Sunday, November 24, 2024

Зөв хандлага вакцинаас илүү чухал

Date:

Монголчууд бид уйдамтгай, туйлшрамтгай. Юм бүхэнд энэ хандлага ажиглагддаг. Ковидын үед ч энэ л зангаараа аливааг шүүмжилж, буруутгаж, муучилсаар суух аж. Үүнийг өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж өрөөлийн толгой дээрх өвсийг шүүмжилнэ гэж ёжилдог л доо. Өнөөдөр ийм л үзэгдэл хаа сайгүй байна. Нэг жишээ хэлэхэд, цар тахлын халдварын тохиолдол өдөрт зуу зуугаар нэмэгдэж байна. Үүнд иргэд аанай л төр засгаа буруутган шүүмжилж, хараан зүхэж эхлэв. Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хамаагүй нээснээс болж ковидын тохиолдол эрс нэмэгдлээ, хөл хориог сулруулж, иргэдийг хэвийн амьдралд шилжүүлсэн нь буруу гээд л шүүмжилж байна.  

Гэтэл ердөө сарын өмнө шүүмжлэлийн агуулга яг эсрэгээрээ, хөл хорио тогтоож сүржигнэлээ, ковидтой зэрэгцээд амьдрахаас аргагүй, ажил амьдрал хэцүүдлээ, аж ахуйн нэгж, иргэдийнхээ ашиг орлогыг бодож хэвийн амьдралд шилжүүлэх хэрэгтэй гэж дээр дооргүй ярьж, бичиж байсан даа.

Шүүмжлэх амархан. Хийх хэцүү. Цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдал, хатуу хөл хорио тогтоосны хүчинд халдварын голомтуудыг тогтоож тархалтыг хумьж авсан. Эрсдэлийн үнэлгээгээр хэрвээ хатуу хөл хорио тогтоож “Нэг хаалга-Нэг шинжилгээ” зохион байгуулаагүй бол өнөөгийн халдварын тоо хоёр дахин их байх байсан гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд хэлж буй. Гэтэл иргэд хатуу хөл хориог шүүмжилж, буруутган, хүний эрх ярьсаар хаврын тэргүүн сартайгаа золгосон. Хорио тавигдсаны дараа эрхээ жинхэнэ утгаар нь эдэлсэн нь халдварын тоо эрс нэмэгдэх нэг шалтгаан болов. Хөл хорио тавигдсан эхний өдрийг “Шинийн нэгэн” гэж нэрлээд хаа сайгүй өргөн золголт хийсэн нь нууц биш. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг угтаад найз нөхөд, хамт олны нийллэг, цайллага ч хэрээс хэтэрсэн. Юун Цагаан сар гэмээр л найрласан.

Энэ бүхнийг харин хэн ч шүүмжилсэнгүй. УОК, НОК, ЭМЯ-наас өдөр тутам өгч байсан сануулга, зөвлөмжийг ойшоосонгүй. Тэгсэн атлаа л төр, засгаа, нийслэлийн удирдлагуудаа шүүмжилсээр. Хувь хүний хариуцлага гэдэг үгийг хэлж, ярьдаг хүн байсангүй. Хэрэг дээрээ ковидын халдвар бол хувь хүнээс 100 хувь шалтгаалах асуудал. Амны хаалтаа байнга зүүж, гараа ариутгах, хүн хоорондын зай барих, онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх гэх мэт халдвар хамгааллын гол дэглэм Цагаан сараас хойших өдрүүдэд бараг л мартагдах шахав. Энэ нь иргэд хоорондын харилцаанд, ахуйн орчин нөхцөлд шүү. Харин худалдаа, үйлчилгээний болон албан байгууллага, олон нийтийн газруудад халдвар хамгааллын дэглэмийг тун сайн баримталж, иргэдэд шаардлага тавьж ажилласан.

Энэ дэглэм, шаардлага хувь хүн дээр ирэхээрээ хэрэгжихээ больчихоод байгаа нь хамгийн аюултай. Ийм хэнэггүй байдал ковидын халдвар тэлэхэд шууд нөлөөлж буй.

Эрсдэлтэй газруудаар явсан бол өөрийгөө тусгаарлаж, биеэ ажиглаж хянадаггүй, ойрын хавьтал болчихоод эрүүл мэндийн байгууллагын хяналт тандалтаас зугтаж, утсаа салгаад алга болдог гэх мэт хүндрэлтэй асуудал олон гарч байгаа юм билээ. Бусдын шинжилгээний бичиг ашиглаад орон нутаг руу явсан иргэнээс болж хот хоорондын зорчигч тээврийн унаагаар явсан бүх хүн тусгаарлагдаж, аймаг орон нутгийн хэмжээнд хөдөлгөөн хязгаарлаж, багагүй зардал чирэгдэл гарсан тохиолдол бий. Хувийн унаагаар орон нутаг гарахдаа замаасаа суулгасан хүн нь халдвартай байж таарснаар мөн л хөл хорио, тусгаарлалт, тандалт шинжилгээ гээд аймаг, сумаараа түргэн авсан. Бидний хариуцлагагүй, хэнэггүй, амин хувиа хичээсэн зан ковидоос ч аюултай гэдгийг олон арван жишээнээс харж байна. Тиймээс хүн бүр өөртөө, орчин тойрныхондоо шаардлага тавьж, шүүмжлэл хэлдэг болъё. Бүгдээрээ төр, засаг руу хамаг буруугаа чихдэг, өөлж гоочилдог хандлагаа өөрчлөх гээд үзвэл яасан юм бэ. Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэсэн хэлц үг, хэвшмэл ойлголт аль хэдийнэ хуучирч цар тахал хүртэл “хэлж” ирдэг болоод байхад хувь хүн өөрөө хэнэггүй, хариуцлагагүй сууж болохгүй билээ.  Хариуцлага, зөв хандлага гэдэг вакцинаас илүү.   

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...