Нийслэлийн ИТХ-ын ээлжит VII хуралдаанаар Улаанбаатар хотын төвлөрлийг зохицуулах нэгдсэн хөтөлбөрийг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын автозамын сүлжээг нэмэгдүүлэх, хот төлөвлөлтийн зохицуулалт, нийтийн тээврийн шинэчлэл, хууль эрх зүйн зохицуулалт бүхий чиглэлүүдийг багтаасан нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд хотын гол болон туслах замуудыг шинээр болон өргөтгөн шинэчилж, хотын тойрог замын сүлжээг шинээр бий болгон, нүхэн гарц байгуулах, авто замын газар чөлөөлөлт зэрэг ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлэх юм.
Мөн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автобусны парк шинэчлэл, менежментийн өөрчлөлт хийх, багтаамж ихтэй нийтийн тээврийн төрөл нэвтрүүлэх /LRT/-ээр төлөвлөжээ. Ингэснээр Улаанбаатар хотын түгжрэлийг 50 хувь бууруулна гэж тооцож байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажил, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ газар доорх инженерийн байгууламж, шугам сүлжээг эвддэг, гэмтээдэг байдал бий. Нэг гараараа ажил хийгээд, нөгөө гараараа өөр нэг ажлыг нураагаад байж болохгүй. Тиймээс аливаа ажлыг хийхдээ маш сайн анхаарах хэрэгтэйг сануулав.
Мөн тэрбээр Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болоод буй хэт төвлөрөл, түгжрэлийн асуудлаас болж нийслэлийн иргэд эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч байгаа. Тиймээс энэ асуудал дээр Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид анхаарал тавьж, иргэд, олон нийт, судалгааны байгууллагын байр суурь, санал хүсэлтийг Ажлын хэсэгтэй холбож өгөх гүүр болон ажиллахыг үүрэг болгов. Мөн иргэн, аж ахуйн нэгж, хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж байж энэхүү хөтөлбөр үр дүнд хүрнэ гэдгийг тодотгосон юм. Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчдийн зүгээс гаргасан санал, шүүмжлэлийг энэхүү төслийн баг, нийслэлийн Засаг даргад албан ёсоор хүргүүлэх бөгөөд ажилдаа тусгаж ажиллах шаардлагатайг хэллээ.