Улс орны тусгаар тогтнол мянга мянган эр зоригтны амь нас, халуун цусны үнэтэй. Бас сэцэн билэгтэн, эрдэмт мэргэдийн оюун ухаан, суу билэг, чөмгөө дундалсан туурвил, тархиа ширгээсэн бүтээл, цусаа буцалгасан бодол, уужуу холч санаа, алсын хараан дээр тогтдог ажгуу. Их эзэн Чингис хаан “Бие баатар болбоос нэгэн үеийн баатар, билэг баатар болбоос түмэн үеийн баатар” хэмээн айлдсан нь бий.Түмэн үед дурсагдах билэг оюуны их баатар, мэргэн бандида бол нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн билээ. Түүний Монголоо гэсэн халуун сэтгэл, Монголын төлөө чин зүтгэл, эрдэм ухааных нь далай мэт гүн бөгөөд яндашгүй арвин бүтээл туурвил, бахархам бөгөөд утга учир төгс амьдрал үнэхээр бишрэм билээ.Шинэ Монгол Улсын үндэс суурийг тавьж, үүсгэн байгуулсан, үүдэн санаачилсан, идэвхийлэн зүтгэж хөгжүүлсэн, ирээдүйн төлөө хийсэн бүхэнд нь талархаад баршгүй.Үзэл санаа тээгч, оюун санааны удирдагч, эрдэм ухааны хөтөч, мэдлэг боловсролын эрэлч, мэргэн бодлогын замч энэ их хүмүүний мэндэлсний 140 жилийн ой энэ онд тохиож байна. Жамсрангийн Цэвээн абугайг бандида хэмээсэн нь хэтийдэн магтсан хэрэг огт биш бөгөөд энэ алдрыг чухамхүү дүүрэн хүртэх эрхтэй номын их мэргэн гэдгийг нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Сономын Лочин цохон тэмдэглэж, олон талаас нь нотлон бичсэн бий.
XX зууны монголчуудын оюун санааны эцэг гэвэл Жамсрангийн Цэвээнээс өөр хэнийг ч нэрлэх аргагүй.Ж.Цэвээнийг 1920-оод онц эцсээр баруунтан хэмээн буруутгаж намаас хөөж байх тэр цаг дор зохиолч Дунгарын Чимид түүнийг хурцаар шүүмжлэхдээ хүртэл “Монголчуудын оюун санааны удирдагч” гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн байдаг аж. Энэ бол монголчуудын ярьдгаар даравч далдайна, булавч бултайна гэдэг л болсон хэрэг. Их эрдэмтнийг хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр дайрахын эхлэл нүүрлэж байсан тэр цагт өстөн дайсан, атаархагч, жөтөөрхөгчид нь хүртэл энгүй их эрдэм мэдлэг, өндөр боловсролынх нь өмнө аргагүй өвдөг сөхөрч, алга хавсран бууж өгч байсан хэрэг. Коминтернийн цуст яргачид хүртэл их эрдэмтнийг шууд баривчилж аваачаад буудчихаж чадалгүй 1932 онд Орост дуудан аваачиж, Ленинградад суурьшуулан, Дорно дахины судлалын хүрээлэнд таван жил хэртэй ажиллуулсан байдаг. Монгол төдийгүй хилийн чанадад ч асар их нэр хүндтэй, бүхий л монгол туургатандаа танигдан хүндлэгдсэн өвгөн эрдэмтнийг ийнхүү олны анхаарлаас холдуулж, түр мартагнуулж байгаад 1937 онд баривчилжээ.Түүнийг хоёр жилийн турш хүнд хэцүү нөхцөлд байцаан хорьж байгаад 1939 онд ЗХУ-ын НКВД буюу Дотоод хэргийн ардын комиссиаратын онцгой зөвлөлийн протоколоор таван жилийн ял ногдуулж, Оренбург мужийн Соль-Илецкийн шоронд хорьсон аж.Их эрдэмтэн уг шоронд хоригдож байгаад 1942 оны тавдугаар сарын 14-нд насан эцэслэжээ.
