Р.Раш: Ялааг тэмээ болгон ярих тусгүй

“News press.mm” сайтын “Улс төр” буланд сэтгүүлч У. Оргилмаагийн бичсэн Замын–Үүд түгжрэлийг “Загалмайлсан” сайдыг зайлуулж хариуцлага тооцно уу!!! гэсэн гарчигтай бичил нийтлэлийг уншаад төрсөн сэтгэгдэлээ илэрхийлэх нь:

Эхлээд шууд хэлэхэд энэ гүтгэлгийг захиалж бичүүлж байгаа улс төр сонирхогч ч, захиалгыг хэрэгжүүлж бичиж байгаа сэтгүүлч ч ёстой нөгөө ноён Хутагт Данзанравжаагийн хэлснээр “Ичиг ичиг” санагдаж байна.

Миний бие төмөр замд нэгэн насыг элээж байгаа ахмад төмөр замчин, нөгөө талаар улс төрийн тогоонд далай шиг эрчүүдийн дунд хэдэн жил чанагдсан хүний хувьд улс төр гэдэг ойлголтыг бага зэрэг гадарлана. Улс төр гэдэг бол хий хоосон хов жив, мөрөөрөө ажлаа хийж байгаа хүний нэр хүндийг гутаах гэсэн гүжирдлэг огтхон ч биш. Харин улс төр гэдэг бол эдийн засгийн төвлөрсөн илэрхийлэл гэж хэлдэг юм. Тэр хойноос 2021 оны 3-р сард хил давж орж ирсэн 1200 чингэлэг бүхий рапс нэртэй ачаанд генийн өөрчлөлт байсныг Халтар сайд яаж мэдэх юм бэ? Үүнийг чинь Орос Монголын хилийн хорио цээрийн албадын лабораториуд ачаанаас нь дээж аваад шинжилж, илрүүлэх ёстой биз дээ. Ийм юмыг хаа байгаа Халтар руу чулуу шидэж байгааг гайхаж байна. Зам тээврийн сайд хил гаалийн ажлыг хариуцдаггүй. Ийм дутагдал бас байна гэдгийг Замын–Үүдээс ирээд Засгийн газартаа илтгэж түүний дагуу Улсын ерөнхий сайд Замын–Үүдийн ажилтай танилцсан байх. Түүний мөрөөр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан хууль хяналтынхан газар дээр нь ажиллаж ямар дутагдлууд бугшиж байсныг илрүүлж идээ бээрийг нь шахсаныг монголчууд мэднэ.

Дашрамд тэмдэглэхэд тээврийн ажилд дутагдал байгаа байх тэдгээрийг арилгахын тулд Хятадын талтай элбэж нягт хамтран ажилласнаар ажил шуурхай болж сайжирч байгаа. Ер нь өөгүй өндөг юм амьдрал дээр байдаггүй шдээ. Ялааг тэмээ болгон ярих нь тусгүй. Нилээд эртхэндээ Халтарын гэр бүл, түүний дотор өвчтэй байгаа хүүхдээр нь хүртэл оролдоод л байсан. Өвчнийг нь далимдуулж тавлаж байгаа юм шиг муухай санагдсан шүү. Сайд Халтар бол төмөр замын шилдэг инженерүүдийн нэг, сайн удирдагч хүн гэдгийг бид мэднэ. Хувийн ашиг сонирхлын талаар зөрчил байхгүй гэдгийг тээвэрчид мэднэ. Амины юмыг ард нь тавьж, албаны ажлыг урд нь тавьж чаддаг нэгэн. Хүмүүжил нь тийм юм. Өнөөдөр мөрөө сэтэртэл зүтгэж, ажиллаж байгаа нь нэр хүндээр хохирч, хувийн амбицдаа хөтлөгдөж амины юмаа ямар ч хамаагүй аргаар амжуулахын төлөө улайр ч байгаа нөхөд жолоогоо татвал таарна гэдгийг хэлмээр байна. Нийгмээ цэвэршүүлэхийн төлөө их багагүй ихэр, сөнгө үгүй зүтгэцгээе. Хэрүүл ихтэй газар хиншүү хүртэл тогтдоггүй гэдэг үгийг санацгаая.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш