Орчин үед Их эзэн Чингис хааныг судлан сурталчлах ажил олон улсын хэмжээнд ч манай улсын дотор ч ихээхэн хийгдэх болж эрдэмтэн судлаачдын анхаарлыг татсаар байгаа нь зүй ёсны хэрэг бөгөөд энэ ажилд их хааныг төрүүлсэн нутгийн эрдэмтэн мэргэдийн санал дүгнэлт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх нь мэдээжийн хэрэг билээ. Тэгэв ч зарим нэгэн хүмүүсийн хэлж буй үг, зааж буй хичээлийн агуулгад анхаарвал зохих зүйл байгааг хэлэх нь зүйтэй мэт бодогдоно. Тухайлвал нэгэн сургуулийн багш оюутнуудад теле хичээл заахдаа: Тэмүжинийг, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт байдаг Харзүрхний Хөх нуур гэдэг газарт хаанд өргөмжлөгдсөн мэтээр хэд хэдэн удаа ярьж байх нь сонсогдоно. Түүхийн үндэслэл, судалгаа муутайгаар хичээл зааж сурагч, оюутнуудад буруу зөрүүтэй ойлголт төрүүлэх нь түүхийг гуйвуулсан хэрэг болохыг сануулахын ялдамд дурдаж буй сэдвийн талаар түүхэнд хэрхэн тэмдэглэгдсэн байдал болон Тэмүжинийг хаанд өргөмжилсөн газар хаана байдаг тухай дараахи зүйлд анхаарлаа хандуулах нь зүйтэй билээ. Эрт дээр үеэс мөрдөгдөж ирсэн түүхийн олонхи ном сударт Тэмүжинийг Хамаг Монголын хаанд өргөмжилсөн газрыг маш тодорхой тэмдэглэн бичсэн байдаг.
Тухайлбал Чингис хааныг тэнгэрт хальсны дараа шарилыг нь тээж ирэх замдаа Сөнөдийн Гилүгэтэй баатарын мөргөн өчсөн харууслын магтаал шүлэгт дурдахдаа: Хээр азарганы хөхлөөр хийсэн Хиур туг сүлд чинь Хэнгэрэг бүрээ уриа чинь Хэлэхүй бүгд улс чинь Хэрлэний Хөдөө аралаа Хаан суусан газар чинь тэнд билээ эзэн минь гэж Хөдөө аралд хаан суусан болохыг тодорхойлон хэлсэн байдаг. Энэхүү шүлгийг “Хаадын үндсэн хураангуй Алтан товч”, Лу “Алтан товч”, “Шар тууж”, Саган сэцэний “Эрдэнийн товч”, Жамбын “Асрагч нэртийн түүх”болон бусад номонд адилхан утгаар тэмдэглэн бичсэн байдаг бол Чингис хааны үе улирлыг тэмдэглэсэн хаадын үндэсний шастир “Хөх түүх”, Гончигжавын “Сувд эрих”, Ишбалданы болон Галданы “Эрдэнийн эрих” зэрэг түүхэн зохиолуудад Хэрлэн хэмээх их мөрний Хөдөө уудам дэлхийн дээр алтан орд харш байгуулж хаан орноо суув гэж адил төсөөтэй утгаар тэмдэглэн бичсэн байдаг.
Эдгээрээс гадна Өвөр монголын лам Жамбадоржийн “Болор толь” зохиолд дээр дурдсан нөхцөлүүдийг дурдаад …Дэлгэрхаан нэрт газраа…их хаан болгон өргөмжилж суулгавай… гэж хаан суусан газрын нэрийг тодорхойлон бичсэн байдаг. Үнэхээр ч “Хэрлэний Хөдөө арал”-ын Баян-Улаан уулын ноёлох оргил болох 2042 м өндөр Дэлгэрхаан хайрханы оройд Тэмүжинийг Хамаг Монголын хаанд өргөмжилж Чингис хаан цол олгосон насыг билэгдэн 1189 онд босгосон 27 овоо түүхийн гэрч болон одоог хүртэл сүндэрлэсээр байдаг билээ. Эдгээр овоонуудыг эзэн Чингисийн 13-н хүрээнийхэн тахин дээдэлж байснаар “Арван гурвын тахилгат овоо” хэмээн дээдлэн нэрлэж ирснээс гадна хаанд өргөмжлөх ёслолыг тэмдэглэн наадам хийж морь уралдуулж, сур харвахад Чингисийн дүү Хасар 900 алд газарт босгосон байг маш мэргэн онож Хавт Хасар цол авсан тухай домог яригдсаар ирсэн түүхтэй. Тэгэхээр дээр дурдсан багшийн, Тэмүжинийг хаанд өргөмжилсөн гэж буй газрын нэр буруу болох нь түүхийн үүднээс тодорхой байгаагаас гадна ямар ч хааныг усны дэргэд хаанд өргөмжилж байсан тухай түүхийн тэмдэглэл ч, тийм ёс заншил ч байгаагүй болов уу гэдгийг хэлэхийг хүснэ. Энэхүү сэдвийг гагц багшид зориулан бичээгүй гэдгийг эрхэм уншигчид болгоон соёрхох биз ээ хэмээн найдна.
Нууц товчооны газар нутгийг судлагч ахмад настан Ю.Пүрэв