“Би бол гадаад, дотоод хоёр Монголыг нийлүүлсэн, Хянганаас Алтай хүртэлх, Оросын хилээс Хятадын Цагаан хэрэм, Хөх нуур хүртэлх нутаг дэвсгэр дээр Нармай Монгол Улс байгуулах үзэл санааг баримтлагч мөн.Бүх монгол овогтны сэтгэл, оюуныг татах, соёл, улс төрийн төв нь Улаанбаатар байх ёстой. БНМАУ-ын хил хязгаарын гадна таслагдсан монголчууд хувийн журмаар нүүдэллэн ирвэл тус улсын хүн амын өсөлтөд нэмэртэй гэж боддог” хэмээн өөрийн үзэл бодлоо хэнээс ч эмээж далдиралгүй хэлж байсан нь хожим их эрдэмтнийг хэлмэгдүүлэн баривчлах нэг гол шалтгаан болжээ. Түүнчлэн ЗХУ-ын Монголд явуулж буй бодлогыг шүүмжилсэн нь ч түүнийг эсэргүүний тоонд оруулсан нь дамжиггүй. Тухайлбал, үндэсний эх оронч үзэлтнүүдийн эсрэг ажил явууллага, сүм хийд, лам нарыг нэг дайралтаар устгах оролдлогыг хорлон сүйтгэх санаархал хэмээн нэрлэж, Монголын ард түмний сүсэг бишрэлээр оролдох нь, сангийн аж ахуй, коммун байгуулах нь байж болшгүй, хөнөөлтэй явдал гэж үздэгээ илэрхийлж, Монголд пернамент буюу үргэлжилсэн хувьсгал хийх түүхэн нөхцөл бүрэлдээгүй, тийм хувьсгал хийхээр завдагсдыг ирээдүйгүй, цаг үеийн баримжаагүй хүмүүс хэмээн буруутгаж байжээ. Энэ бол Ж.Цэвээн улс төрийн талаар асар өргөн мэдлэгтэй, тогтсон онол, үзэл баримтлалтай, цаг үеэ бусдаас түрүүлэн харж, мэдэрч, ирээдүйг алсын хараа, цараатай төсөөлж байсны жишээ. Арга ч үгүй биз.
Тухайн цаг үед түүн шиг өрнө, дорнын тэгш боловсролтой, нийгэм, улс төр, соёл, утга зохиолын өндөр мэдлэгтэй Ж.Цэвээн шиг сэхээтэн тун ховор, бараг байгаагүй юм.
Тиймээс тэрбээр 1920 оноос тэр үед Нийслэл Хүрээн байгуулагдсан хувьсгалт нууц бүлгэмийг дэмжиж, Монголын хувьсгалчдыг оюун санааны хувьд удирдан, тэдэнд хичээл зааж байжээ. В.И.Лениний онолыг уншиж мэдсэний хувьд тэрбээр намыг сонинтой болгох ажлыг санаачлан, зохион байгуулж, анхны дугаарыг нь 1920 оны арваннэгдүгээр сарын 10-нд Эрхүү хотноо хэвлэж, “Манай зорилго” хэмээх тэргүүн өгүүллийг нь тэрлэсэн билээ. Тэрхүү тэргүүн өгүүлэлдээ л гэхэд хувьсгалчдад заасан хичээлийнх нь нэг гэмээр, хувьсгалт үзэл санаа хийгээд хувьсгалчдын хийх аж, зорилтыг дурайтал тодорхойлж бичиж байв.
“Монголын үнэн” сониныг үүсгэн байгуулж, анхны тэргүүн өгүүллийг нь бичсэнээс үүдэн дурдахад Ж.Цэвээн Монголд анх “Шинэ толь хэмээх бичиг” гэдэг анхны чөлөөт, сэтгүүлчилсэн сониныг гаргаснаар орчин цагийн Монголын сэтгүүл зүйн үндсийг тавьсан юм. “Шинэ толь хэмээх бичиг”-ийг жил гаруй эрхлэн гаргаж, түүнийг залгамжлан “Нийслэл Хүрээний сонин бичиг” сонинг 1915 оны есдүгээр сараас 1920 оны нэгдүгээр сар хүртэл эрхлэн гаргасан хүн нь мөн л Ж.Цэвээн билээ. Тиймээс түүнийг Монголын тогтмол хэвлэлийг санаачлан, үүсгэн байгуулагч хэмээн зүй ёсоор нэрлэдэг. Түүнчлэн Ж.Цэвээн бээр Монголд анхны хэвлэх үйлдвэр байгуулахад санаачилга, хүчин зүтгэлээ зориулж, хувийн хөрөнгөө ч зарцуулж явсан, өөрөөр хэлбэл мөн л энэ салбарыг үүсгэн байгуулагч юм.Энэ мэтээр их эрдэмтний үүсгэн санаачилж, үүтгэн байгуулсан үйл хэрэг тун олон.
1911 онд монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсыг байгуулахад эрдэмтэн Ж.Цэвээн монголчуудынхаа гал голомтыг зорин тэмүүлж Нийслэл Хүрээнд ирсэн аж.Ийнхүү түүний Монголын төлөө мэддэг чаддаг бүхнээ зориулах үйл хэрэг эхэлжээ. Хүүхэд багачуудад Европ зүгийн боловсрол эзэмшүүлэх нь чухал гэдгийг Ж.Цэвээн ухамсарлаж, Монголд ирээд удаагүй байхдаа буюу 1912 оны гуравдугаар сарын 30-нд Чин ван Ханддоржид хандан “Төрийн сургууль байгуулах тухай Автономитын гадаад яаманд өргөсөн төслийн бичиг”-ийг гардуулжээ. Уг бичгийн үг, үсэг бүр нь үнэхээр Монголын ирээдүйн төлөө, эрдэм боловсролын чухлыг ойлгон мэдэрч, түүнийг түгээн дэлгэрүүлэхийн тухайтад чинхүү санаа чилээн, бодол ширээж явсан эрдэмтний өчил байв.
Тэрбээр “Гадаадын олон хүчирхэг улсын хамаг чадал нь гагцхүү элдэв ухааны эрдэмд нэвтрэлцэн, дээд доорд, эр эм ялгаагүй цөм бага наснаас эхлэн хэрээр адаг, дунд, их гурван хэргийн сургуулинаа явж, зүйл бүрийн ухааныг өөр өөрийн төрөлх хэлээр судалснаар энэ мэт хүчирхэг болжээ. Бас манай Монгол Улс болбоос, Чингис богдоос дараалан дээд үеийн өндөр хэдэн өвгөд эрдэмтдийг хэрэглэн чадсанаар алтан дэлхийг наран мандахаас наран шингэх хүртэл эзэлж, Монголын хэцүү алдрыг ертөнцөд галав дүүртэл үлдээсэн билээ” хэмээгээд бүгдээр нийт тусгай олон ухааны эрдэмд нэвтрэлцэхийг шамдан хичээвээс зохимуй гэсэн байдаг.Ийнхүү Ж.Цэвээний санаачилгаар Нийслэл Хүрээнд 1912 онд төрийн анхны бага сургууль 40 орчим хүүхэдтэйгээр хичээллэж эхэлсэн түүхтэй. Бага сургууль байгуулах тухай Богд хаант Монгол Улсын Засгийн газрын тогтоолд “Яамны дэргэд бага сургууль байгуулах ажлыг Петербургийн их сургуулийн монгол хэлний багш Жамсрангийн Цэвээн үүсгэн санаачлав” хэмээн дурдсан байдаг.
Ж.Цэвээн Автономитын үеийн бага, дунд сургуулийн дүрмийг боловсруулж, хичээлд үзэх ном, сурах бичиг, дэвтрийг Хиагтаас хувийн мөнгөөрөө захин авчруулж, заримыг нь орчуулж, хялбаршуулан зохиож байсан аж. Мөн тэрбээр 1913 онд Ц.Дамбадорж, Х.Чойбалсан, Д.Сундуй зэрэг монгол хүүхдүүдийг Тройцкосавск хотын сургуульд суралцуулахаар явуулж байв.Хожмоо 1921 оны наймдугаар сарын 14-нд Засгийн газрын тогтоолоор сургууль байгуулах шийдвэр гарч, сургуульд хэрэглэгдэх чухал судар ном, шастир түүх зэргийг бодолхийлэн зохион үйлдэх эрдэмтэн түшмэлд Ж.Цэвээнийг томилжээ. Удалгүй 1921 оны арваннэгдүгээр сарын 2-нд Ардын засгийн анхны бага сургуульд нээгдэхэд түүнийг сурах бичиг, хичээлийн хэрэгслээр хангах ажилд мөн л Ж.Цэвээн хүчин зүтгэсэн ажгуу. Энэ бол их эрдэмтний санаачилсан, үүсгэн байгуулсан олон үйл хэргийн нэгээхэн хэсэг нь л юм.Эдүгээгийн ШУА, Үндэсний номын санг үүсгэн байгуулсан алдар Жамсрангийн Цэвээнд зүй ёсоор хамаарна. “Эрдэмт түшмэл Жамсрановоос бодолхийлэн зааварлаж, зөвлөсний дагуу Нийслэл Хүрээний газар Номын хүрээлэн байгуулж, эрдэм судлалын ажил эрхлэх төв байгууллага судар бичгийн хүрээлэнг байгуулсан” хэмээн энэ тухай тэмдэглэн үлдээжээ.
Тэрбээр 1919 онд Эрхүүгийн их сургуульд багшилж байхдаа монголчуудаас анх түрүүнд профессор цолыг хүртэж, улмаар 1930-аад онд Петербургийн их сургууль шинжлэх ухааны доктор зэргийг хүртсэн нь мөн л монгол хүн эрдмийн зэрэг хүртсэн анхны тохиолдол байв. Мөн тэрбээр Судар бичгийн хүрээлэн буюу эдүгээгийн ШУА-ийн анхны академич билээ.
Ж.Цэвээн МАН-ын үзэл баримтлал, онол суртлыг анх боловсруулж, анхдугаар Үндсэн хуулийн эхийг зохиож, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд, батлан хамгаалах зэрэг олон салбарт анхдагч, санаачлагч, тэргүүлэгч байсан юм.Энгүй их эрдэмтний үйл хэргийг нэгэн бичвэрт бүрэн дүүрэн өгүүлэх боломжгүй бөгөөд далайн уснаас алгаар хутган авсан төдий өчүүхэн хэсгийг нь оочин цоочин дурдахад ийм юм. Эцэст нь дурдахад, монголчуудын оюун санааны эцэг төдийгүй охь эрдмийн утгач, онол үзлийн хөтөч, эрдэм боловсролын замч болсон соён гэгээрүүлэгч их хүмүүний намтар түүх, үйл хэрэг, үйлс бүтээлийг тал бүрээс нь судалж, Жамсрангийн Цэвээн судлалыг улам өргөжүүлэн хөгжүүлээсэй хэмээн бодном.
Энэ оны аравдугаар сард Дорнод аймгийн Баян-Уул сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс санаачлан хүндэтгэлийн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, олон салбарын судлаачид их эрдэмтний амьдрал, бүтээлийг тал бүрээс нь судлан, шинжилснээ толилуулсныг эс тооцвол мэндэлсний нь 140 жилийн ой нам жимхэн өнгөрч байна.
Г.СОНИНБАЯР