Sunday, November 24, 2024

“Бай”-гаа оноогүй улс төр байгаа газартаа л үлдэнэ

Date:

-Залуусын шаардлага “Ажлаа хий”, сошиалын турхиралт “Огцор”-

Хаврын улс төр Монголд хаврын чуулгантай хамт эхэлдэг. Энэ хавар ч тогтсон жишгээсээ гажсангүй. Гэхдээ онцлох хэд хэдэн зүйл ажиглагдав. Юуны өмнө сөрөг хүчин Ардчилсан нам ноднин хаврынх шигээ хоёр хуваагдсан хэвээрээ. Бахь байдгаараа. Шинэ юм нь гэвэл нэг Ардчилсан намынх нь даргаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга тодорчихоод байгаа. Нөгөө Ардчилсан намынх нь даргаар С.Эрдэнэ эргээд ирчихсэн. Өөрөөр хэлбэл Ардчилсан намын хөгшчүүд залуустаа байр сууриа тавьж өгөхийг хүсэхгүй байгаа нь харагдав. Ардчилсан намын даргаар хоёр талд зэрэг зэрэг сонгогдоод байсан залуус үнэн хэрэгтээ ах нарыгаа талцан зодолдох үед түр зуур цүнхийг нь барьж зогссон бацаанууд төдий л байсан ажээ. Ах нар нь одоо “эргэн ирэлт” хийчихсэн. Эргээд заамдалцчихсан. Ийм нөхцөлд энэ хавар сөрөг хүчний дуу хоолой байтугай амьсгаа нь ч сонсогдохгүй байх нь аргагүй.

Гэтэл залуус хүчтэй сөрөг хүчин гэдгээ тодоор зарлав. Хэний ч төсөөлж байгаагүй олуулаа Сүхбаатарын талбайд тайван жагсаал цуглаан зохион байгуулахаар гарч ирлээ. Шинэ үеийн залуус Ардчилсан нам ажлаа хийхгүй байгаад бухимдсан ч гэж болохоор. Тиймээс тэд жагсаал цуглаандаа Ардчилсан нам хийгээд бусад улс төрийн хүчнийхэн, элдэв жагсагч, тэмцэгч нэртэй нөхдийг оролцуулалгүй хөөж явуулав. Залуус намчирхаж, талцалгүйгээр улс эх орныхоо эрх ашиг, ирээдүйн сайн сайхны  төлөө нэгдэж нягтран, эрүүл, шударга, зөв, оновчтой шаардлага тавьж чаддаг  гэдгээ харуулав. Тэд УИХ, Засгийн газрын алдаа дутагдлыг хэлж, “Ажлаа хий” гэж шаардсан. Түүнээс биш хэн нэгнийг огцор гэж дөвчигнөсөнгүй. Бүтэх бүтэхгүй хий хоосон шаардлага тавьсангүй. Илүү бодитоор харж, илүү ажил хэрэгчээр асуудалд хандсан нь анхаарал татахгүй байх аргагүй. Энэ хаврын улс төрийн нэг онцлог нь энэ байлаа.

Харин нөгөө талд уламжлалт улс төр тайз, тавилттайгаа, сценари, зохиолтойгоо дэглэгдсэн. Энэ нь УИХ-ын дарга Г.Занданшатарыг огцруулах тухай сошиал суурьтай, сонирхлын зөрчилтэй сэвэлт. УИХ-ын даргыг огцруулна гэхээсээ илүү ашиг сонирхлын зөрчлөө хамгаалах гэсэн сануулга гэж энэ акцийг ажиглагчид харж байгаа. Тухайлбал, “Нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэх асуудлыг Ерөнхий прокурор УИХ-д оруулж ирэх асуудалтай зэрэгцээд спикер Г.Занданшатарыг огцруулах яриа улс төрийн хүрээнд сэвэгдэж эхэллээ. Зохион байгуулалтгүй, зорилгогүй, эзэнгүй биегүй юм гэж энэ улс төрд ерөөс байхгүй” хэмээн зарим тоймч, ажиглагч онцолсон байна. Яах аргагүй харах өнцөг мөн. УИХ-ын даргыг огцруулахад хуульд заасан таван нөхцөл бий. Нас барсан, өөр ажилд шилжих болон чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, хүнд өвчний улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, Үндсэн хуулийн цэц огцруулах үндэслэлтэй гэж үзсэн, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор батлагдсан энэ хэдэн тохиолдолд л УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх боломжтой. Эдгээр шалтгаан, нөхцлийн аль нь ч өнөөдөр бий болоогүй байгаа. Тиймээс УИХ-ын даргыг огцруулах яриа олон нийтийн сүлжээ, цахим орчноос хэтэрсэнгүй. Нэг үгээр хэлбэл “бай”-гаа оносонгүй. Агуулга, хэлбэрийн хувьд ч залуусын жагсаал, цуглаантай харьцуулах аргагүй байлаа.

УИХ, Засгийн газрыг тогтвортой ажилла, харин ажлаа сайн хий гэж шаардан, алдаа дутагдлыг нь ил хэлэх, цахим орчинд турхиралт хийж, огцрохыг шаардах хоёрт чанарын асар том ялгаа, зөрүү бий. Төр, засгийн тогтвортой байдал өнөөгийн нөхцөлд хамгийн чухал. УИХ хэн нэгнийг огцруулах асуудал хэлэлцэж, сандал ширээтэй зууралдаж суух цаг өнөөдөр биш. Гол нэр, төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр хийсэн. Өнөөдөр уг хуулийг батална. Мөн ирэх долоо хоногт төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Улс орны нийгэм, эдийг засгийн асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх нь чухал. Эдийн засгийн хямралыг улс төрийн хямрал болгохгүй байх нь түүнээс ч чухал.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...