“Монсудар” хэвлэлийн газрын “Жангар” хүүхдийн номын редакцаас санаачлан “Монгол хүн” төслийг эхлүүлжээ. Уг төслийн хүрээнд монгол үндэстний бахархал болсон түүхэн хүмүүс болон эдүгээ цагийн нийгэм, улс төр, соёл, урлагийн алдартнуудын намтрыг өсвөр насны хүүхэд багачуудад зориулан зурагт ном хэлбэрээр хэвлэн гаргах юм байна. “Монгол хүн” цувралын эхний номууд их зохиолч Д.Нацагдорж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, уртын дуучин Н.Норовбанзад нарын тухай аж. Энэ талаар “Жангар” хүүхдийн номын редакцын зураач Б.Төрмөнхтэй ярилцлаа.
-“Монгол хүн” төсөл нээлтээ хийлээ. Эхний хоёр номын нэгнийх нь зохиолч, зураачаар та ажиллажээ. Суутнуудын намтрыг хүүхдэд зориулж бичих, тэр тусмаа зурагт ном болгох санаа хэрхэн төрөв?
-Би өмнө нь үлгэрүүдийг зохиомжилж найруулан бичиж байсан. Ганц нэг буддаг ном мэт активити бүүк, хайлтын ном зэргийн зохиолыг бичиж байсан юм. Тийм номууд дандаа гурав, дөрвөн настнуудад зориулагддаг. Харин сая анх удаа наймаас дээш настнуудад зориулсан номын зохиол бичиж үзлээ. Ийм номууд гаргах санааны хувьд бол эртнийх. Манай “Жангар” хүүхдийн номын редакц 2006 оноос өнөөдрийг хүртэл тогтвортой ажиллаж, Монголд хүүхдийн номын том редакциудын нэг болж чадсан. Бид жилд 60 орчим ном гаргадаг. Түүний 15-20 хувь нь бидний өөрсдийн үндсэн контент байдаг. Цаашид энэ тоог нэмэхээр төлөвлөөд ажиллаж байгаа. Тэр хүрээнд хоёр, гурван жилийн өмнөөс л ийм ном хийхээр ярьж эхэлсэн. Эхний хоёр номыг хоёр жил хэртэй хугацаанд бүтээлээ. Ингээд бид дөрөвдүгээр сарын 23 буюу Дэлхийн номын өдрөөр “Монгол хүн” төслийнхөө нээлтийг хийсэн. Энэ төслийг санаачилсны учир нь өнөөдөр өдөр тутам монгол хүний үнэлэмж маш их унаж байна. Хилийн чанадад ч монгол хүний үнэлэмж маш доогуур. Зурагт, радио, хэвлэл мэдээллээр, сошиалаар монгол хүний бүдүүлэг, муу муухай зан чанар ил тод харагдаж байна. Цаашид энэ чигээрээ байх юм бол хүүхэд багачууд маань монгол хүнд итгэдэг, монгол хүнээрээ бахархдаг болж өсөж чадахгүй. Хоёрдугаарт, дэлхийн улс үндэстэн болгон өөрийн үндэстний identity болсон оюун санааны том бүтээлүүдийг хийсэн хүмүүсийнхээ тухай ном гаргаж, тэднээрээ бахархаж, хойч үедээ үлгэр дууриал өгдөг. Ийм хэв маяг дэлхийд асар өндөр хөгжсөн. Гэтэл Монголд ганцхан Чингис хаанаас өөр бахархал байдаггүй юм шиг өнөөдрийг хүрсэн байна. Бид аль ч талаасаа харсан “Монгол хүн” төслийг заавал хийж, цувралаар олон ном гаргах ёстой юм байна гэж болсон. Ингээд эхний хоёр номоо гаргалаа.
-Цувралын эхний хоёр хүнийг хэрхэн сонгов?
-Бид он тооллын хувьд Чингис хаанаар, эсвэл Модун шаньюйгаар эхэлж болох байсан. Гэтэл өнөөдөр гэдэг маш чухал. Бид “Алсын хараа 2050” гээд хэт холын ирээдүй яриад, эсвэл түүх гэхээр 800 жилийн өмнөх рүү оччихдог хоёр том туйлтай. Одоо цаг, өнөөдөр гэдэг зүйл монгол хүнд яагаад хэрэгтэй юм, яагаад чухал юм. Өнөөдрийг авчрахад оюун санааны хувьд юу шийдвэрлэх хүчин зүйл болсон юм бэ гэдэг асуултуудыг нэлээд болсон.
Д.Нацагдорж бол өнгөрсөн XX зууны оюун санаан том оргил. Н.Норовбанзад гуай бол монгол өв соёлыг дэлхийд сурталчилсан алдартан.
Холливудын кинонд манай гэр хорооллын нэг гудамж л гарвал амжилт гэж Соёлын сайд нь ярьж байгаа энэ цаг үед Н.Норовбанзад гуай дэлхийд Монголынхоо гайхамшигт язгуур урлаг, өв соёлыг яаж хүргэж байсан бэ, Монголын дуу хоолой дэлхийн дэмжээнд хэрхэн цуурайтсан бэ гэдгийг хүүхэд багачууд мэддэг байх нь чухал.
-Номоо бичихийн тулд хэр судалгаа хийв?
