Америкийн сая сая уншигчдын хамгийн хайртай яруу найрагч эмэгтэй Эдриен Рич 83 насандаа орчлонгийн мөнх бусыг үзүүлжээ. “Дэлхийн нэгэн өөрчлөлт” хэмээх анхны түүврээсээ уншигчдын анхаарал татсан 22 настай залуу яруу найрагч бүсгүй бүтэн 60 жилийн турш уншигчдын зүрх сэтгэлийн байлдан дагуулсан юм. “Хамгийн содон” хэмээх тодотголтой яруу найрагч Эдриен Ричийг жинхэнэ өөрийнхөөрөө, яг байгаагаараа байхын үлгэр жишээ хэмээх нь бий. Түүний яруу найраг, богино эссэ, хүүрнэлийн 16 боть ном хэвлэгдсэн.
1960-аад онд тэрбээр тухайн үеийн нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалан эрэгтэйчүүдийн дунд хавчигдан гадуурхагдаж байсан ч уран бүтээлийн тууштай тэмцлээрээ цаг үеийг ялан гарч, ном нь Америкийн уншигчдын хамгийн эрэлттэй яруу найрагч болж чадсан юм. Түүний 2004 онд хэвлүүлсэн “Нуранга дундах сургууль” хэмээх яруу найргийн ном нь 800,000 хувь борлогдож байжээ. Тэрбээр дайн хүчирхийллийг эрс эсэргүүцэгч байсан бөгөөд 2003 онд Ерөнхийлөгч Бушийн санаачилсан Цагаан ордны яруу найргийн симпозиумд “Иракийг бөмбөгдсөн”-ий улмаас оролцохоос, мөн Билл Клинтоны олгохоор шийвдэрлэсэн “Үндэсний урлагийн медал”-ийг хүлээн авахаас тус тус татгалзаж байжээ. Гэвч тэрбээр маш олон тооны шагнал хүртсэн бөгөөд саяхан “Америкийн бичиг үсэгт оруулсан хүндтэй хувь нэмэр”-ийн төлөөх медалийг түүнд Үндэсний Ном сангаас олгожээ. Соёл Яруу Найргийн Академиас эрхлэн хэвлүүлсэн Америкийн яруу найраг номын II ботьд орсон түүний нэгэн шүлгийг энд нийтэлж байна
Сэтгэлийн тэнхээ
Өнөөдөр нэг эксковатор дэлхийн бөөрнөөс эмтлэж,
Өнгө шаргал шилэн хув олжээ.
Өвлийн тэсгим, цагийн бэрх зуун жил үргэлжлэх
Төв мэдрэлийн цочрол хийгээд уйтгар гуниг оюуныг
Төгс эмчлэх ерөндөг тэр байжээ.
Өнөөдөр би Мари Кюрийн тухай уншиж байлаа
Өөрөө тэр цацраг туяанд хордон өвчилснөө мэдэж байсан ч
Цаашдаа бас олон жилийн турш өөрийгөө
Цацраг идэвхит энэ бодисоор бөмбөгдсөөр байсан.
Үзэх нүднээ үүлэн цагаа буусныг ч
Үзэг харандаа хуруу шилээ ч барьж чадахгүй болсон
Хагас хугас туссан идээ бээртэй гарынхаа учрыг
Хамгийн эцсийн мөч хүртлээ цацраг туяанаас болоогүй гэсээр
Гавьяа алдартны ёсоор тэр бүсгүй эцэслэсэн
Гарынхаа шархыг өмөөрсөөр дууссан
Сэдэрсэн тэр шарх нь
Сэтгэлийн тэнхээ оргилох, тийм хүчтэй эх булгаас гарч учраас тэр юм.
*Зохиолч эмэгтэй Андриен Рич 1960-аад онд тэр үеийн нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалан эрэгтэйчүүдийн дунд хавчигдан гадуурхагдаж байжээ. Дээрх шүлгэнд далд утгаар өөрийн амьдралаа харуулсан. Жишээ нь өвлийн бэрх цаг агаар гэдгээр өөрийн амьдарч байсан нийгмээ, өвчин зовлон гэдгээр өөрийн сэтгэлийн шаналлаа гаргаж ирэхийг зорьсон байна.
Орчуулсан М.Мөнхзаяа