Нийслэлийн ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дүүргийн нутгийн удирдлагын байгууллага болон иргэдээс цахимаар санал авах, хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг эдгээр өдрүүдэд дүүрэг, хороодод ажиллаж байна.
Тус ажлын хэсэг өнөөдөр Налайх дүүргийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар хуулийн төслийн танилцуулгыг хэлэлцүүллээ. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Ажлын хэсгийн ахлах Б.Нэргүй, Хурлын Хууль эрх зүй, хяналт, үнэлгээний хэлтсийн дарга А.Анхбаяр нар хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг хийв.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг долоон бүлэг, 46 зүйлтэй байхаар тусгасан. Ингэхдээ хуулийн үйлчлэх хүрээ, нийслэлийн зохион байгуулалтын үндэслэл, хотыг хөгжүүлэх бодлого, хотын онцлогтой холбоотой харилцааг өргөтгөж, эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой харилцааг нарийвчлан тусгасан байна. Мөн Нийслэл нь нийслэл хотын тусгай болон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит чадвартай байх боломжийг бүрдүүлж өгсөн аж. Тодруулбал, хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд нийслэл өөрийн хөрөнгөд үндэслэн үнэт цаас гаргах, төсвийн орлого болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны талаар тодорхой заалтуудыг холбогдох бусад хуульд нийцүүлэн тусгасан гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Б.Нэргүй онцоллоо.
Налайхын дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид танилцуулга мэдээллийг сонсоод дагуул хот, хаяа тосгоны асуудлыг нарийвчлан, тодорхой тусгаж өгөх шаардлагатайг хэллээ. Тухайлбал, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Ялалт “Налайх дүүрэг дагуул хотын статустай явж ирсэн ч учир дутагдалтайн улмаас ойлгомжгүй байдалд байгаа. Тиймээс дагуул хот нь бие даан хөгжих, эдийн засгийн бие даасан ямар чадамжтай байх, дэргэдээ хаяа тосгонтой байж болох, эсэх зэрэг асуудлыг нарийвчлан тусгаж өгөх хэрэгтэй” гэсэн юм. Харин төлөөлөгч Г.Сувдаа нийслэлийн иргэний эрх, үүргийг тодорхой тусгах хэрэгтэй гэсэн санал хэлэв. Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудал нь хүн амын хэт төвлөрөл, үүргийн тодорхой бус байдлын улмаас бэрхшээл үүдэлтэй тул иргэний эрх, үүргийг хуулиар зохицуулах хэрэгтэй гэж үзэж буй.
Өдгөө мөрдөж буй хуулиар нийслэлийн дагуул хот, хаяа тосгоны асуудлыг нарийн зохицуулаагүй байдаг. Харин шинэчилсэн найруулгын төсөлд дагуул хот, хаяа тосгон, түүний удирдлага, зохион байгуулалтын онцлог, бусад харилцааны эрх зүйн үндсийг тусгасан гэдгийн Нийслэлийн ИТХ-ын Хууль эрх зүй, хяналт үнэлгээний хэлтсийн дарга А.Анхбаяр танилцуулгадаа дурдсан.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дүүргийн нутгийн удирдлагын байгууллага болон иргэдээс цахимаар санал авах, хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг төлөөлөгчдийн саналыг авч, төсөлд тусгаж ажиллана.
Иргэд та бүхэн саналаа info@citycouncil.mn и-мэйл хаягаар өгөөрэй.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