийн зохиол улаан даавуу хавтастай, утсаар үдсэн гар бичмэл нь Үндэсний төв номын сангийн хөмрөгт бий. Энэ жүжиг бол шинэ цагийн Монголын анхны жүжиг. Өөрөө найруулж, өөрөө зарим дүрд нь тоглосон байдаг. Мөн Б.Ишдоржтой хамтран “Францус улсын хувьсгалын түүх” номыг орчуулж 1924 онд хэвлэсэн. Тэгээд Хөх хотод хоёр жил ажиллаад буцаж ирээд 1926 онд “МХЗЭ-ийн түүхэнд холбогдох зүйлүүд” гэж номыг Цэцэнбилэгт гэдэг нууц  нэрээр хэвлүүлсэн. С.Буяннэмэх өөрөө МХЗЭ-ийн даргаар хоёр жил гаруй ажилласан учир шинэ тулгар байгууллагынхаа түүхийг нь бичээд ном болгочихсон байгаа юм. 24-хөн настай залуу шүү дээ. Ийм л алсын хараатай, хичээнгүй бичгийн хүн байж.

Өвөрмонголд хоёр жил ажиллаж ирээд “Дотоод Монголын зовлонт байдал” гэдэг номыг 1926 онд гаргасан. Урд ажиллахдаа Дотоод Монголын Ардын намыг байгуулалцаж, “Дотоод Монголын ардын сэтгүүл”-ийн найман дугаарыг эрхэлж гаргасан байдаг. С.Буяннэмэх 1927 онд Буриадын Эрдмийн хүрээлэнгийн урилгаар монгол хэлний багшаар очсон. Тэнд байхдаа тус Эрдмийн хүрээлэнгийн захиалгаар Монголын анхны хүүхдийн зохиолыг бичсэн байгаа юм. “Багачуудын баясгалант бичиг” гээд 12 зохиолтой ном бичсэн. Түүнийгээ Дээд-Үд хотын Эрдмийн хүрээлэнгийн архивт үлдээсэн байсныг 1965 онд Лувсанвандан гуай зочин эрдэмтнээр уригдаж нэг жил ажиллахдаа олж авчраад “Бор бор болжмор” нэртэйгээр 1967 онд хэвлүүлсэн.

1928  онд С.Буяннэмэх “Баатар хөвүүн Тэмүүжин” гэж жүжиг бичиж Цэцэнбилэгт нэрээр ном болгон хэвлүүлсэн. Өөрөө яг тэр үед Улаанбаатар хотын намын хорооны дарга, Цэнгэлдэх хүрээлэнгийн даргаар давхар ажиллаж байсан тул уг жүжгээ тайзнаа тавьж тоглуулсан юм билээ.

Мөн “Марал шарын жүжиг” гэж номыг 1928 онд, “Ардыг мэхлэгч шар хувалз” гэж жүжгийн номыг 1931 онд тус тус 1000 хувь хэвлэсэн. Оросын зохоиолч Булышевийн зохиолыг орчуулж “Дагва хэмээх өгүүллэг” гэж ном 1931 онд, “Шар үс хэмээх жүжиг” номыг 1934 онд хэвлүүлсэн байдаг. 1934 онд “Харанхуй засаг” жүжгээ ном болгон хэвлэсэн. Уг жүжиг бол 1933 онд болсон олон улсын театрын олимпиадад 26 орноос дэд байранд шалгарсан жүжиг. 1935 онд хэвлэсэн “Холбоо шүлгийн цоморлиг” номд нь 187 шүлэг зохиосноос 42 шүлэг холбоо нь багтсан. За тэгээд алдарт “Утга зохиолын зохиолын үүд” номоо 1935 онд бичсэн. Энэ ном ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн сан хөмрөт гар бичмэлээр хадгалагдаж байгаа. Үүнийг 1975 онд Д.Цэдэв гуай шинэ үсэгт хөрвүүлж хэвлүүлсэн. Хамгийн сүүлд 1936 онд буюу хэлмэгдэхээс нь жилийн өмнө “Малчин Товуудай” туужийг нь Мал тариалангийн яамнаас хэвлүүлсэн байдаг.

С.Буяннэмэхийн бичсэн 21 жүжгийг СУИС-ийн Театр урлагийн сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулахаар ярилцаж, тус сургуулиас эрхлэн хэвлэдэг “Дүрийн үүц” эмхэтгэлд есөн жүжгийг нь оруулахаар гэрээ байгуулаад байгаа.   Мөн С.Буяннэмэхийн маркийг гаргах талаар “Монгол шуудан” компанитай ярьж байгаа. Энэ жилдээ багтаад гарчих байх. Судлаач эрдэмтдэд зориулсан “Сономбалжирын Буяннэмэх” ном зүйн номыг гурван жил ноцолдож байж гаргасан.

Г.Сонинбаяр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу