Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Шагдарын Дулмааг “Монголын үнэн” сонины зочны хойморт урилаа.
Өнөр бүлд төрсөн хүний ганц
-Таныг Төв аймгийн Баян сум хуучнаар Авдарбаян сумын хүн гэдгийг мэднэ. Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуай та хоёр яах аргагүй нэг сумынхан, нэг гол усныхан биз. Баян сумынхан бол нүүж ирсэн баргууд байх аа?
-Тийм манай Баянгийнхан баргууд л даа. Манай Ш.Сүрэнжав бол барга дотор орж ирсэн халх байгаа юм. Авдарбаян сум тэр үед маш том сум байлаа. Газар нутаг нь их өргөн уудам. Одоогийн Баян, Сэргэлэн, Баянцагаан гэсэн гурван сумыг хамарч байсан. Би Баянгийнх гэж явдаг юм. Бас Сэргэлэнгийнх ч гэдэг.
-Та яг аль сумынх нь нутагт төрсөн юм бэ?
-Төрсөн газар маань яах аргагүй Сэргэлэн юм аа. Манайх Цээл шар бүрдний хойд талаар нутаглаж, Сэргэлэнгийн гол овооны урд талд Урт худаг гэдэг газар зусаж байхад би төрсөн гэдэг юм. Харин аав, ээжийн ах дүү нар бүгд одоогийнхоор бол Баян сумынх болж таардаг. Хуучны улс чинь малаа дагаад хол газар нүүдэллэдэг байсан болохоор тэр үеийн ганц сумын нутагт тогтохгүй шүү дээ. Тэр тусмаа манай баргууд бол маш урт хол нүүдэллэдэг байсан. Жинхэнэ нүүдэлчин шинж чанар энэ юм биз дээ. Баргууд эртнээс тэрэг хөсөг сайтай гэгддэг байсан юм билээ.
-Авдарбаянгийн баргууд Хөлөнбуйраас нааш нүүж ирсэн гэдэг. Тэр нүүдлийн талаар та хөгшдөөсөө сонсож байв уу?
-Дээр үед баргын нутагт хувьсгал болоод, дээрэм тонуул их гараад цагийн байдал хэцүү байсан юм гэдэг. Тэгээд л наашаа нүүцгээсэн юм билээ. Манай тэнд нэг мундаг хувилгаан лам байсан гэдэг юм. Тэр хувилгаан “За энд байгаад нэмэргүй боллоо. Ар Монгол руугаа л явцгаая” гэж хэлээд олон айл өрхийг толгойлж орж ирсэн гэнэ лээ. Тэр хувилгаан миний нэрийг өгсөн гэдэг. Түүхэнд тэмдэглэснээс харахад 1917 онд Өвөрмонголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгаас 200 гаруй өрхийн 1000 гаруй барга ястан нүүдэллэн ирж Богдын шавь болон тэр үеийн Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуунд нутаглан суурьшсан гэж бий.
-Та ямар овогтой вэ?
-Баргын гучид овгийн хүн. Чингис хааны дархалсан хэдхэн овгийн нэг шүү дээ.
-Та Шагдар гэж хүний өргөмөл ганц охин гэдэг. Төрүүлсэн, өсгөсөн аав, ээжийнхээ тухай хуучлаач?
-Миний төрсөн аав Дондогийн Зана, төрсөн ээж Мажигсүрэн гэж хүмүүс байсан даа. Бид аавыгаа Жаамбай гэж дууддаг байлаа. Аав минь багаасаа сүм хийдэд шавилан сууж маарамба болсон хүн. Их сайн эм барина. Ард түмэн жигтэйхэн хүндэлнэ. Одоо бодоход их ухаантай хүн байжээ. Гэр орноо, үр хүүхдүүдээ авч яваа байдал мундаг. Аав минь их номтой. Биднийг өвдөхөд нэг тун өгөөд л босгоод ирдэг байлаа. Манайх маш их баян айл байсан. Олон зарцтай. Хонь гэхэд л гурав, дөрвөн мянга, 10-20 азарга адуутай. Үхэр нь хотоор дүүрэн. Чулуутын голоор л дүүрэн үхэртэй байсан. Лав 300-гаад үхэртэй байсан байх. Гуч, дөчөөд тэмээтэй. Нүүлээ гэхэд 20-30 тэрэгтэй л нүүнэ шүү дээ. Хоёр гурван илүү гэртэй. Аавд өвдөж зовсон хүмүүс үзүүлэх гэж их ирнэ. Тэднийг илүү гэртээ оруулаад л судас барина. Ер нь хүний өвчнийг бараг хараад л мэднэ.
Манайхныг долоон үеийн баян, долоон үеийн сайхан хүмүүс төрдөг тийм удам гэдэг юм. Сонирхолтой нь долоон үедээ хэн нэгэн нь заавал 12 хүүхэд гаргадаг. Манай аав, өвөг эцэг Дондог гавшгай гээд дээшээ долоон үеийн хүмүүст нь бүгд 12 хүүхэдтэй байжээ. Тэр 12 хүүхэд дотор нь нэг сайн лам оточ, өнөөгийнхөөр бол нэг сайн улс төрийн зүтгэлтэн буюу төрийн хар хүн, нэг сайн бичиг үсэгтэй багш хүн, нэг сайн айл гэрийг авч явдаг аянчин жинчин хүн, бас нэг маш гоё хүүхэн ёс юм шиг төрдөг байсан гэдэг. Тийм сонин удмынхан байсан байгаа юм. Одоо миний зээ Сарнай эд нарт тэр удмын жаахан юм нялзаа юм биш үү гэж боддог. Мисс энэ тэр болоод л яваа. Манай аав надад хэлж байсан. “Уг нь миний хүүхдүүдээс 12 хүүхэд гаргах нь чи юм даа” гэж.
-Төрсөн аав, ээж тань хэдэн хүүхэдтэй айл байсан бэ?
-12 хүүхэдтэй. Би доороосоо хоёр дахь нь.
-Өнөр гэр бүлээс өргөгдсөн байх нь. Шагдар гэдэг хүнд яагаад өргөгдсөн юм бол оо?
