-МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, УИХ-ЫН ДАРГА, МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН САЙД НАРТ УЛАМЖЛАХ ҮГ-
Суут хөгжмийн зохиолч Л.Бетховен “Хөгжим бол гүн ухаан, цэцэн цэлмэгээс ч илүү дээд илчлэлт мөн” гэсэн бол алдарт сэтгэгч Аристотель “Хөгжим хүний сэтгэлийн гоо сайханд нөлөөлөх чадвартай. Нэгэнт ийм учир залуу үеийг хүмүүжүүлэх зүйлийн тоонд оруулах ёстой” хэмээн нэгэнтээ хэлсэн байдаг. Нийт хүн төрөлхтний мөнхийн эх хэл бол сонгодог урлаг гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Тийм ч учраас соёлт XXI зуунд аливаа улсын нүүр царайг сонгодог урлагаар нь тодорхойлох болсон билээ.
Харамсалтай нь, хагас зуун жилийн туршид үргэлжид өсөн дэвжиж ирсэн Монголын сонгодог урлагийн хөгжил өнөөдөр зогсонги байдалд оржээ. Сонгодог урлагт өнөөдрийг хүртэл хүчин зүтгэж, Монгол Улсын соёлын салбарын нүүр царай, үнэт өв болтол нь хөгжүүлсээр ирсэн авьяастнуудын хөлс хүч талаар болж байгаа нь үнэхээр харамсмаар.
Энэ тайзнаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдорж, Монгол Улсын Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, XX зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан, Монгол Улсын Ардын жүжигчин А.Загдсүрэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав, Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор, Монгол Улсын Ардын жүжигчин А.Энхтайван, балетийн урлагийн их мастерууд болох Монгол Улсын Ардын жүжигчин О.Ганбаатар, Монгол Улсын Ардын жүжигчин, Зууны манлай балетчин Ю.Оюун, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамъяндагва тэргүүтэй алдар суутнууд төрөн гарсан. Тэд өдөр бүр гурваас дээш цагийн байнгын бэлтгэлийг хийж, хөлс хүч, оюунаа шавхан 50 жилийн түүхийг бүтээсэн байдаг. Сонгодог урлаг бол хүнээс бүх хүч чадал, сэтгэл зүрхийг шаарддаг. Хүссэн хүн бүр даваад байдаггүй өндөр босготой урлаг билээ.
Ийм их түүхтэй, улсын маань бахархал болсон, нэг номерын тайзыг 2000 оноос хойш удирдсан дарга нар нь зориулалтын бусаар ашиглаж,өндөр мэргэжлийн баг командаар бараг л энгийн концерт тоглуулах болсон. Энэ нь Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хагас зуун жилийн турш баримталсан өсөн дэвжих, улам сайжрах уран сайхны бодлогыг зориудаар устгаж, мохоож байгаа бодлого болж байгаа юм.
Аливаа урлаг хуучнаасаа суралцаж, шинийг бүтээж хөгждөг. Олон арван уран бүтээлчийн нөр их хөдөлмөр, хөлс хүчээр бий болсон Сонгодог урлагийн академик театр /УДБЭТ/-ын 50 гаруй жилийн бахдам хөгжил зогссон нь сүүлийн үеийн удирдлагуудтай шууд холбоотой. Ялангуяа сүүлийн 10 гаруй жилд тайзнаа шинэ үндэсний ганц ч сонгодог дуурь, балет тавигдсангүй. Хуучин тоглогдож байсан уран бүтээлүүдийг сэргээх нэрийдлээр бүхэл бүтэн шинэ дуурь, балет тавих зардлыг үргүйдүүлж, энэ урлаг цаашаа шинэлэг байдлаар хөгжих боломжгүй болж байгааг хараад дуугүй сууж чадахгүйд хүрлээ. Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”, Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил”, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс”, Ж.Чулууны “Уран хас” гээд олон сайхан дуурь, балет бидний үнэт өв. Энэ гайхамшгуудтай зэрэгцүүлэн шинэ уран бүтээлүүдээ дэмжин хөгжүүлэх нь үзэгчид болоод Монголын сонгодог урлагт ус агаар мэт хэрэгтэй байна. Өнгөрсөн жил /2020 онд/ ганц шинэ балет бичигдэж, түүнийг театрын Уран сайхны зөвлөл талархан хүлээн авч, манай улсын энэ цаг үеийн мэргэжлийн хөгжмийн болон урлагийн судлаачид хөхиүлэн дэмжсэн боловч УДБЭТ хэмээх энэхүү том айлын “эзэн” нь төдийлөн таашаасангүй. Өөр шинэ уран бүтээлүүдтэй өрсөлдүүлж, харьцуулан шилж сонгох зарчмаар энэхүү балетыг тоглуулах эсэхийг шийдэж өгөх болов уу хэмээн хүлээзнэлээ. Гэвч тийм шинэ бүтээлүүд өнөөг хүртэл гарч ирсэнгүй. Энэ байдлаас харахад Монголын сонгодог урлагийг хөгжүүлэх бус мөхөөх бодлого барьж байна уу даа гэлтэй. Сонгодог урлагийг хайрладаг, хүндэлдэг, шинэ бүтээл гарч ирэхийг хүсэн хүлээдэг, үнэнч үзэгч бид халаглаж сууна.
Дахин хэлэхэд, энэ байгууллага үүссэн цагаасаа хойш бараг жил бүр нэг дуурь, нэг балет шинээр туурвиж, гаднын их, дээд сургуулиудад өндөр өртгөөр суралцаж, асар нарийн мэргэжил эзэмшсэн үе үеийн балетын бүжигчин, дуурийн дуучин, оркестрийн хөгжимчдийн урагшлах замыг гэрэлтүүлдэг байлаа. Үндэсний шинэ уран бүтээл туурвих нь үзэгчдийн цангааг тайлахаас гадна Монголын сонгодог урлагийг хөгжүүлэх гол нөхцлүүдийн нэг тулгуур болох учиртай.
Одоогийн төр, засгийн удирдлагууд үндэстний ой санамж, үнэт зүйл болсон соёл урлаг руугаа анхааран, анзаарч эхэлж байгаа нь олзуурхууштай. Гэхдээ сонгодог урлаг бүх урлагийн амин зүрх нь юм шүү.
Үнэн үг уран гоё байдаггүй. Монголын сонгодог урлаг үүрд мөнх оршиж, үеийн үед, үр хойчдоо үндэснийхээ гайхамшгийг түүчээлэн хүргэх ёстой хэмээн зорьж, олон мянган үзэгчийн төлөөлөл болон энэхүү уламжлах үгийг бичлээ. Үнэнийг олж харж, нөхцөл байдлыг ойлгож, Монголын үндэсний сонгодог дуурь, балетыг хөгжүүлэхэд эрхэм та бүхэн анхаарч өгнө үү!
Сэтгүүлч Я.УЯНГА