Сэтгүүлч Г.Сонинбаяр
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Бааст гуайн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ардын хувьсгалтай нас чацуу энэ эрхэм буурал зохиолч саяхан болтол бидний дунд аж төрж, 97 насандаа Хөдөлмөрийн баатрын алтан таван хошуу энгэртээ гялалзуулсан билээ. Б.Бааст зохиолчийн намтар, уран бүтээлийн тодорхой хэсэг “Монголын үнэн” сонинтой холбоотой. Тэрбээр манай сонины ахмад үеийнхний нэг. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ гуайн үечилж үзсэнээр 101 жилийн түүхтэй “Монголын үнэн” сонины уран бүтээлчдийг 1920-1940-өөд он хүртэлх буюу алтан үеийнхэн, дэлхиин хоёрдугаар дайны хүнд он жилүүд болон дайны дараах бүтээн байгуулалтын үеийнхэн буюу ахмад үеийнхэн, 1960-1990-ээд оныхон буюу дунд үеийнхэн, 1991 оноос хойших орчин үеийнхэн хэмээн дөрөв хуваадаг.
Энэ үечлэлээр авч үзэхэд Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бөхийн Бааст гуай дайны хүнд он жилүүд болон 1950-иад оны үед “Монголын үнэн” сонины хуудаснаа зохиол бүтээл, өгүүлэл, тэмдэглэлээ нийтэлж явсан ахмад үеийн нэгэн тод төлөөлөгч юм. Тухайн үед Ц.Дамдинсүрэн, С.Дашдэндэв, С.Удвал, Ч.Лодойдамба, Л.Бадарч, Л.Цэнд-Очир, М.Бизъяа, Ц.Цэдэнжав, Ш.Нацагдорж гээд орчин үеийн утга зохиолын нэгэн үеийнхэн “Үнэн” сониноор овоглож байжээ. Монголын уран зохиол, сэтгүүл зүйн салбарын нэгэн гайхамшигт хүмүүн, нэрт зохиолч Бөхийн Баастын мэндэлсний 100 жилийн ойд хүндэтгэл үзүүлэн эрхэм зохиолчийн тухай тэмдэглэлээ өргөн барьж байна.
Наян жил туурвисан намтар баян зохиолч
Б.Бааст гуай анхны шүлгээ 15 настайдаа 1936 онд бичсэн гэдэг. “Миний нутаг” нэртэй уг шүлэг нь 1940 онд “Монголын ардын хувьсгалын үндэсний соёлын зам” сэтгүүлд анх хэвлэгдэж байжээ. Анхны шүлэг нь сэтгүүлд хэвлэгдэж урам зориг бадарсан залуу зохиолч хойтон жил нь Ардын хувьсгалын 20 жилийн ойд зориулсан шүлгийн уралдаанд оролцон дөрөвдүгээр байр эзэлж их жанжин Д.Сүхбаатарын гэргий С.Янжмаагийн гарын үсэг бүхий батлахаар шагнуулсан гэдэг.
Хар багадаа ээжээсээ хагацан олон өнчин хүүхдүүд үлдэж хатуу хөтүүг туулж хүний цээнд хүрсэн, 1940 онд нийслэлд анх хөл тавьж нэгдүгээр сургуулийн анхны есдүгээр ангийн сурагч болж улмаар МУИС байгуулагдахад Мал эмнэлгийн ангид элсэн суралцсан, 1951 оны “Улсын ударник” болсон гээд Б.Бааст гуай тун сонин содон намтартай хүн. Тэрбээр ардын хувьсгалтай нас чацуу.
Төрийн шагналт зохиолч С.Удвал, нэрт орчуулагч С.Доржпалам, яруу найрагч М.Дэмчигжав, А.Самбалхүндэв, Д.Даниэль гээд түүнтэй нэгэн онд, Ардын хувьсгалын жил төрсөн уран үгийн алдартай дархчууд Монголын уран зохиолд нэр, мөрөө үлдээжээ.
Монголын хамгийн их өвтэй, хамгийн хөдөлмөрч зохиолч гэвэл Б.Бааст гуайг л нэрлэнэ. Түүнийг Монголын уран зохиолын амьд нэвтэрхий толь гэж нэрлэдэг байв. Үнэхээр Б.Бааст гуай 92 жилийн түүхтэй Монголын утга зохиолын 84 жилийн түүхийнх нь гэрч болсон хүмүүн тул ингэж хэлэхээс өөр аргагүй. Тиймээс академич Б.Ширэндэв, төрийн шагналт зохиолч Э.Оюун, С.Удвал гээд олон зохиолч, бичгийн хүмүүсийн тухай дурсамжийн номыг Б.Бааст гуай л бичсэн юм. Тэрбээр 1981 онд тэтгэвэртээ гарснаас хойш насан элтлээ 40-өөд жил үзэг барилгүй өнжсөн нэг ч өдөр байхгүй гэдэг. “Өдий насанд ингэж зогсоо зайгүй зохиол бүтээл, дурсамж бичээд ядрахгүй байна уу” гэхэд “Ядрахыг мартсан хүн шүү, би. Аугаа их Маркс ширээнийхээ ард ажлаа хийсээр суугаагаараа өөд болсон гэдэг биз дээ.Тэгэхэд адгийн жаахан Бааст тэгж суугаад үхэж яагаад болохгүй гэж” хэмээн адарсан удаатай. 85 насных нь ойн өмнөхөн түүнтэй уулзаж ярилцлага авахад “Үхэлтэй социалист уралдаан зарлачихаад завгүй байна” хэмээн нуг нуг хөхөрч байж билээ. Хожим 95 насны ойгоо тэмдэглээд, зохиолч нөхдийнхөө хошин цэцэн ярианд хөгжсөн шигээ өнөө л сурсан зангаараа нуг нуг инээн суухад нь ойрхоноос харж, цэцэн цэлмэг яриа хөөрөөг нь сонсож байв.
Өөрөөс нь нэлээд хэдэн насаар дүү боловч тэрбээр Ардын уран зохиолч П.Бадарчтай үе тэнгийн юм шиг нөхөрлөнө. Тэд бие биеэ хөөрхөн “явуулж” хоржоонтой үгээр чимхэж, гэмгүй цагаан инээд цацрааж суух дуртай байв. Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав, Дөнгөтийн Цоодол гээд Бааст гуайгаас тоолбол нас дүү ч, төөлбөл бие өндөр, үй зайгүй үерхдэг найрагчид олон. Тэд 95 насны нь ойн баярт уригдан очиж Б.Бааст гуайн тухай, түүнтэй анх хэрхэн танилцан талаараа сонирхолтой дурсамж дэлгэсэн нь нэн амттай сан.
П.Бадарч найрагч л гэхэд эдүгээгээс бүтэн жарны тэртээд, 1960-аад онд Б.Бааст гуайн барааг анх харж, танилцаж байсан гэдэг. Бие нь намхан ч бичсэн номуудыг нь давхарлаад өрөх юм бол хамгийн өндөр нь Б.Баастынх хэмээн тухайн үед зохиолч нөхөд нь түүний тухай наргиа болгон ярьдаг байжээ.
Олны сайн мэдэх тууж, өгүүллэгүүдээсээ гадна Б.Дамдинсүрэнгийн ая “Шинэ жил”, Г.Дарамзагдын ая “Миний эх орны өглөө”, С.Гончигсумлаагийн ая “Хургачин”, “Унага”, “Хөвчийн өндөр мод”, Л.Мөрдоржийн ая “Маргааш цэрэгт мордлоо”, Лха.Доржийн ая “Ардын эрх”, Д.Лувсаншаравын ая “Тахианы дэгдээхэй”, Ж.Чулууны ая “Хайрын дуу”, Б.Цогоогийн ая “Намрын шөнө голын эрэг дээр”, Д.Ганчимэгийн ая “Хүүгийн дуу” гээд Б.Бааст гуай олон дуутай. Жанчивлангийн амралтад танилцсан Сүндэръяа бүсгүйгээ хорьдын саран мэлтэрсэн намрын шөнө цав цагаан даашинзтай Туул голын эрэг дээр зогсоож байгаад “Намрын шөнө голын эрэг дээр” дууныхаа шүлгийг бичиж байсан романтик дурсамж түүнд бий. Энэ тухай ярихаараа зураач нар эмэгтэй хүний хөрөг зурдаг шиг л юм болсон доо гээд хөхөрдөг байв.
Б.Бааст гуайн тухай энэ мэтээр яриад байвал дуусахгүй. Арван тавхан настай алдрай багаасаа 97 настай азай буурал болтлоо үзэг амраалгүй туурвисан энэ эрхэм хүний намтар түүх, бүтээлийн өв яндашгүй билээ. Тэр бүхний нь тухай тоочиход үлэмжхэн цаг, цаас орох тул Б.Бааст гуайтай сэрүүн тунгалагт нь хийж байсан ярилцлагуудаасаа онцлох эшлэл үгсийг толилуулж байна.
“Би 80 жил бичих, унших хоёр байнгын түшигтэй явсан. Миний онгод тэр байх”
-Анхны шүлгээ 1936 онд 15-тайдаа бичиж байлаа. “Миний нутаг” гэдэг шүлэг бичсэн юм. Тэр үед би Ховдод сургуульд сурч байлаа. Багш нар маань миний шүлгийг хотоос ирсэн Боловсролын сайд нарт байнга өгч явуулдаг байж л дээ. Манайд нэг ийм юм бичдэг хүүхэд байна. Бичсэн юмыг нь харж үзээч, болбол сонинд нийтэлж өгөөч л гэдэг байсан юм уу даа. Баттөмөр, Дамба, Нацаг гээд л гурван ч сайдыг дараалан очиход нь шүлгийг минь тэдэнд өгч л дээ. Тэгж байтал 1940 онд “Монголын ардын хувьсгалын үндэсний соёлын зам” гэдэг сэтгүүлд 1936 онд бичсэн анхны шүлэг маань хэвлэгдэн гарсан түүхтэй.
