Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар зам, тээврийн салбарын цаг үеийн ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр зам, барилгын ажлын явцын талаар эхлээд мэдээлэв. Авто замын салбарт энэ онд нийт 95 төсөл, ажил хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс барилгын ажил 71.5 хувьтай хэрэгжиж байгааг дуулгав.
Энэ онд 1702.7 км хатуу хучилттай авто зам, 15 байршилд 1338.6 урт метр төмөр бетон гүүрийн барилга, их засвар, шинэчлэлтийн ажлыг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна.
Үүнээс нийт 326.3 км хатуу хучилттай авто зам, 550 урт метр төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 65.3 км хатуу хучилттай авто зам, 483.8 урт метр төмөр бетон гүүрийг улсын ашиглалтад хүлээн авчээ. Онгийн голын 54.8 м, Онон голын 209 м, Орхон голын Онгоцтойн амны 220 м төмөрбетон гүүрийг ашиглалтад оруулаад байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар:
- Мянганы замын хэвтээ тэнхлэгийн Орхон гол-Их тамир чиглэлийн 63 км авто зам 65 хувь,
- Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км авто зам 71.6 хувь,
- Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн 50 км авто зам 80.9 хувь,
- Чингис хот-Дадал сум чиглэлийн 50 км авто зам 80 хувийн гүйцэтгэлтэй он дамжин хэрэгжихээр болжээ.
Гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар:
- Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км авто зам 95 хувь,
- Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 60 хувь,
- Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн Өлгий хотыг тойрон гарах 18.8 км авто зам 65.5 хувийн гүйцэтгэлтэй он дамжин хэрэгжихээр байна.
- Энэ онд шинээр эхлүүлсэн Улаанбаатар-Дархан чиглэлийн 202.4 км авто замын өргөтгөлийн 2 дугаар үе шатны барилгын ажил 25 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.
Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулвал Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.2 км төмөр замын төсөл:
Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Мандах, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамарсан 416.2 км урт, 1 өртөө, 6 зөрлөг бүхий төмөр замын доод бүтцийн барилга угсралтын ажил 100 хувь, дээд бүтцийн үе угсралтын ажил 97.6 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэхүү төслийн барилгын ажил дээр дулааны улиралд, ид ажлын үед нийт 146 ААН, 6,153 хүн хүч, 2,871 машин механизм ажиллаж байв.
Төслийн үлдэгдэл санхүүжилтийг шийдвэл, барилгын ажлыг ирэх оны 2 дугаар улиралд багтаан дуусгана.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр замын төсөл:
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын доод бүтцийн барилга угсралтын ажил 96.2 хувь, дээд бүтцийн барилга угсралтын ажил 86.7 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төмөр замын барилгын ажил дээр өнөөдрийн байдлаар нийт 2280 хүн хүч, 752 машин механизм ажиллаж байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрийг хамарсан 233.6 км урт, 2 өртөө, 6 зөрлөг бүхий төмөр зам ашиглалтад орсноор төмөр замын тээврээс 227 сая ам.долларын орлогыг бүрдүүлэх боломж бүрдэнэ. Жилд дунджаар 58.4 сая ам.долларын татварыг улсад төвлөрүүлж, шинээр 2000 гаруй шууд болон шууд бус ажлын байр бий болно гэв.