-Цэцэрлэгт Д.Нацагдоржийн “Миний хэнз хурга” шүлгийг уншиж цээжилдэг. Харин яг хэнз хурга гэж юу вэ гэдэг талаар яриа болдог эсэхийг мэдэхгүй. Бараг болдоггүй байх. “Миний нутаг” шүлгийг нь дунд сургуульд цээжлээд, хуулан бичээд төгсдөг. Их, дээд сургуульд “Харанхуй хад”, “Хэлхээгүй сувд”-ыг нь ярьж, мэргэжлийн оюутнууд жаахан дүн шинжилгээ хийж дүн аваад л төгсдөг. Уг нь шүлэг цээжлэх нь чухал биш. Д.Нацагдорж гэдэг хүний намтар нь эх орондоо хэчнээн хайртай, ард түмнийхээ төлөө сэтгэл зүрхтэй, монгол хүний төлөө бодож байсан оюун санааны шим, охь нь учраас илүү чухал юм. Түүнийг харин яаж найман настай хүүхдүүдэд, сургуулийн бага, дyнд ангийн сурагчдад ойлгуулах вэ гэдгийг л их бодсон. Тиймээс нэлээд судалгаа хийсэн. Архивын баримт, материал, намтар, уран бүтээлийг нь судалсан судлаачдын судалгааны ажлуудыг уншсан. Ингэж уншихад нэг зөрүүтэй юм ажиглагдсан нь Д.Нацагдоржийн намтар судлалаар доктор болох, эрдэм шинжилгээний цол зэрэг цол авахад илүү анхаарсан юм болов уу гэж анзаарагдсан. Гэтэл энгийн хүмүүс ч гэсэн Д.Нацагдоржийн эх орноо гэсэн сэтгэл, хайр, түүний төлөөх манлайллыг мэдэх ёстой гэсэн бодол орж төрсөн. Тиймээс энэ номоо маш энгийн бичиж, зурахыг хичээсэн. Хэн ч уншиж болохоор ойлгомжтой байх ёстой. Заавал эрдэм шинжилгээ, судалгааны түвшинд байх албагүй юм байна даа гэж бодогдсон.
-Гар зургуудаа гэрэл зургаар чимж өгсөн нь өвөрмөц санагдлаа?
-Гэрэл зураг оруулсан нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, баримттай байх гэдэг үүднээс. Энэ зууны уран зохиолд баримтат зохиол, бодит түүхээс сэдэвлэсэн бүтээл жин дарах болсон. Тийм учраас хүүхдийн номд ч гэсэн гэрэл зураг орж, хүүхдүүдэд тэр нь танигдаж байгаасай гэдэг үүднээс гэрэл зургийг өөрийнхөө үндсэн бүтээлтэй холбож хийсэн. Мөн хүүхдүүдийн үзэж байгаа цахим орчны бичлэг, гадны номуудад иймэрхүү гэрэл зурагтай холилдсон коллаж маягийн ажиллагаанууд нэлээд харагдаж байгаа. Тиймэээс зургийнхаа хэв маягийн талаар бололцож хийсэн. Гуравдугаарт, өнөөдөр хүүхдийн номын зураг заавал хөөрхөн, гоё, бүлтгэр нүдтэй байх ёстой биш. Өнгөлөг байх ч албагүй. Юуг харуулах гэж байгаа, тухайн цаг үе нь ямар байсныг илэрхийлэх үүднээс би зургуудаа маш тодорхой гурав дөрөвхөн өнгөөр шийдсэн. Зургийн хувьд ийм онцлогтой. Зохиолын хувьд монгол хүүхдийн үгийн сангийн судалгааг 2016 онд МУИС-аас хийсэн. Хүүхдийн номын ордон хоёр жил тутамд хүүхдийн үгийн сангийн судалгааг хийдэг. Би өгүүлбэр, үг зүй талаас нь үгийн сангийн судалгаан дээр нэлээд тулгуурлаж зохиолоо бичсэн. Найман настай хүүхэд Д.Нацагдоржийн намтрыг уншаад ойлгож байх ёстой. Зайлшгүй нэмэлт тайлбар шаардлагатай үг, нэр томъёоны тайлбар зүүлтийг номынхоо ард оруулсан.
-“Монгол хүн” цуврал цааш ямар хүмүүсийн намтраар үргэлжлэх вэ?
-Одоо Өндөр гэгээн Занабазарын намтар ном хийгдэж байна. Цаашид улстөрч С.Зориг, дархан аварга Х.Баянмөнх гэх мэтээр үргэлжлээд явна. Цувралын номуудаа бид дугаарлаагүй. Заавал 100 гэх мэт тооны хязгаар тавихгүй. Энэ ард түмэнд цаг ямагт алдартай хүмүүс төрсөөр байгаа учир бид тоонд ач холбогдол өгөхгүй байгаа. Энэ жил манай “Жангар” редакцаас монгол хүмүүсийнхээ тухай нэлээд ярья гэж төлөвлөж байгаа. “Норовбанзад” сантай хамтарч уулзалт зохион байгуулах гэх мэтээр. Мөн Д.Нацагдоржийн тухай моно драм тавихаар бэлтгэл ажилдаа ороод явж байна.
Г.Санчир