Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн. Тиймээс өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын даргад ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайдад нэр дэвшүүлж байгаагаа танилцуулсан юм. Сайдын томилгоог УИХ-ын чуулганаар хэлэлцэж, Б.Бат-Эрдэнийг үүрэгт ажилд нь томиллоо.
Б.Бат-Эрдэнэ нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 1996 онд Нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 1999, 2010 онд Улаанбаатарын Их сургуулийг тус тус төгссөн. Түүх судлал, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй. Түүхийн ухааны магистрын зэрэгтэй. 2003-2012 онд “Силк Роуд Трэвел” ХХК, “Эйр тикет” ХХК-ийн ерөнхий захирал, 2011-2012 онд Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн газарт зөвлөх, 2012-2015 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, 2016-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, 2017-2018 онд Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн, 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, 2019-2020 онд Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн, 2020 оны наймдугаар сараас Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байв. Б.Бат-Эрдэнэ улсад 18 жил ажилласан туршлагатай.
Харин БОАЖ-ын дэд сайдад МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулгын нэрийг МАН-ын Удирдах зөвлөл дэмжиж, нэр дэвшүүлжээ. Тэрээр өмнө нь БОАЖЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан юм. Харин тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Энхбатыг томилжээ. Тэрээр БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын даргаар ажиллаж байсан. Мөн Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг орлон давхар гүйцэтгэж байжээ.