-Би 80 жил бичих, унших хоёр байнгын түшигтэй явсан. Миний онгод тэр байх.
-Дурсамж бичиж суухын оронд зохиолуудаа бичмээр санагдаад байна. Үхэл бид хоёр “социалист уралдаан”-ы үүрэг авчихаад үзэлцэж байна шүү дээ.
-Уянгын аястай бичигдсэн тууж, өгүүллэгүүддээ илүү найдлага тавьдаг. Энэ талаар овоо гаршсан ч юм шиг. Залуу нас, туулсан амьдрал минь тэр талдаа түлхүү өгөөж буянтай юм үзүүлж, амсуулсан бололтой.
-Миний тууж өгүүллэгүүд дотор Монголын уран зохиолын урын санд миний нэрийг сэвтээхгүй авч үлдэх тууж, өгүүллэгүүд бий гэж бардам хэлнэ шүү.
-Би 1940-өөд оноос л цуглуулж эхэлсэн өвтэй хүн. Тэр өвөө бүгдийг нь устгасан. Үүнийг маань өвлөх хүн алга байна шүү дээ. Тиймээс өвөө үрэн таран хийгээд дууслаа.
-Ер нь миний гол уран бүтээлүүд рашаан амралтад явсантай минь холбоотой төрсөн. Учир нь тэнд очоод ямар нэгэн сатаарах зүйлгүйгээр тууштай уран бүтээлээ хийх боломжтой. Харин хотод бол янз бүрийн юманд цаг их үрдэг.
-Дууны шүлэг яруу найргийн маш энгийн агаад нарийн төрөл. Шүлэг бүхэн дуу болохгүй. Дууны шүлэг төрөхөд зохиолчид ямар нэгэн шалтаг, шалтгаан нөлөөлнө. Тэгээд түүндээ зохиолч оюун бодол бие сэтгэлээрээ шингэнэ. Өөрөөр хэлбэл юуны тухай дуу бичих гэснээ л төгс төгөлдөр илэрхийлж чадвал үг бүтэх нь тэр. Үүний дараа ая зохиогч уг үгэнд сэтгэл оюунаа шингээх учиртай. Тэгээд дуучин уг дууг эх барьж дуулан олны сонорт хүргэнэ. Дуу бүтээх тулгын гурван чулуу гэдэг энэ л дээ.
-Авьяас тэтгэвэрт гардаггүйг бодсон ч тэр, зохиолчдын байгууллагаас тэтгэвэрт гарсан тэр өдрөөсөө аваад эдүгээг хүртэл би мэргэжлийн зохиолч гэсэн үнэмлэхтэй яваагаа бодсон ч тэр, би Зохиолчдын хороонд үндсэндээ 60 жил тасралтгүй ажилласан ганц зохиолч.
-Насны нар хэвийнэ гэдэг уран бүтээлч хүнд хоёр зүйлийн лут шахалт, шаардлага тавьдаг юм байна. Нэгд, цаг, нас, цас гуравт баригдалгүй, урьд жилүүдийнхээсээ олигтой юм хий гэдэг. Хоёрт, уран бүтээлч хүн тэртэй тэргүй бичих юмандаа дарагдаж, баригдаж суудаг. Тэгэхээр өчүүхэн биеийнхээ алжаал ядаргааг урдаа барилгүй, аль болохоор ахиу тулхүүхэн шиг юм бүтээ гэдэг юм байна. Би энэ хоёр жаягийг барьж сууна.
-Монголын зохиолчдоос азаар Ц.Дамдинсүрэн гуайн гэр музей бий. Харин Б.Ринчен гуайнх алга. Э.Оюуных ч алга. С.Удвалых хаана байна. Бас л алга. Академич Б.Ширэндэв, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гээд л олон алдартнуудын өв сан тун арвин байх учиртай. Тэд бүгд үрэгдсэн. Би өөрөө ингээд үрэгдүүлчихэж байхад тэднийх бол арга ч үгүй юм даа. Үүнд их гомдож явдаг.
-Манай мэдээллийн бүх хэрэгсэл, сонин хэвлэл, зохиолчид, ялангуяа залуу сурвалжлагчид, сэтгүүлчид эх орныхоо өнөөдрийг, энэ эх орны нэрийн хуудас болж яваа бүх сайхан хүмүүс, ялангуяа малчид тариаланчид, ажилчин хүмүүсээ сох мартчихаад, тэднээсээ амьдаараа тасарчихаад байна шүү дээ.
-Энэ зуунд энэ дэлхий ертөнц тун их эвгүйрэх нь ээ. Эвгүй болох тэр юмыг хүмүүс бид өөрсдөө хийлээ. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг. Тэр л болох нь.
-Бичсэн бүхэн нь хүний гар хүршгүй ариун нандин бүтээл болсон тийм суутны тухай дуулаагүй. Асар их хөдөлмөрлөж, олон олон зохиол бичиж байж, түүнийхээ үр дүнд сайхан зохиол бүтээсэн зохиолч гэвэл харин бишгүй байдаг шүү дээ.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин