Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар дэслэгч генерал Цэвэгсүрэнгийн Тогоо Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр томилогдлоо.
Дэслэгч генерал Цэвэгсүрэнгийн Тогоо нь 1972 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургуулийг, 1976 онд Цэргийн ерөнхий дээд сургуулийг, 1983 онд ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академийг Цэргийн дээд мэргэжилтэй улс төрийн ажилтан, Их, дээд сургуулийн нийгмийн ухааны багш мэргэжлээр тус тус төгсчээ. 1998 онд Улсын Багшийн их сургуулийн Боловсролын хүрээлэнд докторын зэрэг хамгаалсан байна.
Тэрбээр 1976-1977 онд Монголын Ардын армийн 196 дугаар ангид Салбарын захирагчийн улс төрийн орлогч, 1977-1979 онд Монголын Ардын армийн 150 дугаар ангид Салбарын захирагчийн улс төрийн орлогч, 1983-1985 онд Монголын Ардын армийн 149 дүгээр ангид Захирагчийн улс төрийн орлогч, 1985-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн хэлтсийн орлогч дарга, 1989-1990 онд Монголын Ардын армийн 256 дугаар нэгтгэлийн Улс төрийн хэлтсийн дарга, 1990-1991 онд Монголын Ардын армийн Улс төрийн газарт Ахлах зохион байгуулагч, даргын туслах, 1991-1996 онд Цэргийн их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, 1996-1997 онд Батлан хамгаалах яамны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1997-1999 онд “Женко” коллежид дэд захирал, 1999-2000 онд “Оюуны өргөө” коллежид захирал, 2000-2002 онд Батлан хамгаалахын дэд сайд, 2002-2009 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, 2012 онд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2014 онд АНУ-ын Зэвсэгт хүчний Төвийн командлалд Үндэсний ахлах төлөөлөгч, 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.