Улсын дээд шүүхийн байранд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсний улмаас үйл ажиллагааг түр хязгаарласан. Тус шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн, мэргэжлийн байгууллагуудаас зөвлөсөн хугацаанд шүүгч, ажилтнууд гэртээ тусгаарлагдан биеийн эрүүл мэндийг тандсан, шинжилгээнд хамрагдсан зэрэг байдлыг харгалзан зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон ёсоор хийхээр болжээ.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар “Жи тайм”-ын гэх Э.Оюунчимэгт холбогдох 591 хавтас хэргийг өмнө товлон зарласны дагуу 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэнэ. Мөн өдрийн шүүх хуралдаанаар нийт 4 хэрэг хэлэлцэх бөгөөд шүүх хуралдааныг Zoom технологи ашиглан зайнаас явуулах юм байна.
“Жи тайм”-ын гэх хэргийг эргэн сануулахад, уг хэрэгт нийт 11 мянган хүн хохирогч болсон юм. 2020 оны долдугаар сард анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Мөн шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгээс 11 тэрбум 830 сая 503 мянга 841 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах, 906 иргэний хариуцагчаас 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах, мөн Төрийн сан дахь Мөрдөн байцаах албаны тусгай дансанд байршуулсан 7 тэрбум 89 сая 588 мянга 699 төгрөгийг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгуулах, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, шүүхийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн 6 автомашиныг худалдан борлуулж, борлуулсан орлогыг хохирогч нарт олгуулахаар тус тус шийдвэрлэсэн байна. Э.Оюунчимэгээс гадна хариуцагч 906 иргэний тухайд “Жи тайм” сүлжээний хөтөлбөрт хамрагдаж сүлжээнд оруулсан мөнгө болон урамшуулал авсан хүмүүсийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл өгсөн мөнгөнөөсөө илүү урамшуулал авсан хүмүүс багтаж байгаа ажээ.