-Өргөж авсан аав, ээж минь уг нь зургаан хүүхэдтэй өнөр өтгөн л айл байсан гэдэг. Аав Хятадын хар цэрэгтэй байлдаж яваад хоёр жил болоод ирэхэд эхнэр нь зургаан хүүхэдтэйгээ халуун хижиг өвчнөөр нас барчихсан, ганц лам ах нь л амьд үлдсэн байсан гэдэг. Тийм айхтар юм болжээ. Тэгж байгаад дахиад эхнэр авч л дээ. Гэтэл эхнэрээс нь хүүхэд гардаггүй гэнэ. Тэгээд л намайг өргөж авсан юм гэдэг. Би гэдэг амьтан эхээс төрөөд тун айхавтар “хэрэг” мандаажээ.
-Тэр нь юу вэ?
-Би долдугаар сард халуун зунаар төрсөн. Хонь жилийн зун гэдэг юм. Намайг төрүүлээд ээжийн минь хойдох нь цөглөдөггүй, эхэс нь гарахгүй гурав хоносон гэдэг. Бариач авчраад илүүлж, тойлуулаад нэмэр болсонгүй гэнэ. Аав минь ч өөрөө маарамба хүн арга чарга хийсэн л юм байгаа биз. Гэвч сайжирч өгдөггүй, тэр халуунд хэцүү л юм болсон байж таарна. Нөгөө муу улаан нялзрайгаа гэртээ оруулалгүй чингэлэгт нэг муу дээлийн хормойд ороогоод гурав хонуулсан гэж байгаа. Тэгээд Зана аав маань Шагдар гэж мал хуйгаа харуулдаг хүнийг дуудаад “Энэ хүүхдийг танайх авбал ав. Гэртээ оруулбал эхийнхээ толгойг залгичих гээд байна. Энэ манай хүүхэд биш байна аа. Чамайг авахгүй бол хүнд өгье. Очирынд өгнө” гэж л дээ. Чингэлэгт тэргэн дотор, эхийнхээ уургийг ч амлаагүй шахуу, сүүнд дүрсэн хөвөн үлгэсэн амьтан байж байдаг.
Хөөрхий муу өргөсөн аав, ээж хоёр минь зовлон ч үзэж, үрийн мөрөөс болсон байгаа биз. Аав ч “За багшаас асууж ирье” гэж гэнэ. Баргуудыг дагуулж нүүж ирсэн нөгөө мундаг хувилгаанаас асуухаар ах ламтайгаа хоёулаа хэдэн ч өртөө газар юм их л хол давхисан байгаа юм. Очоод учир явдлаа хэлж л дээ. “Манай садангийн олон хүүхэдтэй айл 11 дэх хүүхдээ өгье гэнэ. Уг нь голомт залгах эрэгтэй хүүхэд авъя гэж бодож байлаа. Гэтэл энэ охин хүүхдийг авах уу гээд байна. Авч болох уу, багш аа. Та нэг болгоож хайрла” гээд хадаг барьжээ.
Хувилгаан нэг их гоё модон хайрцагт шоогоо гурван удаа тасхийтэл орхиод “Энэ хүүхэд чинь эрэгтэй хүнээс нэг их доргүй л хүүхэд байна. Хүн болгоод авчихвал сайн. Хүн болгоход л хэцүү юм байна даа. Маш их өвдөж зовоох юм байна. Их уйланхай юм байна. Маш их орооно. Тэрийг нь өнгөрөөчихвөл та гурвыг өлхөн тэжээчихнэ” гэжээ. Хувилгаан багш бас энэ хүүхдэд ангийн мах идүүлж болохгүй, хөлстэй морьтой ирсэн хүнийг оруулж болохгүй гэх мэт их олон цээр, дом хэлж өгөөд “Дуугай наад хүүхдээ ав” гэсэн гэдэг юм. Би чинь их энхрий хүүхэд байсан юм шүү дээ. Одоо болтол тахиа, шувууны мах идэж чаддаггүй нь түүнтэй холбоотой. Багаас тэгээд сургачихсан.
-Хувилгаан багшаасаа асууж ирээд л таныг аваад ирсэн үү?
-Тийм. Тэгж асууж ирээд том нэхийгээр нэг сайхан өлгий хийж аваад намайг авах гээд очиж л дээ. Үд өнгөрч байж. “Хүүхдийг авъя. Багшаас асуулаа. Авч болно гэж байна” гэж. Хүүхэд хаана байна гэсэн чинь “Тэр дотор байгаа очоод ав” гэжээ. Тэгсэн дээлний тасархай хормойд өлгийдсөн жаахан юм мухлагт байж байсан гэнэ. Зана аавыг гарч ирж хүүхдээ ядаж үнсэх болов уу гэсэн гарч ирээгүй гэдэг юм. Тэгээд хүүхдээ аваачаад гал хөсөө түлж, нэхий өлгийндөө өлгийдөж аавын лам ах нь сан тавьж, гурвуулаа сүйд л болж. Ингээд л би Шагдар аавынхаа охин нь болсон гэдэг юм аа. Өргөсөн ээж маань Бүтэд гэдэг хүн байсан. Ёстой л бурхад байсан даа, аав, ээж хоёр минь.
-Шагдар аав, Зана аав хоёр тань хамаатан саднууд байсан хэрэг үү?
-Холын хамаатан юм гэдэг. Зана аавынх бол маш баян, олон малтай айл. Хөөрхий Шагдар аавынх минь бол ядуу айл байсан. Дээр нь аав минь үр хүүхдүүдээ, ханьтайгаа алдаж их зовсон. Тэгээд намайг өргөж аваад л юм юмтай болсон гэдэг юм. Аав, ээж хоёр минь лам ахтайгаа гурвуул цээж гэрт амьдардаг байсан чинь намайг өргөж аваад л тэр намар нь сайхан шинэ гэртэй болж, айл аймгийнхан, амьтан ах дүүс хүүхдэд чинь шөлний хонь өгье гэх мэтээр мал зүсэлж өгсөөр хөөрхөн хэдэн малтай болоод л дэгжиж дээшилсэн гэдэг.
-Лам багшийн хэлснээр таныг өргөөд авч. Эмзэг, ороомтгой нь үнэн байсан уу?
-Яг л хэлснээр нь болсон гэдэг юм. Гэрт нэг хүн ороод гарахаар л хөлсөөд уйлчихдаг. Шөнөжин халуураад орилчихдог. Их зовоодог байж өнөө хүүхэд нь. Тэр болгонд л аавын ах лам ном судар уншиж, элдэв долоон засал, арга чарга хийж байж арай гэж тогтоодог байсан байгаа юм. Аавын ах лам Ваанзий гэж том лам даа. Баргын дуганы ерөнхий унзад байсан хүн.
Намайг бүүр том болсон хойно хүртэл хүн орж ирэхээр аав, ээж хоёр орон дээрээ гар гээд гаргачихна. Хүн гартал хөшигнийхөө цаана л сууж байдаг. Хүн орж ирээд юм ярьж байгаад гараад явдаг байсан.
-Төрсөн аав, ээж, ах, дүүстэйгээ хэр холбоотой байсан бэ?
-Би төрсөн талдаа 12 хүүхдийн доороосоо хоёр дахь нь. Төрсөн, өргөсөн аав, ээж минь дандаа айл аймаг явсан. Аав минь “Хүний хүүхдийг төрсөн ах дүүгээс нь холдуулахгүй” гээд дандаа саахалт нутаглана. Зана аавынх маш олон үнээ саана. Манай ээж өөрийн арав таван үнээгээ саачихаад л төрсөн аавынх руу хувингаа бариад явна. Тэднийх олон үнээ саадаг болохоор тэгж очиж тусалдаг байлаа.
Зана аавын 11 хүүхэд төрсөн гэртээ. Тэд маань айл аймаг юм болохоор манайхаар байнга ирнэ. Ах, эгч, дүү нар тав зургуулаа бужигнаад л ороод ирдэг сэн. Манай ээж тэднийг ирэхээр нэг их том тогоонд жигтэйхэн сайхан гурилтай хоол эргэлдүүлээд л. Сүү сааль ч элбэг. Ах дүү нарыг орж ирэхээр манайхан бол хуймаа гэж нэрлэдэг халхаар бол шарвин гэдэг боов хайрч өгнө.
Миний төрсөн ээж олон хүүхэд гаргасан, савны хөөрөл болоод бие тааруу болчихсон тул дандаа хэвтэж байдаг хүн байсан. Ах, эгч, дүү нар маань манайхаар их бужигнана. Миний дараа төрсөн ээжээс минь гарсан ганц дүү Шагцгай гэж хүний их эмч байсан. Мэс заслын их сайн эмч байлаа. 560 гаруй хүнд мэс засал хийхэд нэг ч мэс засал нь хувилаагүй эдгэрсэн гэж байгаа юм.
Анх уншсан ном “Декамерон”
-Их багын нэг явдал миний ой тойнд хадагдаж үлдсэн. Намар л болж байсан юм уу даа. Манай хөдөө “Улаан гэр” гээд хоёр гурван майхантай хүмүүс явдаг байлаа. Суртлын бригад л юм даа. Жүжиг ший тоглоно, дуу хуур болно, ухуулга хийнэ. Нэг өдөр “Улаан гэр”-ийнхэн ирлээ гээд шуугиан болов. Манай ээж “Улаан гэр”-ийн энэ хэдэн хүн өлсөж, цангаж яваа биз гээд хайлмаг хайлаад, боорцогон дээр өрөм, ааруул тавиад том бааданд боож үүрүүлээд, тавагтай идээ, данхтай цай бариулаад намайг явуулдаг юм.
Би хэдтэй ч байсан юм бүү мэд. Муухан л санадаг юм. Барьж явсан юмаа арай унагаачихалгүй нэг юм тэдэнд дээр очсон. “Улаан гэр”-ийнхэн “Яасан хөөрхөн юм” гэж намайг өхөөрдөцгөөгөөд, сайхан тогооны өрөм, ааруул, боорцог идээд л. Тэдний дарга нь байсан уу, нэг хүн надад жижиг дөрвөлжин номон дээр хулсан үзэг тавиад өглөө. Тэр ном нь “Монгол үсгийн сурах бичиг” байсан. Би ч хүүхэд хойно жигтэйхэн баяртай данхаа санжигануулаад барьчихсан “Надад ийм юм өглөө” гэсээр гэртээ ирсэн. Аав их бэлгэшээж “Мундаг бичгийн хүн болох нь. Миний хүүд цагаан толгойг нь, бичих үзгийг нь өгчихөж. Одоо хүүгээ маргааш Хутрангаад аваачиж шавь оруулна аа” гэлээ. Маргааш нь аав намайг сундлаад нэг газар руу явлаа. Хутрангаа нь манайхны хүүхдүүдэд гэрээр ном заадаг байсан хүн. Аав бас нэг дэвтэр, хортой харандаа агентаас авсан юм. Тэгээд нөгөө айлд очтол нэг их сайхан улаан шаргал торгон дээлтэй настай хүн сууж байна. Ороод аав “Багш танд энэ хүүхдийг шавь оруулна” гэлээ. Надад нэг их урт хадаг бариулчихсан. Бараг хадгандаа торж унах шахаад л очлоо. Хутрангаа багш хадгийг маань авч намайг духан дээр үнсээд “За өнөөдрөөс хоёулаа хичээлээ хийнэ ээ” л гэж байна. Тэгээд дэвтэр дээр долоон эгшгийг гурван хуудасны эхэнд бичээд “Маргааш үүнийг дуустал бичээд, цээжлээд ирнэ шүү” гээд гаргалаа. Маргааш нь ирсэн чинь багш эгшиг үсгүүдийг дэс дараагаар нь асуухгүй, ү, о, а, ө гэх мэтээр сөөлжүүлж, ээлжилж, тус тусад нь асуугаад байна аа. Би зрительная память буюу харааны ой тогтоолт сайтай байсан. О нь тийм, Ө нь тийм байсан гээд андахгүй тогтоочихсон. Тэгээд түгдрэхгүй хэлээд байсан чинь “Энэ их сүрхий хүүхэд байна шүү. Энэ ном сурна аа” гээд тэр багш ч их баяртай байна.
Аавын агентаас авч өгсөн нөгөө айхтар хортой харандаагаар бичсэн чинь байхгүй ээ, ам хамар гэж авах юмгүй болсон. Багш маань долоон эгшиг зааж нүдлүүлээд дараа нь на, ма, ба гурван гийгүүлэгчийг эгшгээр амилуулаад мөн гурван хуудас бичээд ир гэсэн. Тэрийг нь дор тогтоогоод л. Тэгээд сайхан хуулна цээжилнэ. Тэднийг нь бүгдийг нь тогтоочихсон. Тэгсээр байтал Цагаан толгойн үсэг дуусахгүй яахав. Тэгээд үг холбоод явлаа. “Гүүний айраг сайхан”, “Монголын нутаг том”, “Малын шим арвин” гээд дандаа л хөдөөний амьдралтай холбоотой юм бичүүлнэ.
Багш их баяртай байна. Нэг өдөр “За хоёулаа жаахан том ном үзнэ ээ, өнөөдөр” гэнэ. Тэр нь “Манай сургууль” гэсэн ном байна. Багш “Үүнийг дэвтэр дээрээ бичээд ирээрэй” гэсэн. Яаж бичдэг билээ гээд эхлээд аргаа олдоггүй. Тэгж тэгж бичиж л байгаа юм л даа. Хэд хэдэн удаа тиймэрхүү юм бичээд ирэхээр овоо цэгцрээд сүүлдээ шуударчихдаг юм билээ. Их сайхан бичдэг болсон.
Багш аавд “Энэ хүүхэд юм сурахдаа их авьяастай хүүхэд байна. Танай энэ хүүхэд сүрхий шүү. Их айхтар хүүхэд байна. Номыг нь сайн үзүүлээрэй, сайн ном уншуулж байгаарай” л гэнэ. Гэрт ном байхгүй. Хөдөө угаасаа ном олддоггүй байлаа. Цагаан толгойг бүгдийг нь уншаад дуусчихсан. Аав хаагуур ч давхиж хайсан юм, хүүхдэд унших ном хэрэгтэй байна гэсэн юм байлгүй, нэг их том зузаан ном олоод ирлээ. Тэр нь “Декамерон”. “Декамерон” орчуулагдаад монгол бичиг дээр хэвлэгдчихсэн байсан. Тэгээд л өнөө “Декамерон”-оос чинь өдөрт 10 мөрийг уншаад цээжлээд ир гэнэ. 10 мөрийг нэг юм уншаад байгаа юм.
-Анх уншсан ном тань “Декамерон” байх нь…
-Юугаа унших вэ дээ. Сүүлдээ өнөөхийг чинь ойлгохгүй болж ирсэн. Багш ч “Үүнээс арай өөр ном олно оо. Энэ чинь гадаадын орчуулга, хэцүү ном. Хүүхдэд хүндэднэ” гэсэн. Аав дахиад л номын эрэлд гарсан. Хаанахын ч билээ гадаадын нэг ном олж ирдэг юм. Тэр нь өмнөхөөс арай гайгүй хөнгөн, ойлгомжтой ном байсан. Тийм хоёр гадаад номтой үзэж тарж байтал ашгүй нэг “Монголын цагаан толгой” гэсэн том ном гарч ирсэн. Тэр Цагаан толгойн ном “Манай сургууль”, “Малчны хот” гэх мэт овоо хэдэн үгтэй тексттэй. Үсгээ сурчихсан хүн чинь тийм бичвэрүүдийг нь дороо уншчихаж байгаа юм.
Тэр номыг их сайн уншлаа гээд манай багш урамтай байсан. Багш аавд “Одоо чи ажил удаж наад хүүхдээ наашаа зөөж хэрэггүй ээ. Сайн уншдаг болсон. Харин сайхан бичиж сургаарай” гээд явуулсан. Аавын авч өгдөг хортой харандааг дор нь дуусгаад шинийг авна. Хуруугаа норгож баллаж бичсээр байгаад л бичиг үсгийн дөртэй болсон. Хортой харандаа амаараа үмхсээр толгойгоор дүүрэн ногоон бал туурчихсан явдаг байсан. Хутрангаа багшаараа бас дөрвөн аргын тоо заалгасан. Ингээд гэрээрээ монгол бичиг, дөрвөн аргын тоо сурчихаад сургуульд орсон доо.
-Бага сургуульд ороод толгой өвдөөгүй биз?
-Сургуульд орсон чинь эхлээд монгол бичиг зааж байгаад дараа нь шинэ үсгийн багш ирж шинэ үсэг заасан.
-Хэдтэйдээ сургууль орсон бэ?
-Би найман настай нэгдүгээр ангид орсон. Тэр үед нэгдүгээр ангид арав гарсан хүүхдүүд ч ордог л байсан. Надтай цуг нэгдүгээр ангид том том хүүхдүүд орж ирж байсан. Нас ердөө хамаагүй байсан даа. Албаны хүмүүс, төлөөлөгчид хөдөө багаар явж сургуульд хүүхдээ өгөхийг шаардана. Арван дөрөв, арван тавтай хүүхдүүд ч нэгдүгээр ангид орж байсан.
-Шинэ үсэг сурах хэр хэцүү байв?
-Шинэ үсгийг дор нь сурсан. Амархан байсан. /Инээв/ Би бага сургуулиа төгсөөд Төв аймгийн төв дээр 5-р ангид орсон. Тэндээ 7-р ангиа төгсөөд их сургуулийн бэлтгэл ангид орсон.
-Долдугаар анги ий?
-Тийм. Тэр үед 7-р анги төгссөн хүүхдийг их сургуулийн бэлтгэл ангид оруулдаг байсан. Тэр бэлтгэл анги нь хөдөөнөөс очсон мань мэт байтугай хотын хүүхдэд ч хэцүү даваа байсан. Найм, ес, аравдугаар ангийн хичээлүүдийг нэгтгээд нэг жилд орчихдог гэсэн үг. Монгол хэл, уран зохиол, Монголын түүх гурваас бусад бүх хичээл нь орос хэл дээр орно. Албаар орос хэл сургаж байгаа юм. Математик, географ, байгалийн ухаан зэрэг хичээлүүдийн багш нар бүгд орос. Том том ном заагаад, тэдэн хуудас уншиж ир гээд даалгавар өгнө. Тэгээд 2-3 хоноод л асууж, шалгаж, журнал дээр дүн тавина. Орос хэл мэдэхгүй юм чинь би аргагүйн эрхэнд шууд сууж байгаад бүгдийг цээжилдэг байсан. Хэд хэдэн хуудсаар нь, номоор нь цээжилчихнэ. Цээж ч сайтай байж. Багш “За ярь” гэхээр нь цээжээр аваад хаяна. Жишээ нь Омын хуулийг ярь гэхэд “Закон Ом называется…” гээд л эхэлнэ шүү дээ. Дэвтэр дэвтрээр нь орос дээр цээжилнэ.
Зөвлөлтийн коммунист намын түүх гэж нэг мундаг хичээл байна. Тэрнийг дуржигнатал цээжилчихнэ. Тэгж яваад хагас жилийн дараанаас орос хэлийг муухан гадарладаг болоод ирсэн. Ярихдаа муу ч уншаад гадарладаг, тийм юмны тухай өгүүлж байна гээд ойлгоно. Сайн цээжилдэг байсан болохоор багш нар надад сайн. Цээжилдэг толгойныхоо ачаар л би их сургууль төгссөн дөө.
-Их сургуульд ороход тань аав, ээж тань дагаад хотод ирсэн үү?
-Муу аав, ээж хоёр маань ганц хүүхдээ эрдэмтэй, номтой хүн болгоно гээд намайг нэгдүгээр ангид бүртгүүлээд сум руу дагаж очсон. Тэгээд сумаас аймаг руу, аймгаасаа хот руу дагаж ирсэн дээ. Манай аав “Би улааны зар гаргахгүй эрхий хуруугаа дарж явсан хүн. Ганц хүүхдээ тийм болгохгүй. Энэ бүсгүй амьтан. Эрдэм номтой хүн болгоно” гээд сургуульд өгөхдөө дуртай байсан. Ингээд л намайг дагаад нүүсэн дээ.
-Бэлтгэлээ төгсөөд шууд нэгдүгээр курст орсон уу?
-Их сургуулийн бэлтгэл ангиа гайгүй сайн төгсөөд хэл бичиг, утга зохиолын нэгдүгээр ангид орсон. Утга зохиолын багш маань Чойжилын Чимид, монгол хэлний багш маань Өөлдийн Чимид, түүхийн багш Төртогтох нар байлаа. Монголын түүх, СССР-ийн түүх заана. Тэр үед Их сургууль оюутнуудаа суртлын бригадад явуулдаг байлаа. Хөдөө явуулж концерт тоглуулна. Дуулж, бүжиглэнэ. Би шүлэг л уншдаг байсан.
-Та хэзээнээс шүлэг бичиж эхэлсэн бэ?
-Гуравдугаар ангиасаа хүмүүсийн бичсэн шүлгийг их цээжилсэн. Сургуулийнхаа уран уншигч байлаа. Сургуулийн концертод шүлэг л уншина. Тэгээд 5-р ангиасаа өөрөө шүлэг бичиж эхэлсэн. Тэр үедийн шүлгийн сэдэв нь “Манай аав, ээж”, “Манай анги” гэх мэт хүрээнд эргэлдэнэ. Бас Октябрийн баяр гэж шүлэг их бичдэг байлаа.
-МУИС-д суралцаж байхад тань утга зохиолын дугуйлан ажиллаж байсан уу?
-Чойжилын Чимид багш биднийг оюутан байхад утга зохиолын дугуйлан удирддаг байсан. Ч.Чимид гуай ёстой эр хүн шиг эрвэлзэж, эмээлтэй морь шиг дэрвэлзэж явсан даа. Сайхан орос хүүхнүүд манай сургуульд олон байсан. Багш бол орос хүүхнүүдийг ганц моментод л эргүүлнэ. Чимид, Чимид гээд орос хүүхнүүд багшийг дагаад их гүйдэг, би ч тэдэнд их захиа зөөсөн дөө. Анагаахын орос хүүхнүүд олон. Багш 22,23-тай л байсан. Сургуулиа төгсөөгүй байхдаа бидэнд хичээл ордог байсан юм чинь. Орос сургууль төгссөн болохоор ямар мундаг орос хэлтэй гээч. Багш “За, чи үүнийг АУИС-ийн тэр курсийн тэрэнд аваачаад өг. Анагаахын хоёрын Гавриловад аваачаад өгөөд ир” гээд орос хүүхнүүдэд захиа өгүүлнэ. Би хичээл завсарлахыг нь хүлээж байгаад захиагаа гардуулж өгнө. Тийм л байсан.
-Та нэг үеийн найрагчидтайгаа яаж танилцсан бэ. Чимид гуайн дугуйланд уу?
-Би эхлээд их сургуулийн дугуйланд байсан. М.Ширчинсүрэн, Д.Мягмар бид байсан. Доржийн Гомбожав байсан. Тэр дугуйланг Ч.Чимид багш удирддаг байсан.
-Анхын ном тань хэдэн онд гарсан билээ?
-1960 хэдэн онд л гарсан. Редактор нь Долгорын Нямаа.
-Их сургуулиа төгсөөд МЗЭ-ийн дугуйланд цугларсан юм уу. Чойном, Бадарч, Пүрэвсүрэн гуай эд танай гэрт хувцсаа хадгалдаг байсан чинь хэзээ юм?
-Өө, бүр сүүлд. Би МУИС төгсөөд, дараа нь хойно Комсомол төгсөөд ирснээс хойш МХЗЭ-ийн Төв хороон дээр дугуйлан байгуулж, Б.Жамд бид хоёр удирддаг байсан. Тэгээд бид тэр дугуйландаа цуглардаг байсан чинь Явуу багш хойно төгсөж ирээд Зохиолчдын хороонд дээр дугуйлан байгуулсан. Тэгээд л бид Явуу багшийн дугуйланд ирсэн.
“Комсомол” Дулмаа
-Анхны хань тань их сайхан залуу байсан гэдэг?
-Анхны хань маань Багшийн сургуулийн оюутан хар нүдэн Дугар гэж сайхан залуу байсан. Төв аймгийн наадам дээр бид хоёр хамт очиж байсан. Тэгэхэд тэр наадам дээр түүнийг минь гүйцэх хархүү байхгүй л байсан юм даа. Тэгээд яах вэ, сайхан хүнийг хүүхнүүд их эргүүлнэ. Тэгээд бид хоёр тийшээ болсон. Би ч юм хэлээгүй, тэгээд л яваад өгсөн.
-“Хүүгийн эцэгт бичсэн захидал” шүлгээ тэр үед бичсэн үү?
-“Хүүгийн эцэгт бичсэн захидал” миний хувийн амьдралтай огт хамаагүй. Нийгмийн захиалгаар бичсэн юм. Нэлээд хожуу 1972 онд бичсэн. Баахан хүүхнүүд С.Удвал гуайд захиа бичсэн юм билээ. Харчууд амьдарч суугаад хүүхэдтэй болгоод хаяад явчих юм. Олон өнчин хүүхдүүд үлдэх юм. Энэ талаар эрэгтэйчүүдэд хандсан сайхан зохиол хэрэгтэй байна гэж л дээ. Ийм хүмүүст зориулсан зохиол бичээсэй гэсэн утгатай захиа л ирүүлдэг байж. С.Удвал гуай нэг өдөр намайг дуудаад “Чи хүүхдээ хаяад явдаг харчуулын тухай нэг юм хийнэ байгаа. Хүмүүсийн захиалга гэх үү дээ. Чамд боломж юу байна” гэж асуусан. С.Удвал гуай айхтар хүн шүү дээ. “За яах вэ, оролдоод үзье” л гээд гараад явсан. Надад бас говийн хүүхнүүд, Хөвсгөлийн нягтлан бодох хүүхэн, өөр хаанахын хаанахын билээ хүүхнүүдээс захиа ирнэ. Ийм сайхан хар хүнтэй байсан чинь ингээд хүүхдээ хаяад явчихсан. Та эрчүүдийг хүүхдээ өнчрүүлж орхиод явдгийг болиулах талаар сайхан бүтээл бичиж өгөөч гэсэн захиа ирнэ. Тэгээд нэг юм бичиж үзье гээд эхлээд хүүг гуравхан настай байгаагаар бичсэн юм. Тэрийгээ Явуу багшид үзүүлтэл “Гуравхан жил наад хүүхдийг чинь хүн болгох гэж тэр хүүхэн зовж базаагаагүй. Чи наад хүүхдээ 18 нас хүргээд үз. 18 жил энэ хүүхдийг хүмүүжүүлэх гэж чи нэлээд зүдэрсэн байж таарна. Овоо их юм үзсэн байж таарна” гэж зөвлөсөн. Тэгээд л Явуу багшийн хэлснээр зассан.
Өнөөдөр хүү чинь 18 нас хүрч
Өөртэй чинь адилхан ханхар эр боллоо гээд бичсэн дээ.
Тэр шүлэг “Цог” сэтгүүл дээр хэвлэгдсэн. Тэгсэн чинь “Цог” сэтгүүлийн тэр дугаар олдохоо байж, номын санд байсан сэтгүүлийн шүлэгтэй хуудсыг хүртэл бритваар зүсээд ураад авсан байсан гэдэг.
-Оюутан цагтаа гэр бүл болж, хүүхдүүдээ төрүүлээд, хажуугаар нь хичээл сургууль гээд түүртэж байсан уу?
-Түүртээд байсан юмгүй ээ. Ээж, аав хоёр минь хүүхдүүдийг минь өсгөсөн. Буурлууд минь буянтай сайхан улс байсан даа. Бурхан л гэсэн үг.
-Айлын ганц охин Их сургуулийн оюутан болоод ганган дэгжин л явсан байх даа?
-Би нэг муу цэмбэн дээлтэй л их сургуулиа төгссөн хүн шүү дээ. Хөдөөний хүүхэд юм чинь. Их сургуулийн 2-р курст байхад билүү дээ, нэг ёолконд орлоо. Өмсөх гутал байхгүй. Тэгээд дотоод үйлдвэрийн туфли авч өмсөөд ёолконд орсон юм. Тэгсэн чинь төгсөх курсийн оюутнууд, анагаахын хэдэн хүүхнүүд намайг хараад дотоод үйлдвэрийн туфлитэй ирэхдээ яах вэ гэж шоолоод. Би уйлаад гэртээ ирсэн. Тэгсэн манай Норжмоо эгч “Хэцэсс, ийм юманд юунд уйлж байдаг юм. Тэд өөрсдөө орос толгойтой юм уу. Дуугай л номоо давт. Чи өчнөөн л ёолконд орно. Гутал зэргийг сольж болно. Харин чамайг шоолсон хүмүүсийн толгойг солиход л хэцүү байх даа” гэж хэлж билээ. Айхтар хэлж байгаа юм шүү.
Оюутан байхад театрын хүүхнүүд ямар юм өмсөж вэ, яаж алхаж явна вэ гээд тэд нарын бүх юмыг харна шүү дээ. Тэгээд л дуурайна даа. Бид даанч тэдний өмссөн юмыг өмсөж чадахгүй л дээ. Тийм чадал байхгүй, оюутан хүүхдүүд юм чинь. Тэд чинь ихэвчлэн үйтэн хуар дээлтэй явна. Орос хувцас өмсвөл сайхан кавиртот өмсөнө. Их гоё хүүхнүүд ээ, ярих юм байхгүй. Яаж энэ хүүхнүүд шиг ийм болъё доо л гэж боддог байж билээ.
-Их сургуулиа төгсөөд хаана хуваарилагдав?
-Их сургууль төгсөөд МХЗЭ-ийн Төв хороонд хуваарилагдаж очлоо. Очоод хоёрхон сар болж байтал “Комсомолын сургуульд явна аа” гээд л намайг хойшоо явуулчихсан. Тэнд очсон чинь оюутнууд стипент гэж 60 рубль авч байхад Комсомолын сургуулийнхан 90 рубль авдаг байсан. Комсомолыг даргын сургууль гэж үздэг юм байна. Жирийн сургуулийнхантай харьцуулбал 30 рубль илүү гарна. Арвыг нь гэр рүүгээ явуулчихна. Арваар нь даавуу худалдаж аваад арвыг нь оёдолчинд өгөөд хувцас хийлгэж өмсдөг боллоо. Өөрийгөө гоёж гарсан даа. Төрөл арилжсан ганган амьтан болоод ирсэн.
Комсомол чинь ёстой хүнийг хүн болгож тавьдаг сургууль. Бүх юмыг зааж өгнө. Залуучуудад хөгжөөнт тоглоомыг нь хүртэл заана. Алчуур хаях гэх мэт хөгжөөнт тоглоомын 20-30 төрлийг заадаг байсан. Ёс суртахуун заана. Хоол идэх, хувцас өмсөх, хүнтэй харьцах соёл заана. Лектор хүн ямар байх ёстой вэ гэдэг хичээл ч орж байсан. Оросын мундаг докторуудаар хичээл заалгасан. Хүний толгойд юм хийх шиг л болдог сургууль байлаа.
-Комсомолын гурван жил гэдэг ч бас урт хугацаа шүү. Хүүхдүүдээ санана гэж жигтэйхэн биз?
-Тэгэлгүй яах вэ. За тэгээд хүүхдүүд маань ч овоо том болсон. Би ч Комсомолын сургуулиа төгсөөд ирсэн. Гэртээ ирээд хашааны хаалгаар ороод очсон чинь бургас унасан халтар нүүртэй жаахан банди гүйж явсан. Ааваас “Энэ хэний хүүхэд вэ?” гэсэн чинь “Солиороо юу, өөрийнхөө хүүхдийг танихгүй” гээд инээдэм болж билээ. Манай хэдийг аав аваад хөдөө гарчихдаг байсан. Тэр халтар жаал Ганхуяг маань байсан. Хөдөөнөөс дөнгөж ирээд байсан юм байна л даа. Найм, есөн сартай өлгийтэй хүүхдээ орхиод л хойшоо Комсомолд явсан хүн шүү дээ, би.
-Комсомол төгссөн хүн нам, эвлэлийн чухал хариуцлагатай ажилд томилогдсон уу?
-Ирсэн чинь хүмүүс намайг элдвээр матаад орон нутаг руу, Төв аймагт хуваарилуулчихсан. Ажлыг бол сайн хийдэг байлаа. Тэр үед толгой ч сайн байж. Дарга нар юу л гэж хэлнэ нэгд нэггүй тогтоож авна. Тэр нь онцлог байсан. Ажлаа сайн хийж байсан учир удалгүй МХЗЭ-ийн Төв хороонд эргэж ирсэн.
-МХЗЭ-ийн Төв хороонд хэдэн жил ажилласан бэ?
-МХЗЭ-ийн Төв хороонд 14 жил ажилласан. Тэгсэн чинь гэнэтхэн МАХН-ын Төв хороон дээр дуудаад л хойшоо сэтгүүлчийн сургуульд яв гэсэн. Тэгээд дахиад л ЗХУ-д Коммунист намын дээд сургуулийн сэтгүүлчийн ангид суралцсан. Зөвлөлтийн Бүгд найрамдах улсуудаас олон хүн ирж суралцдаг байсан. Ингээд хойно сэтгүүлчийн сургуульд явж ирээд “Үнэн” сонинд очсон. Уг нь эвлэлийн шугамаар явсан юм чинь эвлэлийнхээ л сонинд очих байх даа гэж бодож байсан. Ирчихээд хуваариа хүлээгээд л байсан. Намын төв хорооны боловсон хүчний нэг хүн чи хаана очих сонирхолтой байна гэж асуусан. Би залуучуудын сониндоо л очмоор байна гэлээ. Тэгээд л чимээгүй болчихсон. Тэгээд нэг өдөр дуудаад намын “Үнэн” сонинд ажиллахаар болсон л гэсэн. Ингээд л сурвалжлагчаар очсон.
-“Үнэн”сонины эрхлэгч нь хэн байв?
-Ц.Намсрай гуай “Үнэн” сонины эрхлэгч байсан. Би томилолтоо аваад л Ц.Намсрай гуай дээр очсон. Хойно сургууль төгсөөд ирсэн гэсэн чинь мэдэж байна аа. Төв хорооны боловсон хүчин юм болохоор тэд ярьсан байх л даа. “За, Соёлын хэлтэст утга зохиолын ажилтан болно. Ширээ сандлыг нь зааж өг” гээд л ажилдаа орсон. “Үнэн” сонины Соёлын хэлтсийн дарга нь Г.Жамсранжав гуай байлаа. Равдан, Чулуун, тэгээд дөрвөн зааварлагч байсан.
Соёлын хэлтэст ажиллаад хоёр гурав хонож байсан чинь хөдөө сурвалжилгаар яв гээд хөөчихдөг юм байна. Сэлэнгэ рүү явсан. Хотод зөндөө сурвалжилга хийнэ. Өдөр бүр тэнд тийм юм болох гэж байна тийшээ яв гээд л. Б.Равдан бид хоёр их гүйсэн дээ. Ингээд л “Үнэн” сонины ажилтан болж тэнд 21 жил ажилласан.
Сайхан хань, бурханы хишиг
-Таны амьдрал тэр чигтээ түүх юм. 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үеийг хүүхэд байхдаа даваад, дайны хүнд жилүүдийг туулсан. Социализмын он жилүүд, тэгээд ардчилсан хувьсгал гээд л.
-Дайны жил би хөдөө байсан. Дайны дараахь бичин жилийн зуд мөн хүнд байсан шүү. Аргал түлээ хүртэл олдохгүй.
-1939 оны Халхын голын дайныг та хэр мэдэх вэ?
-Манай аав Халхын голын дайнд 10 сайхан морио өгч байсныг санадаг юм. 20-иод морь аваачиж малиндуулаад зарим нь тэнцэхгүй үлдэж байв. Аав тэнцсэн морьдоо хөтлөөд л явж байсан юм даг. Би долоо, наймтай л байсан. Гурил олдохгүй. Олдвол хар гурил л иднэ. Хивэг шигшинэ. Өдөржин гараа цэврүүттэл шигшинэ. Тэгж байж жаахан гурил гаргаж авч байж орой нь бууз хийж иднэ. Би чинь айлын эрх хүүхэд. Бууз хийж л иднэ гээд туйлчихна шүү дээ.
Их л юм үзлээ хөөрхий. Хамгийн гол нь би амьдралдаа дандаа сайхан хүмүүсийн дунд, дандаа сайхан юм бодож, инээж хөхөрч, баярлаж цэнгэж, насан туршдаа тийм сайхан цэнэг дунд байлаа. Энэ л миний амьдралын хамгийн сайхан зүйл дээ. Яруу найрагч хүн гэдэг ямагт ард түмний хайран дээр байдаг. Өөрсдөө ард түмнийхээ төлөө юм хийдэг. Ард түмнийхээ хайран дээр оршин тогтнодог. Хүмүүсийн сайхан сэтгэл дээр амьдардаг. Мөнхийн сайн сайхан юм бодож, хүнд буруу санахгүй, хор хүргэхгүй, болж өгвөл бусдад тус хүргэхсэн, амьдралыг сайхан болгохсон гэж явдаг улс. Тэр сайхан юмаа бичиж хүмүүст хүргэснийхээ буянаар өдий наслаад, сайхан л амьдарч байна. Бүх юм ард хоцорсон байна. Одоо ач, зээ нараа хараад л баясаад, хөөрхөн хөөрхөн цоолтууран нүдтэй юмнууд урдуур хойгуур гүйгээд л… Амьдрал ч баян юм даа.
-Таны амьдралын хамгийн аз жаргалтай, баяртай үе хэзээ байв?
