“Рентгений” Гончигоо эмчийн тухай “олны хөлийн салхинаас” сонсоогүй хүн ер нь ховор доо. Рентген, дүрс оношилгоо, радиологи гэдэг нэр томьёо түүний овог мэт дуудагддаг болохоор ийн хэлж буй хэрэг. Монгол Улсын Хүний гавьяат эмч хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртээд удаагүй байгаа энэ эрхэм бол Монголын радиологийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, “Грандмед” эмнэлгийн дэд захирал, анагаах ухааны доктор, профессор Д.ГОНЧИГСҮРЭН билээ.
ОРШИЛ БУЮУ ГО ЭМЧИЙН ТУХАЙ “ДҮРСЛЭЛ ОНОШИЛГОО”
…Гончигсүрэн эмч ид мандаж, ирээдүйтэй боловсон хүчин гэдгээ салбартаа тунхаглаж эхэлсэн 1990-ээд оны дунд үе. Нийгмийн шилжилт үргэлжилсэн хэвээр, улс орны эдийн засаг ч хөл дээрээ босоогүй, хүмүүсийн амьдрал тарчиг хүндхэн байсан он жилүүд. Монголын анагаах ухааны салбар тэр тусмаа рентген, дүрс оношилгооны салбарын хөгжил өнөөгийнхтэй зүйрлэх аргагүй байв. Өнөө-дөр эмнэлэг бүхэнд шахуу байгаа компьютер томографийн аппарат л гэхэдтухайн үед Монголд ердөө хоёрхон байжээ. 1986 онд Монголын анхны компьютер томографийн аппарат Гуравдугаар эмнэлэгт тавигдаж, 1990 онд хоёр дахь нь Хавдар судлалын үндэсний төвд суурилуулагдаад байв. Тэдгээр компьютер томографийн аппаратыг өнөөгийнхтэй харьцуулшгүй. Үзүүлэлт, хүчин чадал зэргээрээ бичгийн машин, компьютер хоёр шиг хол зөрүүтэй эд байсан гэдэг. Ингээд 2000 онд Монгол Улсын гурав дахь компьютер томографийн аппарат Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт тавигджээ. Энэ бол компьютер томографийн хувьд шинэ үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийн эхнийх нь байв. Уг аппаратыг Японы Засгийн газрын 10 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар суурилуулсны дараа түүн дээр ажиллах мэдлэг, туршлага, чадвартай эмч нар шаардлагатай болсон нь мэдээж.
Клиникийн хоёрдугаар төв эмнэлгийн дарга Ухнаа тухайн үед Гончигсүрэн эмчид хандаж “Энэ тоног төхөөрөмжийг хариуцлагатай хүнд өгмөөр байна. Чи ирж ажиллаач” гэсэн санал тавьжээ. Ингээд Гончигсүрэн доктор 2004 он хүртэл хоёрдугаар эмнэлэгт ажилласан байна. Энэ үед тэрбээр Монгол Улсын бүх компьютер томографийн хариуг ганцаараа бичдэг байсан нь тийм ч холын биш түүх.
Одоо бол компьютер томографийн аппарат ч олон болсон төдийгүй дүрс оношилгооны өндөр мэдлэг, чадвартай эмч нар олноор бэлтгэгдэн гарчээ. Үүнд Д.Гончигсүрэн эмчийн хувь нэмэр асар их бий. Учир нь, тэрбээр дүрс оношилгооны чиглэлээр дагнасан эмч төдийгүй энэ салбарын залуу мэргэжилтнүүд, залгамж халааг бэлтгэхэд үлэмжхэн цаг хугацаа, хичээл зүтгэлээ зориулсан эрдэмтэн багш хүн юм. Тэрбээр Монголын анагаах ухаанд дүрс оношилгооны салбарыг хөгжүүлж, мэргэжилтэй боловсон хүчнийг нь бэлтгэн гаргахад өмнөх үеийн алдартай эрдэмтэн багш нарын залгамж халаа болон зүтгэсээр өнөөг хүрчээ. Анх1991 онд АУИС-ийн рентгений багшаас эхлэн 1999-2008 онд АУИС, ЭМШУИС-ийн Дүрслэл оношилгооны тэнхимийн эрхлэгч, 2008-2011 онд ЭМШУИС-ийн Анагаах ухааны сургуулийн захирлаар ажилласан гэхээр түүний амьдралын 20 жил ЭМШУИС-тай салшгүй холбоотой. Тэрбээр энэ л сургуулийн жирийн багшаас эхлээд тэнхимийн эрхлэгч, захирлаар нь ажиллаж, доктор, профессор цол хүртэн, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хос морьтой, туурвил бүтээлийн тод мөртэй яваа ажээ.
Д.Гончигсүрэн эмч 1981 онд АУИС-аа онц дүнтэй, улаан дипломтой төгсөж сургуулийнхаа Дотрын хоёрдугаар тэнхимд рентген оношилгооны багшаар ажлын гараагаа эхэлсэн байна. 1994 онд магистр, 1998 онд анагаахын доктор, 2010 онд дүрс оношилгооны зөвлөхийн зэрэг хамгаалж, улмаар 2005 онд дэд профессор, 2010 онд профессор, 2003 онд Японы Нагасаки их сургуулийн зочин профессор болсон байна. Эрдэм, судлалын ажлынх нь тойм статистикийг жагсаахад л хэдэн арван хуудас болно. Тоймтойгоос нь дурдахад, дүрс оношилгооны салбарт 1991 оноос хойш 29 жил ажиллахдаа 10 эмчийн доктор, зургаан эмчийн магистр хамгаалах эрдмийн ажлыг удирдаж, таван эмчийн эрдмийн ажилд зөвлөхөөр ажиллаж, 13 эрдэмтний бүтээлд албан ёсны шүүмж бичсэн байна. Сурах бичиг 25-ыг бичиж, эрдэм шинжилгээний 155 өгүүлэл нийтлүүлсний 11 нь гадаадын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлэгдэн хилийн чанад дахь мэргэжил нэгтнүүдийнх нь хүртээл болжээ.
Нэгэнт эрдэм, судлалын ажлынх нь талаар сэжүүр хөндсөнийх Д.Гончигсүрэн эмчийн энэ чиглэлээр хийсэн гол ажлуудыг дурдахгүй өнгөрч болохгүй. 2020 онд 25 жилийн ойтойгоо золгосон Монголын радиологийн нийгэмлэг бол түүний нэрийн хуудас болсон “бүтээл”-үүдийнх нь нэг юм. Энэхүү нийгэмлэгийг 1995 онд анх санаачлан, үүсгэн байгуулж өнөөг хүртэл амжилттай удирдаж, олон улсад нэр хүндтэй байгууллага болгосон нь Гончигсүрэн эмчийн гавьяа гэдгийг салбарынхан нь дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг юм билээ. Монголын радиологийн нийгэмлэг жил бүр дүрс оношилгооны олон улсын хурлуудыг эх орондоо зохион байгуулахаас гадна өөрсдөө гадаадад болж буй хурал, зөвлөгөөнд тасралтгүй оролцож, мэдлэг, мэдээлэл солилцож, ур чадвараа дээшлүүлж байдаг ажээ.
Энэ бүхний үр дүнд Монголын дүрс оношилгооны салбар хөгжлөөрөө орчин үетэйгээ хөл нийлүүлж, Монголын радиологийн нийгэмлэг олон улсад хүлээн зөвшөөрөгджээ. БНСУ-ын радиологийн нийгэмлэгийн конгресс Азид төдийгүй дэлхийд нэр хүндтэй томоохон арга хэмжээ. Уг конгресст Монголын радиологийн нийгэмлэгийнхэн сүүлийн 10 гаруй жил тасралтгүй уригдан оролцож, олон арван илтгэл хэлэлцүүлж иржээ. 2019 онд болсон Солонгосын радиологийн нийгэмлэгийн ээлжит конгрессын хүндэтгэлийн хүлээн авалт дээр гуравхан хүнд үг хэлэх эрх олгосны нэг нь Монголын радиологийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Гончигсүрэн байв. Конгрессыг зохион байгуулагч орон болох БНСУ-ын радиологийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, мөн уг конгрессыг ивээн тэтгэсэн Францын компанийн ерөнхийлөгч хоёртой зэрэгцэн Монголын эрдэмтэн профессор үг хэлнэ гэдэг өндөр хүндлэл байв. Энэ нь тус нийгэмлэг өөрийн лидертэй, өсөн дэгжиж буй боловсон хүчин, эрдэмтэн доктор, профессоруудтай болсны илрэл юм.
Дүрс оношилгооны салбарт тэргүүлдэг АНУ, Тайвань, Энэтхэг болон Европын улс орнуудын Радиологийн нийгэмлэгийн тэргүүнүүд Монголын Гончигсүрэнг хүлээн зөвшөөрч, илтгэлийг нь талархан хүлээж авна гэдэг Монголын дүрс оношилгоо, радиологийн салбарын хөгжлийг харуулсан бахархалтай үйл явдал яах аргагүй мөн.
Гончигсүрэн эмч олон улсын радиологийн хурал, конгрессуудад оролцохдоо төрөөс нэг ч төгрөг гаргуулдаггүй. Бүх зардлыг Монголын радиологийн нийгэмлэгээс, өөрсдөөсөө гаргана. Тэрбээр олон улсын хурлуудад шавь, эмч нараа заавал дагуулж явж, илтгэл тавиулдаг аж. Ингэж шавь нарынхаа нүдийг нээж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэжээ. Олон улсын радиологийн хурлуудад илтгэл тавьсан тоогоороо монголчууд гуравдугаар байрт орж байгаа нь бас нэг бахархал.
Салбарын эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдынхаа бүтээлүүдийг олны хүртээл болгохын тулд Гончигсүрэн эмч “Радиологи” сэтгүүлийг санаачлан гаргаж байгаа аж. Монгол, англи хэл дээр гардаг энэ сэтгүүл бол дүрс оношилгооны салбарынхны хувьд мэргэжлийн чухал гарын авлага, нэвтэрхий толь нь болдог аж. Энэ мэтээр түүний хийсэн ажлуудын талаар олныг өгүүлж болно.
“Чи хийсэн ажлынхаа тухай битгий ярь. Хийсэн ажил чинь харин чиний тухай ярих болно” гэж үг бий. Энэ үгийг Гончигсүрэн эмчид хамаатуулан хэлж болно. Түүний хийж бүтээсэн ажлууд эзнийхээ талаар хэнээс ч илүү өгүүлэх ажгуу. Харин өөртэй нь уулзаж ярилцахад өөрийнхөө тухай гэхээсээ илүү дүрс оношилгооны салбарынхаа тухай, эрдэмтэн багш нар, эдүгээгийн олон шавь, хамтран зүтгэгчдийнхээ талаар л ярина.Хувийн хэвшлийн том эмнэлгийг удирдаж, эмчийн үндсэн ажлаа хийхийн зэрэгцээ эрдэм судлалд чөмгөө дундалж, багшийн хөдөлмөрт зүтгэнэ гэдэг амаргүй. Энэ олон ажлыг хэрхэн амжуулдгийг нь сонирхоход тэрбээр “Бүхнийг маш нарийн төлөвлөж ажилладаг. Дүрс оношилгоогоо ярихаар аяндаа алжаал тайлагдаад ирдэг. Энэ салбар миний амралт, хобби болчихсон. Тиймээс ажлаа би ер бусын дур сонирхолтойгоор хийдэг” гэсэн юм. Залуу насандаа хүсэл мөрөөдөл нь болж асан ажил, мэргэжил нь эдүгээ амралт, хобби нь болсон ажээ.
“СОНГДО”, “ГРАНДМЕД” ХОЁРЫГ БАЙГУУЛАЛЦСАНААРАА БАХАРХДАГ
Д.Гончигсүрэн гавьяат Монгол Улсад ашиглалтад орсон бүх компьютер томографийн аппаратуудын нээлтэд оролцсон хүн. Эрүүл мэндийн дэд сайд асан А.Отгонболд түүнд “Бөөрөнхий юм нээх болгонд та байж байх юм аа” гэж хошигнож байсан удаатай аж. Эзэмшсэн мэргэжил нь юм чинь яах аргагүй тэгж таардаг байх. Япон, Монголын хамтарсан сургалтын эмнэлэгт дүрс оношилгооны хамгийн том төв ашиглалтад орсон, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт Үндэсний оношилгоо, эмчилгээний төв нээгдэж Монгол Улсад анх удаа хамгийн том PET CT аппарат суурилагдаж, цөмийн хурц буюу циклатрон гэж Монголд байхгүй аппарат мөн тавигдсаныг тэрбээр Монгол Улсын дүрс оношилгооны салбарт шинэ дэвшил авчирч байгаа хэмээн сэтгэл хангалуун өгүүлэх аж.
Нэгэн түүх сөхөхөд, Д.Гончигсүрэн эмч 2011 онд ЭМЯ-ны газрын даргаар ажиллах байхдаа Улсын хоёрдугаар төв эмнэлэгт Япон улсын хөрөнгө оруулалтаар дүрс оношилгооны аппарат, тоног төхөөрөмж суурилуулах төслийг зогсоож байсан хүн. Түүнийг яаманд томилогдож очиход Хоёрдугаар эмнэлгийн төслийн тоног төхөөрөмжийн захиалга хийгдчихсэн байж. Манайхны захиалга өгсөн “Эксим” банкны дарга нар нь ирчихсэн, гарын үсэг зурах гэж байхад нь хэлэлцээрийг зогсоосны учир нь уг төслийн хүрээнд тавигдах тоног төхөөрөмжүүд орчин үеийнх биш, Монгол Улсын Үндэсний оношилгооны төвд ашиглах аппарат гэхэд шаардлага хангахааргүй байсан гэдэг. Хамгийн гол нь дээр дурдсан Монгол Улсын анхны хамгийн том PET CT, циклатроны оношилгооны аппарат тавигдаагүй байсан аж. Тиймээс Д.Гончигсүрэн эмч тэрхүү хэлэлцээрийг зогсоосон байна. Дүрс оношилгооны мэргэжилтэй хүн учраас ийм алхам хийсэн хэрэг. Хэрвээ төслийн хэлэлцээр тэр хэвээрээ яваад батлагдсан бол Монгол Улс өнөөдөр PET CT, циклатронгүй байх байжээ. Гэтэл энэ бол хавдрыг эрт оношлоход хамгийн чухал үүрэгтэй аппарат. Монгол Улс ийм аппараттай болоход тэрбээр ийнхүү хувь нэмэр оруулсан ажээ.
Д.Гончигсүрэн эмч “Би амьдралдаа хоёр юманд баярладаг” хэмээн ярьдаг. Эхнийх нь “Сонгдо” эмнэлгийг байгуулсан явдал. Солонгосын “Сонгдо” эмнэлгийн захирал Ли гэж хүн түүнтэй 2003 онд уулзаж, санал тавьсан байна. Ингээд тэр жилдээ “Сонгдо” эмнэлгийн шавыг тавьж, 2007 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулсан. Солонгостоо “Сөүл синеорс тауэр” гээд сүлжээтэй, улсдаа нэртэй бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын шилдэг эмч, хийсэн хагалгааныхаа тоогоор Гиннест бичигдсэн тэр хүн Д.Гончигсүрэн эмчид итгэн шинэ байгуулсан эмнэлгээ хариуцуулжээ. “Сонгдо” эмнэлэг байгуулагдсанаар Монголд 2007 онд анхны 1.5 триллион MRI, анхны 60 тэрбумын зүслэгтэй өндөр хүчин чадалтай компьютер тавигдсан байна. Нөгөө талаар “Сонгдо” эмнэлэг нээгдсэнээр өнөөдөр Монголд ажиллаж байгаа энэ олон MRI, компьютер томографийн мэргэжилтнүүд тэнд бэлтгэгдэж гарчээ.
100 хувь Солонгосын хөрөнгө оруулалттай тус эмнэлгийн захирлаар хоёр жил ажиллаад Д.Гончигсүрэн эмч ЭМШУИС, ЭМЯ-ны газрын даргаар ажиллажээ. Дараа нь “Грандмед” эмнэлэгт ирж ажилласан байна. “Жигүүр гранд”-ын ерөнхийлөгч Д.Баттөр захирал 2013 онд түүнд санал тавьснаар “Грандмед” эмнэлгийг байгуулалцсан аж. Хөрөнгө оруулагч нь биш ч гэлээ хувийн хэвшлийн томоохон эмнэлгүүдийг мэргэжлийнх нь чиглэлээр гардан удирдаж, хөл дээр нь босгосон нь түүний бас нэг бахархал.
-“ЭМЧ, ЭРДЭМТЭН ХҮН ЭХ ОРНЫ ХҮҮ БАЙХ ЁСТОЙ”-
Д.Гончигсүрэн эмчийн аав, ээж Архангайн хүмүүс. Харин тэрбээр сэрүүн Сэлбийн хөвөөнд төрж өсчээ. Наймдугаар ангид байхдаа Монгол Улсын Ардын эмч Ч.Пунцаг багш, шилдэг мэс засалч Пэлжээгийн Долгор нарын мундаг эмч нарын бараа сүрийг анх харж бишрэн, тэд нар шиг эмч болно гэсэн мөрөөдөлд автаж явжээ. Арван зургаан настай сурагч хүү ирээдүйн мэргэжлээ тэгэхэд сонгосон гэсэн үг. Мөрөөдлөө даган АУИС-д элсэж суралцаж, дөрөвдүгээр курст байхдаа дүрс оношилгоо, рентген оношилгооны эмч болох сууриа тавьжээ. Рентген оношилгооны салбарыг үндэслэгчдийн нэг Б.Бүргэд-Очир багш хичээл ордог байсан нь оюутан Гончигсүрэнгийн сонголтод нөлөөлжээ.
Нэгэн удаа Бүргэд-Очир багш нь түүнээс “Чи сурлага ямар байна?” хэмээн нухацтай асууж. “Онц сурч байгаа” гэсэнд багш нь сэтгэл хангалуун инээмсэглэж “Чи энэ салбарт орох хэрэгтэй байна. Рентгений багш болох хэрэгтэй. Одооноос урам зориг авч бай” гэжээ. Эрдэмт мэргэн багшийнх нь энэ үг түүний насан туршийн ажил, мэргэжил, мэргэшлийн чигийг зааж өгчээ. Зургаадугаар ангид орсон жилээ тэрбээр курсийнхэндээ лекц уншдаг болжээ. Оюутан багш болсон гэсэн үг. Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ж.Хайрулла, АУИС-ийн дотрын хоёрдугаар тэнхимийн эрхлэгч академич Б.Цэрэндаш зэрэг мундаг эмч нар түүнд итгэл хүлээлгэн ийнхүү хичээл заалгаж, нэг ёсондоо ирээдүйд сайн эмч төдийгүй багш, эрдэмтэн болох залгамж хойч үеэ бодлогоор бэлтгэж байжээ. Гончигсүрэн эмч ч багш нарынхаа итгэлийг алдсангүй. Зургаадугаар курсээ төгсөхдөө дотрын хичээлийнхээ шалгалтыг шууд тавиулж, сургуулиа улаан дипломтой төгсөж байжээ.
Сургуулиа төгсөөд арав гаруй жил ажиллачихсан залуухан эмч 1995 онд Японд очиж Тэйхогийн их сургуульд гурван сар суралцсан нь түүний хувьд цоо шинэ ертөнцийг нээсэн хэрэг байв. Дүрс оношилгооны салбарын хөгжил өндөр түвшинд хүрснийг харж мэдэрсэн Гончигсүрэн эмч Монголынхоо дүрс оношилгооны салбарыг Японых шиг болгохсон гэдэг хүсэл тэмүүлэлтэй иржээ. Ингээд 1995 онд Монголын радиологийн нийгэмлэгийг байгуулсан байна. Уг нийгэмлэг байгуулах үед түүний эрдэмт багш нар бүгд тал талаас нь түшиж, дэмжжээ. Монголын радиологийн нийгэмлэгийг байгуулах анхны хуралд Ардын эмч Пүрэв, Монгол Улсын Гавьяат эмч Пүрэвжав, Ардын эмч Онхуудай, Гавьяат эмч Бадамсэд, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гомбодорж гээд жинхэнэ мундагууд оролцсон гэдэг. Тэд бүгд ийм нийгэмлэг байгуулах нь зүйтэй, энэ бол үнэхээр шинэ юм байна, шинэ үе ирж байна гэдэгт санал нэгдэж байжээ. Энэ тухай Гончигсүрэн эмч дурсахдаа “Багш нар минь үнэхээр ухаантай хүмүүс. Тэдэнд амбийц гэж байсангүй. Ерөөсөө салбараа л хөгжүүлье гэсэн жинхэнэ эмч хүний сэтгэлтэй хүмүүс байсан” хэмээсэн юм.
Ийнхүү Монголын рентген, дүрс оношилгооны салбарын анхдагчид болох үе үеийн алтан гартай эмч, эрдэмт багш нар нь “Чи юм хий, бид оролцохгүй. Харин чамайг дэмжинэ. Юу харснаа хий. Залуу хүнд боломж олгоно” хэмээн халуун дотноор хүлээн авснаар Гончигсүрэн эмч Монголын радиологийн нийгэмлэгийг байгуулан хөл дээр нь босгож, эдүгээ 25 дахь жилдээ удирдаж байгаа ажээ.
Тэрбээр “Эрдэмтэн хүн улс эх орныхоо хүү нь байх ёстой” хэмээн хэлсэн нь эмч, эрдэмтэн, багш хүний амьдралын алтан зарчим гэлтэй. “Радиологи” сэтгүүлийг үүсгэн байгуулж, олны хүртээл болгосоор цөөнгүй жилийн нүүр үзэж. Энэ хугацаанд шавь нар, хамтран зүтгэгчид нь түүний хамгийн том түшиг тулгуур болж байжээ. Хааяа шантрах няцах, цөхрөх үе гарна. Тэр бүрт Гончигсүрэн эмч нөхдөдөө “Энэ бол бид өөрсдийнхөө төлөө хийж байгаа юм биш. Эх орныхоо төлөө хийж байгаа юм. Оросуудад ийм сэтгүүл байхгүй. Монгол Улсын дүрс оношилгоо, радиологийн салбар ийм гоё сэтгүүлтэй. Эрдэмтэн хүн бол эх орны хүү байх ёстой. Энэ бол эх орныхоо төлөө хийж байгаа ажил” гэж хэлдэг байжээ.Үнэхээр л “Радиологи” сэтгүүл бол энэ салбарынхны гарын авлага, түүх. Сэтгүүлийн бүх дугаар архивлагдаж, номын сангуудад хадгалагддаг байна.
“Таны цаашдын зорилго юу вэ?” гэхэд Гончигсүрэн эмч “Миний цаашдын зорилго бол шавь нар дээрээ төвлөрье гэж бодож байгаа. Шавь нараа бэлдэнэ. Миний шавь нар Монгол Улсын 21 аймаг, бүх дүүргийн эмнэлгүүдэд ажиллаж байна. Тэнд ажиллаж байгаа шавь нараа эрдэмтэн болгоход ихээхэн анхааръя гэж бодож байгаа. Шавь нараа эрдэм судлалын ажилд удирдана. Докторын ажил хийх гэж байгаа шавь нар олон байна. Тэд нартаа тусална. Ирээдүйгээ бэлдэнэ” хэмээсэн юм.
Гончигсүрэн багшийн хувьд шавь нартайгаа нийлж бичиж байгаа цөөнгүй ном бий гэнэ. Мөн нэлээд хэдэн төсөл дээр ажиллаж байгаа аж. “Радиологи” сэтгүүлээ насан туршдаа авч явна. Сэтгүүлээ олон улсын түвшинд хүргэхийн тулд нүдээ эцэж, гараа чилтэл бүх энергиэ зарна гэж боддог” хэмээн өгүүлсэн нь Гончигсүрэн багшийн үнэн сэтгэлийн үг, чин зорилго, амьдралынх нь чиг шугам гэлтэй.
Аливаа салбарын хөгжлийг эрдэм боловсрол, эрч хүч, асаж бадарсан сэтгэлтэй хүмүүс түүчээлж, амжилтад хүргэдэг. Монгол Улсын Хүний гавьяат эмч Д.Гончигсүрэн бол Монголын рентген, радиологи, дүрс оношилгооны салбарын тийм л манлайлагч, удирдагч, түүчээлэгч юм. Хийж бүтээсэн, эхэлж түүчээлсэн, амжилтад хүргэсэн олон ажлынхаа тухай тэр бүр дурсдаггүй энэ эрхэм “Хүн урсаж байгаа голоос намуухан, ургаж байгаа өвснөөс намхан явах хэрэгтэй” гэсэн багшийнхаа сургаалыг амьдралынхаа мөрдлөг, зарчим болгожээ.
Г.СОНИНБАЯР