Saturday, November 23, 2024

Орос, Монголын парламент хоорондын хамтын ажиллагааны шинэ механизм байгуулна

Date:

Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга Константин Иосифович Косачев тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлав. Төлөөлөгчдийг УИХ-ын дарга Г.Занданшатар баасан гарагт хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооныхурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга К.И.Косачев нар Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн мэндчилгээг харилцан дэвшүүлжээ. Ноён К.И.Косачев энэ үеэр ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенкогийн баярын мэндчилгээг УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулан өгсөн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг бид энэ оны туршид ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна, ойг тохиолдуулан миний бие ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенко, Төрийн Думын дарга, ноён В.В.Володин нарт баярын илгээлт хүргүүлсэн гэлээ. Уулзалтын үеэр хоёр тал парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны нэгэн чухал хэсэг бөгөөд сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, харилцаа амжилттай хөгжиж байгааг санал нэгтэй тэмдэглэв.

Ноён К.И.Косачев хоёр орны залуу парламентчдын хэлхээ холбоог өргөжүүлэх, Монголын парламент хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байдлыг эрхэмлэж, улс орнуудын хууль тогтоох байгууллагатай хамтран ажиллаж байгаа туршлагыг Орос, Монголын парламентын хамтын ажиллагаанд нэвтрүүлэх, КОВИД-19 цар тахалтай тэмцэж буй асуудлаар харилцан туршлага солилцох, Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаарх судалгааг идэвхжүүлэх, Ази, Номхон далайн орнуудын парламентын холбоо (АНДОПХ) зэрэг Олон улсын парламент хоорондын болон бүс нутгийн парламентын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, бие биенийг дэмжих зэрэг асуудлуудыг хөндөж, энэ оны 12-р сард БНСУ-ын Сөүл хотноо болох АНДОПХ-ны чуулганаар хэлэлцэх 5 тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулж, эдгээр чиглэлээр санал санаачилга гарган, идэвхтэй хамтран ажиллаж, дэмжихийг хүсчээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Конгрессийн 100 гаруй гишүүд “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай” хуулийн төслийг санаачлаад байгаа бөгөөд энэ хууль батлагдвал Монголын оёмол болон сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд гаргах, 200 мянга гаруй малчин өрх, 50 мянга гаруй малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих, бараа бүтээгдэхүүнийг борлуулах боломж бүрдэх юм. Үүний нэгэн адил ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн гишүүд Монгол, Оросын сайн хөршийн харилцааг идэвхжүүлэх, Монголын экспортыг дэмжих хууль санаачилбал бид баяртай байх болно гэлээ. Мөн Олон улсын парламентын холбооны болон бүс нутгийн парламентын холбоодын хамтын ажиллагааны хүрээнд жендэрийн асуудал, терроризмоос сэргийлэх, КОВИД-ын дараах эдийн засгийг сэргээх зэрэг чиглэлүүдээр ОХУ-ын талтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн “Монгол, Оросын парламент хоорондын хамтын ажиллагааны шинэ механизм бий болгох асуудлыг Төрийн Думээс санаачлаад явж байна. Энэхүү санаачилгыг бид дэмжиж буй бөгөөд тус механизмын үйл ажиллагаанд Холбооны Зөвлөл оролцож, дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Ноён К.И.Косачев энэ асуудлыг Холбооны зөвлөл бүрэн дэмжиж, Төрийн Думтэй нягт хамтран ажиллаж, нэгдмэл бүтэц бий болгохын төлөө чармайх болно гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...