Wednesday, November 27, 2024

2022 оны төсвийн төсийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

Date:

Боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах заалтыг хасчээ

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлжээ.

Мөн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна.

Тухайлбал Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хилийн боомтын захиргаа байгуулах асуудлыг тусгахдаа “Ашигт малтмал, газрын тос, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, улс хоорондын тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, хууль сахиулах болон хилийн хяналтын байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, боомтын хөгжлийн асуудлыг төлөвлөх, орон сууц, цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус болон бусад дэд бүтцийг хариуцаж, боомтын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хилийн боомт дахь төрийн өмчийн бүртгэл, хяналтыг хариуцах чиг үүрэг бүхий Хилийн боомтын захиргааг Засгийн газар байгуулна” гэж өөрчлөн найруулах томъёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.2 хувь нь дэмжжээ. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 29.10, 29.11, 29.12 дахь хэсгийн “онцгой бүрэн эрхт” гэснийг тус хасахын зэрэгцээ төслийн 1 дүгээр зүйлд “29.13.Хилийн боомтын захиргаа нь хилийн боомтод цацраг хими, биологийн осол болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, цар тахлын онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ хуулийн 29.9-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ онцгой бүрэн эрх эдэлнэ” гэсэн хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн байна.

Мөн Ажлын хэсгээс Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “2022 оны төсвийн жил Ирээдүй өв сангийн тухай хуулийн 7.1-д заасан эх үүсвэрээс Монгол Улсын 0-18 нас хүртлэх насын иргэн бүрд Төрийн санд хуримтлагдах мөнгөн хуримтлалын хэмжээг сар бүр 100 мянган төгрөгөөр тооцох бөгөөд  2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг сар бүр мөнгөн хэлбэрээр, 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд 50000 төгрөгийг сар бүр мөнгөн хэлбэрээр тус тус олгож болно” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжжээ.

ХӨСҮТ-ийн урсгал зардлыг төсөвт нэмж  тусгахыг дэмжив

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн байна.  Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлт, УИХ  дахь АН-ын бүлгийн болон Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг сонсож, хуулийн төслүүдийн талаар Төсвийн байнгын хорооноос нэгтгэн гаргасан 53 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан байна.

Ажлын хэсгээс зардал нэмэгдүүлэх саналыг, зардал бууруулахтай холбоотойгоор гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Харин урсгал зардлын дүнд нөлөөлөхгүйгээр зохицуулалт хийсэн санал болох, Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны төсвийн багц дахь “Ойжуулалт” хөтөлбөрт тусгагдсан 12.1 тэрбум төгрөгөөс 6.0 тэрбум төгрөгийг “ойн хортон шавьж устгах” зориулалт арга хэмжээнд шилжүүлэх болон Тэтгэврийн даатгалын сангаас 17,200.0 сая төгрөгийг Тэтгэмжийн санд шилжүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжээгүй байна.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2022 оны төсвийн төслийн “Улсын төсвөөс хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт зориулалт арга хэмжээнд тусгагдсан төсвийг 163.7 тэрбум төгрөгөөр бууруулж, Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцах иргэдийг улсын төсвөөс төлөх шимтгэл зориулалт арга хэмжээг санхүүжүүлэх зардлыг 163.7 тэрбум төгрөгөөр нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 55,8 хувь нь дэмжжээ.  

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ц.Туваан, Б.Жаргалмаа, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, П.Анужин, С.Ганбаатар, Ч.Ундрам, Б.Баярсайхан нараас эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж авах төсөвт өртгийг бууруулж, харин Халдварт өвчин судлалын үндэсний төвийн барилгын их засварын төсөвт өртгийг нэмж тусгах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авлаа

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Адьшаа, С.Амарсайхан, Э.Бат-Амгалан, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганбат, Г.Ганболд, Ц.Даваасүрэн, Б.Жаргалмаа, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Тогтохсүрэн, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Б.Энх-Амгалан нараас 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцжээ.

Энэхүү хууль 7 бүлэг 31 зүйлээс бүрдэх бөгөөд жолоочийн даатгалын одоогийн тогтолцоог өөрчилж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээг авах, жолооч нарыг хариуцлагажуулах, соён гэгээрүүлэх, авто жолооны сургалтын системд чанарыг анхаарах, давтан сургалтыг дадлагажуулахад анхаарч даатгалтай холбох, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, осол гаргасан жолоочтой тооцох хариуцлагыг нэмэгдүүлэх, осол гаргаагүй жолоочийг урамшуулах шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.  

Жолоочийн даатгалын тухай хуульд албан журмын даатгалыг ямар хуулийн этгээд хэрэгжүүлэхийг тодорхой заагаагүйгээс шалтгаалж арилжааны даатгалын компаниудад албан журмын даатгал эрхлэх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос олгожээ. Мөн Даатгалын тухай хуулийн 12 дүгээр зүйлд заасан албан журмын даатгалын олон  хэлбэрүүдийг тодорхой чиг үүргийн дагуу нэгтгэн зохион байгуулах үүрэгтэй хуулийн этгээдэд жолоочийн хариуцлагын даатгалын чиг үүргүүдийг хавсруулан гүйцэтгүүлж өнөөдрийг хүрсэн нь бодлогын алдаа болсон байгааг хуулийн төслийн талаарх танилцуулгад дурдсан байв. 

Хууль санаачлагч нь ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг байгуулан нийтийн болон даатгуулагчдын ашиг сонирхлыг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах өргөн зорилт бүхий цогц системийг бий болгох, ингэснээр тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх зохистой тогтолцоог бий болгох, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тодорхой үйл ажиллагааг бодитойгоор хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хууль хоорондын зөрчлийг арилгаж, хохирогчийн эрх, ашгийг хамгаалах эрх зүйн үндсийг бэхжүүлнэ гэж үзэн уг хуулийн төслүүдийг боловсруулжээ. Төсөл санаачлагч нь Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу олон нийтийн хэлэлцүүлэг хийх болон Засгийн газрын саналыг авах үед тус хуулийн төслийн нэрийг Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэж өөрчлөх нь зүйтэй гэсэн саналыг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр төсөл санаачлагчид хүргүүлсэн байна. Уг саналын дагуу хуулийн нэрийг Жолоочийн даатгалын тухай гэж өөрчлөх нь хуулийн төслийн агуулга, зохицуулалтыг бүрэн илэрхийлэх боломжгүй гэж төсөл санаачлагч үзсэн тул төслийн нэрийг Автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хууль гэж нэрлэхээр тогтсон аж.

Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахын өмнө УИХ дахь  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн горимын санал гаргаж, Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн байр суурийг нэгтгэх шаардлагатай тул хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоол хүчин төгөлдөр боллоо

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын...

Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт...

Хөгжим судлаач, доктор Ж.Энэбиш Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, анхдугаар Үндсэн...