/Ая дууны аугаа бүтээлч Г.Дарамзагд багшийн гэгээн дурсгалдI
Арванзургаа дугаар жарны төмөр морин жил Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын эгэлхэн буриад зоны нэг Гончигдамбын гэр бүлд орчин цагийн дууны урлагийн алдарт төлөөлөгч мэндэлсэн нь Дарамзагд хөвүүн байжихуй. Тэрбээр хүмүүний амьдралын их давлагаанд өнчрөн үлдсэн ч унаган авьяас, мэрийлтээрээ Монголын дууны урлагт бүтээл юугаараа тод мөрөө үлдээсэн болой.
Дөчөөд оны сүүлчээр арав гаруйхан настай хүү сумынхаа улаан буланд эвлэгхэн дуулж байхыг домогт залуу жанжин Ж.Лхагвасүрэн ажиглан ирээдүйг нь таньж мэдээд Улаанбаатар хотод Цэргийн дуу танцны ансамблийн удирдлагуудад хандан “Та нар энэ хүүг дуучнаар ав, биенээсээ том дуугардаг хүү шүү” гэснээр их бүтээлчийн зөрөг жим эхэлсэн гэнэм. Дарамзагд хүү дуулж хөгжимдөх эрдмийг хэн нэгнээр тэр болгон заалгаагүй ч сонирхсон зүйлээ “ийм л байх ёстой” гэсэн итгэлээр авьяас чадвараа хөгжүүлж чадсан бөлгөө.
Залуу жанжны хэлсэнчлэн шавилхан биендээ ахадсан гэмээр бүдүүвтэр хоолойгоор дуулдаг энэ авьяастан маань удалгүй дуулаачийн хувьд дууны урлагийн бүх л төрлийг гойд гаргуун эзэмшсэн төдийгүй найраг баян хуур, төгөлдөр хуур хөгжмийг төвөггүйхэн эзэмшиж сураад ансамблийнхаа хөгжимчдийн “дуурьсахуйн ухаан”-ы түр сургалтад хүсэлтээ өгч суралцахдаа алдарт Л.Мөрдорж, Г.Бирваа нараар багшлуулж улмаар зохиолын дууны шинэ хэв шинж бүхий бүтээлүүдээрээ өөрийн гэсэн шанг татаж чадсан ажгуу.
Ийнхүү авьяас билгээ шаргуу хөдөлмөрөөрөө тэтгэн хөгжүүлсээр тавиад оны эхээр ансамблийн найрал дууны группийн дарга буюу багшаар ажиллаж цэрэг, эх орон, иргэний сэдэвт зохиол бүтээлүүдээрээ тэр үеийн ая дан зохиогч аваргуудтай мөр зэрэгцэхүйц байжихуй.
Тэр ч байтугай жараад онд тэр үеийн ЗХУ-ын А.Д.Александровын нэрэмжит цэргийн алдарт чуулга Улаанбаатар хотод зочлон тоглох концертын хөтөлбөрийнхөө найрал дуучид дуулах монгол дуунуудаа хийлгэхээр Дарамзагд багшийг Москвад урьж бэлтгэн тоглолтоо хийсэн нь маш амжилттай болж, ялангуяа Г.Цэрэндоржийн “Армийн тухай дуу”, З.Доржсүрэнгийн “Ижилдээ ганцхан шарга” дуунуудыг найрал дуучид дуулсныг манай үзэгч, мэргэжилтэн, уран бүтээлчид халуун дотно хүлээн авч байсныг бид үзэж, сонсож, уншиж байсан даа.
Эрхэм уншигч та бид бүтээлээр нь эчнээ танил болсон энэ хүний идэр залуугаасаа эхлэн зохиосон “Болзоо”, “Хилээс”, “Өргөн Сэлэнгэ”, “Шинэ жил”, “Хавар” гээд хэдэн арваар тоолох ардын дуу мэт гандашгүй бүтээлүүдийг нь дууны авьяастан хөгшин залуу, хөрөв нялхгүй малын бэлчээр, машин тэрэг, найр хурим, наадам баяр, урлагийн тайз, уралдаан тэмцээн хаана л бол хаана үе дамжин сонсож, дуулсаар үзэгч түмэн олны хүртээл болж байх нь уран бүтээлийн нь нэхэн шагнал болох мэт.
Г.Дарамзагдын томоохон бүтээлийн нэг Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, эрдэмтэн Л.Түдэвийн “Нүүдэл суудал” романаас сэдэвлэсэн Төрийн шагналт, Ардын уран зохиолч П.Бадарчийн цомнол “Нүүдлийн замд” дуурь нь хөгжмийн хэллэг, дуурьсал, бүтэц, дүрийн илэрхийлэл зэргээрээ урлан бүтээхийн онол мэдлэг, авьяас, ур чадварыг нь тодорхойлох бөлгөө.
Харин энэ дууриа төгсгөж амжилгүй тавьхан насандаа дэндүү харамсалтай тэнгэрт хальсан агаад түүний хайртай, сайн шавь Д.Дашням /МУГЖ/ багагүй бэрхшээлийн дунд хичээнгүйлэн ажиллаж наяад оны дунд үеэр дуусгаад дуурийн театрын удирдлагуудад хандахад ерөнхий найруулагч Л.Эрдэнэбулган /МУГЗ/, удирдаач Ж..Чулуун /АЖ,ТШ/ нар өөриймсгөөр хүлээн авч ажиллах үед дуучин, хөгжимчин, ажилчид чин сэтгэлээр бүтээн амьдруулсныг мэргэжлийн байгууллага хүмүүс сайшааж өндөр үнэлгээ өгсөн болой.
Багшийнхаа бүтээлийг сэтгэл гарган үргэлжлүүлэн төгсгөсөн Дарьзавын Дашням /МУГЖ/-ыг би вээр жараад оны дунд үеэс Дорнод аймгийн театрын дуучин байхаас нь мэдэх бөгөөд Э.Чойдогийн хоёр октав /наймц/-ын багтаамжтай “Найрамдал” гэдэг дууг дасгалдаа оруулж дуулахдаа хоолойн цараа, хүч зэрэг нь хангалттай огтхон ч түүртэлгүй дуулж байсныг ажиглаад үнэхээр бахархаж байсан ба түүний зохиосон “Цэрэг хүмүүс”, “Миний залуу нас” зэрэг аялгуу сайхан, агуулга өндөр дуунуудыг нь урын сандаа оруулан дуулсаар өвгөрлөө дөө.
Үе тэнгийн нөхөр минь өөрөө дуулах дуугаа зөв сонгож ухаанаар дуулдаг төдийгүй дууны урлагийг шинэлэг хэллэг, зохиомж бүхий олон бүтээлээр баяжуулсан, хөгжмийн онол мэдлэгийг эзэмшсэн зэрэг нь Г.Дарамзагд багшийн нөлөө байсан гэдэгт эргэлзэшгүй ээ.
Жараад оны эхний хагаст Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургуулийг найрал дууны багш, удирдаач мэргэжлээр онц дүнтэй дүүргэсэн Г.Дарамзагд уран бүтээлийн дөчөөд жилийн амьдралдаа төв орон нутгийн өөр өөр чиглэлийн үйл ажиллагаа бүхий байгууллагад мэргэжлээрээ ажиллахдаа бусдыг дарамталж чилээхгүй, уурлаж уцаарлахгүй харин ч дуулах арга зүйг нь зааж хийж буй уран бүтээлд нь урам өгснөөр ажиллаж байгаа бүтээл нь мартагдахгүй, чанар ба чадвараар гойд илүү байдаг байсныг шавь нар, мэргэжил нэгт нөхөд нь дурсан ярьдаг бөлгөө.
Энэ эрхэм хүн сургуулиа дүүргэх үедээ Болгарт дуулаачаар суралцаж байсан Ичинхорлоо/МУГЖ/-гийн хамт Хэнтий аймгийн Соёлын ордонд дадлагаар очсон үед миний бие зүс таних болсноос хойш удалгүй Соёлын яамнаас Ардын дуу бүжгийн чуулгын дэргэд мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулахад хөгжим, дууны онолын хичээл заалгасан хийгээд сүүлд Дорнод аймгийн театрт ажиллаж байхад нь ч харилцаатай байсан бөгөөд дээрх сургалтын явцад “Нэгэн цэргийн тухай дууль” дан найрал дуугаа чуулгын найрал дуучид /тэр үед байсан, одоо байхгүй/-тай манай сургалтынхныг оролцуулан чуулгын болон дуурийн театрын тайзнаа дуулуулж байснаас гадна орос, герман, солонгосын найрал дуунуудыг дээрх бүрэлдэхүүнээр дуулуулж тоглолтуудад оролцуулж улмаар манай сургалтын захирал чуулгын дарга Г.Цэрэндорж /МУ-ын УГЗ/-ийн хөгжим “Өндөр ээж” киноны “Азтай хүн ээ, та ээж ээ” эрэгтэй чуулгын бүрэлдэхүүнд оролцуулан дуулуулж байсан нь бидэнд дахин олдоод байхгүй дадлагын хичээл болсон юм.
