Sunday, April 19, 2026

“Богдхан” төмөр замын төслийн явцыг танилцуулжээ

Date:

“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэх ажлын явцын талаар ажлын хэсгийн гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулжээ. “Богдхан” төмөр замын төсөл нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг /”УБТЗ” ХНН/-ийн гол замаас Мандал өртөөнөөс салаалан Богдхан уулын урдуур тойрч Мааньт өртөөнд холбогдох чиглэлтэй төмөр замын төсөл юм.

Уг төсөл хэрэгжснээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийг Богд уулын урдуур тойруулж, Нийслэл дундуур өнгөрүүлэлгүй аялуулна. Төмөр замын одоогийн шугамыг зорчигчийн галт тэрэг аялуулах, хот дүүргийн нийтийн зорчигч тээвэрт ашиглах боломж бүрдэнэ. Мөн “Богдхан” төмөр замын төсөл нь “УБТЗ” ХНН-ийн гол замын хамгийн өндөр хэвгийтэй, жингийн хугарал үүсгэдэг (галт тэрэгний жин 4,200 тонн хүртэл буурдаг), өгсүүр хэсгүүд болох Эмээлт, Хоолтын давааг тойруулж тавьснаар галт тэрэгний хэсгийн хурд нэмэгдэн бүх хэсгүүдэд ижил 5,800-6,000 тонн жинтэйгээр аялж ачаа тээвэрлэлтийг жилд 5-6 сая тонноор нэмэгдүүлэхээс гадна Эмээлт зөрлөгөөс Хангай зөрлөг хоорондын замд байрлах хамгийн бага радиустай тахирууд дээр үүсдэг хүндрэлүүд шийдвэрлэгдэж, зам ашиглалтын зардлыг бууруулах эдийн засгийн үр ашигтай юм.

Улаанбаатар хотын авто зам болон төмөр замын ачаа тээврийн ачааллыг бууруулах, эргэлтийг нэмэгдүүлэхэд үр өгөөжөө өгнө хэмээн тооцож буй. “Богдхан” төмөр замыг барьж байгуулах талаар Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Монгол Улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т тус тус тусгасан байдаг. Иймд ажлын хэсгийн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажлын урьдчилсан төсөв, төлөвлөгөөний шинэчилсэн ерөнхий мэдээллийг өнөөдөр танилцуулсан байна. Нэн тэргүүнд нарийвчилсан зураг төсөл боловсруулахад шаардагдах судалгааны ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд хэлээд судалгааны ажлын санхүүжилтийг богино хугацаанд шийдвэрлэх гарцыг ажлын хэсгийн гишүүд болох Сангийн сайд, ЗТХ-ийн сайд нарт даалгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгожээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Тариаланч иргэн, аж ахуйн нэгжүүдэд 6984 мянган литр дизель түлш олгожээ

Хаврын тариалалтыг хэвийн явуулах зорилгоор тариалалтын шатахууныг 3400 төгрөгөөр...

ЖДҮХС-гийн зээлийн хугацааг 7 жил болгож сунгаснаар аж ахуйн нэгжүүд мөнгөн урсгалаа хэмнэж, ажлын байр нэмэгдэнэ

Засгийн газрын хуралдаанаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй...

2025 оны ургацаас 977 тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 25 дугаар тогтоолоор...

Дорнод аймагт бүртгэгдсэн 2 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр (2026.04.18) 16:00 цагийн байдлаар Дорнод аймагт...