Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100, Монгол Улсын Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн түүхт ойн баярын хүндэтгэлийн их чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлэв. Чуулганд академич нар, шинжлэх ухааны салбарын 500 гаруй эрдэмтэн мэргэд танхимаар болон цахимаар оролцсон юм. УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэтгэлийн чуулганы үеэр хэлсэн үгэндээ “Хубилай хаан 1261-1264 оны үед Улсын түүхийн хүрээлэнг байгуулж байсан гэсэн түүхэн эх сурвалжийг тооцох юм бол өдгөө Монгол Улсын шинжлэх ухааны байгууллага 660 жилийн ойтойгоо золгож байгаа гэж үзэж болох юм. Ийнхүү зургаан зууны тэртээгээс шинжлэх ухааныг хөгжүүлж байсан монгол түмэн шинэ цаг үед буюу эдүгээгээс 60 жилийн өмнө 1961 оны тавдугаар сарын 16-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийг байгуулсан билээ.
Нэгэн жарны хугацаанд Монгол оронд эрдэм соёл түгэн дэлгэрч, дэлхийн түвшний шинжлэх ухаан, технологийн ололт амжилтын үр шимийг ард нийтээрээ хүртэж, эрдэмтэн судлаачдын цоо шинэ үе өсөн бойжиж, энэ бүхний үр дүнд Монгол орон цоо шинээр хөгжин дэвшсэнд Та бүхний оруулсан хувь нэмэр их билээ. Технологийн 4-р хувьсгалын эрин үед ололт, амжилтаа бататгах, эрдэмтэн судлаачдынхаа бий болгосон шинэ технологийг ашиглан, дэлхийн түвшний өндөр технологийг нутагшуулах, оюуны багтаамж бүхий шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох Шинжлэх ухааны паркийг олон улсын жишгийн дагуу хөгжүүлэх нь чухал байна. Шинжлэх ухааны парк, технологийн гарааны бизнесийг дэмжих Инкубатор төв болон оновчтой санааг санхүүжүүлэх сангуудыг УИХ бодлогоор дэмжих болно” гэлээ.
Мөн тэрбээр инновац, цахим хөгжлийн чөлөөт бүс байгуулж, тус бүсэд өндөр технологийн ерөнхий боловсролын болон их, дээд сургууль байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Энэ зорилгоор Буянт-Ухааг Оюут-Ухаа болгох боломжтой гэж үзэж байгаа юм байна. Оюут-Ухаагаа Монголын Цахиурын хөндий болгох ажилд ШУА, эрдэмтэн судлаачид манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга илэрхийлэв. Тэрбээр “Энэ санаачилгыг маань эрдэмтэн судлаачид та бүхэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр дэлхийн шилдэг компаниудад ажиллаж буй тэргүүлэх мэргэжилтнүүд цахимаар, зайнаас Монголдоо мэдлэг түгээх боломж бүрдэнэ. Уг тусгай бүсэд Фэйсбүүк, Гүүгл, Амазон гэх мэт дэлхийн тэргүүлэх компаниудын Төв Азийн хаабыг байгуулж хамтарч ажиллах боломж ч бий болох юм” хэмээлээ.
Г.Гарди