Төрийн өмчит зарим компанийн хувьцааны тодорхой хэсгийг төвлөрүүлж, дотоод болон гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдад нээлттэй санал болгох Хөрөнгө оруулалтын сан байгуулах ажлын хэсэг өнөөдөр ээлжит хурлаа хийлээ.
Хурлаар ажлын хэсгээс хэрэгжүүлсэн арга хэмжээний явц, үр дүнг танилцуулж, төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогын төслийн хүрээнд Хөрөнгө оруулалтын санд шилжүүлэх хувь эзэмшлийн хэмжээ, хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээний ажлын даалгаврын төсөл, мөн сангийн эрх зүйн бүтэц болон бусад асуудлыг хэлэлцэв.
Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд:
• “Блэк Рок ФМА” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, техникийн түвшний уулзалтууд зохион байгуулав.
• Төрийн өмчит компаниудын өмчлөлийн хэлбэрийн талаарх саналуудыг Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаатай уялдуулах чиглэлээр холбогдох талуудтай зөвшилцөв.
• Сангийн эрх зүйн хэлбэр болон хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх бүтэцтэй холбоотой хууль зүйн дүгнэлт боловсруулав.
• Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD)-ны хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн хөгжлийн багтай хамтын ажиллагааны асуудлаар уулзалт хийжээ.
Хуралдаанд ажлын хэсгийн дарга, Сангийн дэд сайд Б.Хулан, ЗГХЭГ-ын дэд дарга, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Цолмон, тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай болон ажлын хэсгийн бусад гишүүд оролцлоо.

