Сүүлийн жилүүдэд иргэд явган аялалд идэвхтэй хамрагддаг болсон. Энэ ч утгаараа Богдхан уул руу алхах иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн сард иргэд хамгийн ихээр зорин очдог Богдхан уулын Баруун ширээт, Дугуй цагаан руу алхдаг хэсэгт ажиллаж, энэ хэсгийн тохижилтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд өнгө үзэмж, чанартай гүйцэтгэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны тавдугаар сарын 18-ны А/370 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Богдхан уулын “Авто зогсоол-Дугуй цагаан” чиглэлийн явган аяллын замыг тохижуулах асуудлыг хэлэлцлээ. Хурлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ахалсан бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Төгс хандлагаа өөрчилье” ТББ болон бусад холбогдох газрын төлөөлөл оролцсон юм.
Богдхан уулын Баруун ширээт, Зүүн ширээт рүү гарах замд нийт 11 амралтын цэг байгуулахаар, Дугуй цагаан буюу амралтын талбайг тохижуулахаар төлөвлөөд байгаа. Тэгвэл энэ ажилд “Төгс хандлагаа өөрчилье” ТББ хамтран ажиллаж байна. Тэд нийт таван га газарт тохижилт хийхээр төлөвлөж, иргэд амрах хэсэг, хүүхдийн тоглоомын талбай, хогийн цэг, нийтийн бие засах газар, явган зам, гэрэлтүүлэг зэрэг 19 төрлийн ажлын саналаа танилцуулсан. “Төгс хандлагаа өөрчилье” ТББ хоёр га газарт 4000 шинэс, нарс мод тарих ажлыг эхлүүлсэн бөгөөд маргааш буюу тавдугаар сарын 26-нд 20 аж ахуйн нэгж, 1800 иргэн мод тарих ажилд нэгдэхээр болжээ.
Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Тохижилтын ажлын хүрээнд явган замыг байгалийн материал ашиглаж чулуу, модоор хийнэ. Горхи урсдаг учраас ус уух цэгүүд байгуулна” гэсэн бол Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Г.Ганзориг “Нийтийн бие засах газрыг Улсын комисс хүлээж авсан. Хувийн аж ахуйн нэгжтэй гэрээлэн ажиллуулна. Мөн хог ачилтыг долоо хоногт хоёр удаа хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Зөвхөн Дугуй цагаан гэлтгүй Зүүн ширээт, Цэцээ гүн зэрэг явган алхалт хийхэд тохиромжтой шинэ маршрутыг судлах хэрэгтэй. Нийтийн эзэмшлийн талбайн иргэдэд зориулсан амралт, зугаалгын тохижилтын ажилд санаачилгаараа оролцож байгаа залуус, төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ажиллана” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС