2026 оны 11 дүгээр сарын 4 буюу Арвандолоодугаар жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морь жилийн намрын сүүл сарын 25-ны өдөр Монголын бурхны шашны тэргүүн анхдугаар Богд Жэвзүндамба хутагт, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэн өдөр тохиож байна. Энэ өдөр “Зүүн хүрээ” коллеж санаачлан Соёмбо үсэг зохиосны 340 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Мөн Р.Отгонбаатар, А.Алтангэрэл, Д.Энхтайван, Б.Амарсанаа, С.Чулуунбаатар, Т.Жамьянсүрэн, Ц.Мөнх-Эрдэнэ, М.Эрдэмбилэг, Я.Эрдэнэбаяр, Э.Цэнгүн, Ч.Ариунжаргал, Ж.Батцэцэг, Ж.Энхжаргал, Б.Оюунчимэг, Т.Оюун-Эрдэнэ, Д.Лхагвадулам нарын “Номт улс оршихуй” хамтарсан үзэсгэлэнг “Зүүн хүрээ” Дашчойлин хийдийн Майдарын дуганд дэлгэн толилуулав.
“Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурлыг “Зүүн хүрээ” Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам, доктор, профессор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дамбажав нээж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, тэргүүн дээд “Чингис хаан” одонт зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо үг хэллээ. Мөн Өндөр гэгээн Занабазарын түмэн өлзий гийсний 391 жилийн ой, Соёмбо үсэг зохиогдсоны 340 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бичиг баримт, хяналт шинжилгээний газрын дарга, доктор С.Янжинсүрэн эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчдод уншиж сонордуулсан.
Эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэлийг “Зүүн хүрээ” Дашчойлин хийд, Бурханы шашин, соёл судлалын хүрээлэнгийн доктор Г.Мягмарсүрэн “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо үсэг” сэдвийн хүрээнд түүх, шашин, соёлын уялдаа холбоо, нарийн шижим, бичиг, үсгийн өв, уламжлал, Өндөр гэгээний ер бусын авьяас, билиг оюун, зөн мэдрэмж, урлахуй ухааны гайхамшгийг сонирхолтой баримт, бодит жишээнд тулгуурлан тайлбарлалаа.
Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэгчид болон илтгэлийн агуулгуудыг дор зургаар оруулав.









