Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан УИХ-ын нэгдсэн чуулганд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр, нийслэлд 16 мянган тонны багтаамжтай, 90-100 мянган тонны эргэлтийн нөөцтэй төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төв байгуулахаар болсныг онцлоод дэд бүтэц, цахилгаан, шугам сүлжээний ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байгааг дуулгалаа.
Түүнчлэн өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн болон хүндрэх төлөвтэй байгаа Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Ховд аймагт улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалж байсан нийт 2.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3800 тонн өвсийг үнэгүй, 1900 тонн малын тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан олгохоор шийдвэрлэснийг онцлов. Энэ оны нэгдүгээр сард гаргасан цаг агаар, зудын эрсдэлийн зургаас үзэхэд манай орны 11 аймгийн 89 сум нэн их эрсдэлтэй, 20 аймгийн 152 сум их эрсдэлтэй гэсэн ангилалд хамрагдаж байсан бол цаг агаарын энэ сарын эхний 10 хоногийн тойм мэдээнээс үзвэл өмнөх сараас агаарын температур дулаарсан, хур тунадасны хэмжээ болон цасны зузаан багасаж, цаг агаар харьцангуй дулаарсан байна. Харин өвөлжилт хүндхэн байсан Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Архангай зэрэг аймагт мал төллөлт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа учраас Засгийн газраас анхаарал хандуулан ажиллаж байгаа ажээ. Салбарын сайдын мэдээлснээр, энэ сарын 5-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 590.1 мянган толгой том мал хорогдоод байгаа бол энэ оны ургац хураалт хүртэл хүнсний улаанбуудай, гурилын дутагдал гарахгүй, үнэ өсөхгүй байх нөхцөлийг бүрдүүлжээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын зарим гишүүн асуулт асууж, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариулсныг тоймлон хүргэе.
Н.Алтанхуяг: -Хөнгөлөлттэй зээлээр зоорь барих нь зөв. 16 мянган тонн багтаамжтай агуулах гэж байна. Энэ хэний өмч байх, дараа нь хэний өмч болох юм. БНХАУ-ын хэдэн төгрөгийн зээлээр юу хийж байгаа вэ. Төсвийн хөрөнгөөр суулгац үржүүлгийн төв Төв аймагт байгуулсан гэлээ. Яагаад төсвийн хөрөнгөөр барьж байгаа юм бэ. Бизнес дэмжих гурван хувийн хүүтэй зээлд өмнөх зээлийг нь шилжүүлж болдоггүй юм уу.
З.Мэндсайхан: -Найман аймагт зоорийг хувийн хэвшлийнхэн барих юм. Харин газрыг нь нийслэлийн ЗДТГ-тай хамтран шийдсэн. Өмнө нь БНХАУ-аас хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжид зарцуулах 40 сая ам.долларын зээл хэрэгжсэн. Эргэн төлөлтөөр төлөгдөж байгаа. Жимсний үр суулгацыг Жимсчдийн холбоогоор дамжуулна. Гурван хувийн хүүтэй зээлийн тухайд аж ахуйн нэгжүүдэд НӨАТ төлдөг байх гэсэн ганцхан л шалгуур тавьсан. Бусад шаардлагыг арилжааны банк шийднэ. Засгийн газрын байр суурь бол далд эдийн засгийг хумих, татварын тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байгаа.
Ц.Туваан: -Ихэнх аймагт хаваржилтын нөхцөл байдал хүнд байна. Үүнд, ХХААХҮЯ онцгой анхаарч бэлтгэх шаардлагатай. Саяын шуурга нэрмээс боллоо. Өнгөн хөрсийг тэр чигт хамчихсан. Малын хамар хатгах хялгана байхгүй болж, мал аж ахуйд онцгой эрсдэл учирлаа. Төв аймгийн нутагт отрын мал их хаваржиж байна. Төв аймгийн Эрдэнэ, Батсүмбэр, Баянчандмань, Сэргэлэн сумын газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авна гэх юм. Үүнд хариулт өгөөч.
Хэдэн хувийн үр бэлэн байгаа юм бэ. Өнгөрсөн жил газар тариалангийн салбарт 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл өгнө гэж ярьсан, өнөөдөр гүйцэтгэл нь хэдэн хувьтай байна вэ.
З.Мэндсайхан: – Нийт 16 мянган тонн үрийн буудайг тариалалт эхлэхээс өмнө бэлэн болгоно. Өнгөрсөн жил газар тариалангийн салбарт 150 тэрбум төгрөгийн санхүүжилтийн зээлийг Хөгжлийн банкаар олгосон. Үүнээс 76 тэрбум төгрөгийн зээлд 833 аж ахуйн нэгж хамрагдсан. Энэ салбарт нийтдээ 1400 орчим аж ахуйн нэгж бий. Харин 500 тэрбум төгрөгийн тухайд том биш, бодитой тоо юм.
М.ӨНӨРЖАРГАЛ
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин, www.mongoliinunen.mn