-Баяртай үе олон. Сургууль төгсөж байсан, үр хүүхэдтэй болсон гээд. Гэхдээ аавтай амьдарсан минь хамгийн аз жаргалтай үе. Өчнөөн сайхан л амьдарч байсан, хүнээс дутуугүй л явсан. Гэхдээ аавтай амьдарсан шиг жаргаагүй. Тэр сайхан хүний хайр, тэр сайхан халуун итгэл. Жинхэнэ хүнлэг. Жинхэнэ оюун ухаантай. Өөриймсөг. Дэндүү сайхан. Тийм сайхан эр хүнийг ааваас өөрийг мэдэхгүй.
-Үнэхээр сайхан хүн байлаа. Та хоёр бие биеэ аав, ээж гэж дууддаг. Бид оюутан байхдаа босгыг тань их л элээж, Ганболд ахынхаа гарын хоолыг идсэн дээ?
-Ээж нь их эрт, багад нь нас барсан, өнчин хүн байсан. Тиймээс ч тэр үү, бид хоёр бие биеэ эрхлүүлээд л ээж, аав гэнэ. Яруу найрагч хүнд таардаг эр хүн ховор. Ер нь олддоггүй юм шүү дээ. Яах вэ дээ л гэж сууна. Тэвчих л хэрэгтэй. Харин аав бол миний жинхэнэ амьдрал байсан. Тэр хүнтэй учрах гэж л амьдралын энэ олон нугачааг үзэж. Хамгийн мундаг хүн аав л байж, одоо бодоход. Бид хоёр үнэхээр их жаргасан. 21 жил л хамт амьдарсан юм шүү дээ. Тэгж жаргалтай амьдрах гэж байх уу. Тэр жаргал гэдэг гайхамшигтай.
Ямар сайхан хүн байгаа вэ. Ямар гээчийн бурханы бэлэг байсан юм бэ. Бид хоёрыг учруулсан нь бурханы маш том бэлэг байсан байх. Аав ч өөрөө ярьдаг байсан. Бид хоёр үнэхээр сайхан байна аа гэдэг байлаа.
-Талийгаач “Анхны хайрын дууль” киноны Дандий, “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо” киноны Гэлэг хошууч гээд л ард түмний зүрх сэтгэлд хоногшсон сайхан дүрүүд бүтээсэн дээ?
-Аав гоё ч залуу байсан. Кинонд хэдэн сайхан дүр бүтээсэн. Сайхан хүн чинь байгаагаараа л сайхан байдаг юм билээ л дээ.
–Та хоёр бие биеэ хэр эртнээс мэддэг байсан бэ?
-Намайг бүр эрт, хойшоо сургуульд явахаас өмнө харж байсан гэдэг. Бид нэг нутгийнх юм. Манай бага ангийн багшийн зээ хүү нь шүү дээ. Багшийнд намайг орж гарч явахад хараад л дурласан гэдэг юм. Тэгээд надтай танилцах гээд л ядаад байсан юм билээ.
-Та хоёрыг суухад олон нийтээс ч гэх үү шахалт байсан уу?
-Байгаагүй ээ. Намайг муу хэлээд, янз бүрээр ярьж л байсан. Тэгэхэд тоогоогүй. Чамтай л сууна гээд л орж ирээд суучихсан. Дахиад 10 жил амьдарсан бол мөн сайхан аа гэж боддог. Хорвоо жаргалдаа харам шүү. Нас өгөөгүй юм хөөрхий. Дөнгөж 60 хүрээд өнгөрсөн хөөрхий. Хэзээ ч өвчин ярьдаггүй байсан. Хөл нь жаахан хавагнаад судас нь томорчихсон байсан. Тэр чинь л айхтар юм билээ. Би яаж мэдэх вэ. Дараа нь харамсаад бардаггүй юм.
Хэчнээн өдөр билээ дээ, хорвоогийн хорьхон жилд үнэхээр жаргасан даа. Ааваас хойш ч ёстой шороо үмхдэг юм даа. Хэрвээ би хоёр гурван дээд сургууль төгсөөгүй, юм уншдаггүй байсан бол шууд доошоо навс унасан. Боловсрол, хүмүүжил, үзсэн харсан юм арга байхгүй хүнийг тогтоодог юм билээ. Тэрэн дээр л тогтсон.
-Их тайван, хүүхэд шиг гэнэн цагаахан хүн шүү?
-Хээ, ямар сайхан уужуу хүн гэж санана. Шавь нар ороод ирнэ. Баярлаад л, инээгээд угтана. Тэдэнд сайхан хоол хийгээд л бужигнана. Ах, дүү нар ороод ирнэ. Найз нөхөд хүрээд ирнэ. Баяр хөөр болоод л, хоол, цай хийгээд тавина. Миний шүлгүүдийг бүгдийг нь мэднэ, цэгцэлнэ. Энэ чинь тэнд байгаа, тэр чинь тэнд чемоданд шүү гээд л. Хувцас хунарыг маань хүртэл эмхэлж цэгцэлнэ. Хувцасны соёл өндөр. Найруулагчаар хойно хоёр жил сурч байсан. Найруулагч хүн гэдэг жүжигчний хувцас хунар, идэх хоол, ярих яриа, алхаа гишгээ бүх юмыг хардаг учир маш нарийн мэдрэмжтэй. Хөдөө явахад бүх юмаа нарийн бэлтгэнэ. Хөдөө бригадад очоод уулзалтад очно, тийм дээлээ аймгийн төвд, тийм дээлээ бригадын төвд өмсөнө шүү гээд л.
Хачин сайхан нарийн ногоотой хоол хийнэ. Жаахан юмаар маш сайхан хоол хийнэ, гоё тансаг ширээ засна. Гар нь арвин. Их арвин сэтгэлтэй хүн. Намайг хайр сэтгэлийн хувьд хамгийн жаргалтай сайхан байлгаж чадсан хүн. Тэр их хүнлэг сайхан сэтгэл, эр хүний хайр халамж, хүнийг халамжлах ухаан, тэр хүний надад өгсөн итгэл гайхамшигтай. Асар их эрсдэл туулж надтай суусан. Том итгэл хайр байсан учир л суусан даа.
Ямар сайхан сэтгэлтэй гэж бодно. Хүнд муу санана гэж байхгүй. Хүн бүхэн түүний хүн. Намайг хоол хийхээр ээж хамаг юм түлчихнэ, цаашаа цаашаа гээд л. Би аавыг байхгүйд хоол хийхээрээ хамаг тогоо, саваа шатаачихдаг. Тэгээд түүнийгээ нуучихдаг байсан юм. Хөгжилтэй.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин. Ярилцсан Г.Сонинбаяр