Өчүүхэн шавь би вээр тэр үедээ уламжлал болон хийгдэж байсан Монголын залуучууд оюутны III их наадамд /сургалтад сурч байсан/ Г.Дарамзагд багшийн “Москва сайн байна уу” дууг нь гоцлолоор дуулж мөнгөн медаль хүртсэн ба багшийн зохиол “Хавар”, “Сайхан Монгол орон минь”, “Бидний зүрхэнд байна”, “Миний эх орны өглөө” зэрэг олон дууг нь дуулснаас гадна “Өргөн Сэлэнгэ”, “Хайгуулч хар хүүгийн дуу”, “Шинэ жил” гээд дан найрал, цөөхүүл олон дуунуудыг Дорноговь аймгийн Соёлын ордон, “Саран хөхөө” театрын дууны урын санд оруулсан болой.
Г.Дарамзагд багшийн тухай хамт ажиллаж асан нөхөд, шавь нар нь “…түүнд өөрийгөө тоож дэврэх, зовлон гачигдлаа илэрхийлэх, шан харамж горилох, бусдад өчүүхэн ч гэсэн хар муу санах, атаархах, зэрэг дэвэнд санаархах гэх мэт элдэв гаж зан чанар даанч үгүй хөгжим дуугаар амьсгалж амьдарсан, цав цагаахан, шулуун шударга бодгаль явсан…” гэх ба “…Хүний мөсөөр их сайн, хэнд ч тусалж чаддаг, нөхөд олонтой, наргилаа ч хорхойд хоргүй нэгэн байлаа.
Дээшээ зусарддаггүй, доошоо захирч зандардаггүй эгэл жирийн багш байсан. Залгамж үедээ илүү хайртай дутагдлыг нь ил тод хэлдэг, шударга уран бүтээлч байлаа” гэж ном сударт бичвэрлэн үлдээсэн нь тэр хүний дүр төрхийг тодорхойлох авай.
Энд нэхэн санаваас хэт үзэл сурталжсан үеийн хурган удирдагчид, атаархал, амиа тээсэн хов живээр хооллогчид элбэж дэлбэсээр байж ховорхон бүтээлч авьяас, өндөр боловсрол, сэтгэл шингэсэн хөдөлмөр хичээл зүтгэл, ажил мэргэжлээс нь хөндийрүүлсээр эцэст нь Сэлэнгэ их мөрөнд нь сэлүүлэн тэнгэрт илгээсэн хэмээн бодохуйд даанч харамсалтай агаад түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл садан, танил нөхөд, олон шавь нар, ард олон та бид бүтээл туурвилыг нь үе дамжин сонсож дуулж хөгжимдөх бүрдээ сэтгэл сэмрэн үгүйлж харамссаар байх ажгуу.
Ном судар, хэвлэл, мэдээллийн садан болсон уншигч авгай таныг Г.Дарамзагд багшийн бүтээл, туурвил, ажил амьдралын нь талаар үзэж сонсож, мэдсэн уншсанаа түмний хүртээл болгон мөнхлөхөд тус нэмэр болж буян болоосой хэмээн хүснэм.
Дуучин монгол түмнийхээ дууны урлагийн өндөр сэнтийд заларсан тавилантай алдар хүндтэй багш минь та бурхны хутгийг олж хан их тэнгэрээсээ Монгол сайхан орноо гэсэн эгшиглэнт яруу ая дуугаа түмэн олондоо түгээсээр амгалангийн орондоо ум сайн ашид орших болтугай.
Л.БУЯНХИШИГТ Монгол Улсын Гавьяат жүжигчин