Даваа гарагаас эхлэн нийслэлийн зарим шатахуун түгээх станц АИ-92 шатахууны борлуулалтаа зогсоож, зарим нь тодорхой хязгаартайгаар худалдаалж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор УУХҮ-ийн сайд Г.Ёндон, АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр болон шатахуун импортлогчдын төлөөлөл өчигдөр мэдээлэл хийлээ.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар манай улс нийт 843660 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Төрлөөр нь ангилбал, А-80 29408, АИ-92171216, АИ-95 9270, АИ-98 660, дизелийн түлш 491120, онгоцны түлшТС 18106, шингэрүүлсэн шатдаг хий 3531, бусад 120348 мянган тонныг татаж авсан аж.
Петровис компанийн гүйцэтгэх захирал Б.Байгальтуяа:
-Манай компанийн нөөцийн хувьд баруун тав болон зүүн таван аймагт шатахууны нөөц хэвийн байна. Гэвч төвийн бүс болон нийслэлд 3-4 хоногийн л нөөц үлдээд байна. Петровис компани өнөөдрийн байдлаар төвийн бүс болон нийслэлд 30 мянган төгрөгийн борлуулалтын хязгаар тогтоосон. Ингэж хязгаар тогтоолоо гээд нөөцийн хугацааг долоон хоног л болгож сунгана. Өнгөрсөн долоо, наймдугаар саруудад ОХУ-аас авсан шатахуун захиалгын хэмжээндээ хүрээгүй.
Энэ сард ч мөн захиалснаасаа маш бага хэмжээний шатахуун авсан. Бид энэ сард “Роснефть” компаниас 17 мянган тонн шатахуун захиалсан боловч Оросын тал одоогийн байдлаар 1500 тонныг нь л нийлүүлээд байна. Түүнчлэн шатахуун худалдан авах бэлэн мөнгөгүй болсон маань өнөөдрийн хомсдолд ч нөлөөлсөн. Зах зээлийн хуулиараа бол АИ-92 шатахууны үнэ 2200 төгрөг болохоор байгаа. Манай компани 20-иод тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Одоо бид нэг тонныг 733 ам.доллароор худалдан авч байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 шатахууны 16 хоногийн нөөц байгааг АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр мэдэгдлээ. Мөн Шунхлай группт АИ-92 шатахууны долоон хоногийн, Магнай трэйд 2.5 хоногийн нөөцтэй байна. Өөрөөр хэлбэл, нийслэлд АИ-92 шатахууны дөрөв хоногийн нөөц үлджээ. Шатахуун хомсдол бий болж байгаа нь ОХУ-аас тогтоосон гэнэтийн хориг, БНХАУ-ын төмөр замын ачааллаас үүдэлтэй гэдгийг салбарын яам болон холбогдох албаныхан мэдээлж байна.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон:
-Манай улс сард 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэж, 95 хувийг нь хойд хөршөөс импортолдог. Ангарскийн үйлдвэрт засвар хийх болсонтой холбоотойгоор өнгөрсөн сарын сүүлчээр 28 мянган тонн бензин нийлүүлэх боломжгүй, 17 мянган тонныг нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Иймд бид БНХАУ-ын төрийн мэдлийн China oil компанитай гэрээ хийсэн. Манай талаас шатахуун импортлогчид гэрээгээ хийж, мөнгөө төлсөн. Наашаа зөөх галт тэрэгнийхээ кодыг ч авсан байсан. Гэтэл өчигдөрхөн ОХУ 9-10 мянган тонныг нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдлээ. Зэрэгцээд БНХАУ-ын Боловсруулах үйлдвэрээс төмөр замд вагон тавих боломжгүй болсноо хэлж байна.
Уг нь нэг сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг урд хөршид төлсөн байсан. Тиймээс бид үүсээд буй нөхцөл байдлаа БНХАУ-ын Элчин сайд Цай Вэнрунд уламжиллаа. Хятадын талаас эхний вагон 5-7 хоногийн дараа орж ирнэ. Тэр хүртэл ААН-үүд хязгаарлалттайгаар буюу 30 мянган төгрөгт л шатахуун худалдана. Мөн манай яамны мэргэжилтнүүд маргааш “Роснефть”-ийн дэд захиралтай уулзана.
Шатахууны хомсдол үүссэн бас нэг шалтгаан нь ААН-үүдтэй холбоотой. Нөөц бүрдүүлэлтэд тун хангалтгүй ажилласан. Шатахууны зах зээлийг хувийн хэвшил 100 хувь хангадаг. Хэрэв шатахууны хомсдол дахин давтагдвал хуучных шиг төр өөрөө зохицуулахыг үгүйсгэхгүй. Гэхдээ ийм байдал үүсэхгүй болов уу гэж найдаж байна. Төрийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авсан. Засгийн газрын журам гарган, 30 мянган тонн нөөц бүрдүүлэх шийдвэр гаргасан. Улс өөрийн нөөцтэй байх ёстой. Төрд агуулах ч алга. Уг нь хувийн хэвшил концессийн гэрээгээр агуулах барих гэрээ байгуулсан ч үүргээ биелүүлээгүй.
АМГТГ-ын дэд дaрга Ц.Эрдэнэбаяр:
Шатахууны хомсдол үүснэ гэсэн сургаар зарим хүн АИ-92 бензинийг их хэмжээгээр худалдан авч, нөхцөл байдлыг улам дордууллаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд дөрөв хоногийн нөөцтэй байна. Дархан, Эрдэнэтэд мөн хязгаарлалттайгаар худалдаж байна. Өнгөрсөн баасан гарагт зарим аж ахуйн нэгж бензиний үнийг үндэслэлгүй нэмсэн. Тиймээс бид албан шаардлага хүргүүлсэн. Цаашид ийм байдал үүсгэвэл тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна.
Мөн “Роснефть” компани гэрээний үүргээ биелүүлээгүй тул мөнгөн торгууль төлнө. Өмнө нь Ангарскийн үйлдвэр засварт ордог байсан ч манайд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг л байсан.