Зүгээр суудаггүй хүн
Сүхбаатарын талбайн өмнөх усан оргилуурыг хэн анх санаачилсныг нийслэлчүүд төдийлөн сайн мэдэхгүй байх. Төв талбайнхаа өмнөх цэцэрлэгт хүрээлэнд ийм усан оргилууртай болох санаачилгыг жирийн нэгэн ахмад буурал анх гаргаж, нийслэл хотын удирдлагуудад өргөдөл бичиж байжээ. Ерэн насны босго хол давсан тэрхүү буурал энэ санаачилгаа ажил хэрэг болгуулах гэж хойноос нь уйгагүй хөөцөлдсөн гэдэг. Мэдээж үр дүн нь гарч эдүгээгийн Шадар сайд С.Амарсайханыг хотын дарга байх үед усан оргилуур баригдаж ашиглалтад орсон.
Арваад жилийн өмнө Сүхбаатар дүүргийн 11-р хороонд амьдардаг найман хүүхэдтэй залуу хосод орон сууц олгох, хүүхдүүдийг нь сурч боловсрох нөхцөл боломжоор хангах талаар хотын захиргаанд мөн нэгэн өндөр настан ахмад буурал анх өргөдөл гаргаж, шийдүүлж чадсаныг зарим уншигч санаж байгаа байх. Эхнэр нь дөрвөн удаа амаржихдаа дандаа ихрүүд төрүүлсэн нь ховорхон тохиолдол байв. Одоо ихэр заяанд төрсөн эгч дүү найман ихэр аав, ээжийнхээ хамт тохилог орон сууцанд аж төрж буй. Тухайн үед энэ буянтай үйлсийг санаачилсан буурлын талаар хэвлэлүүд бичиж байв.
Монголын радио өглөө бүр зургаан цагт Төрийн дуулалаар өдрийн нэвтрүүлгээ эхэлдэг заншлаа 1999 онд гэнэт өөрчилж орхисон. Сүхбаатар дүүргийн нэгэн өндөр настан үүнийг шүүмжилж, Монгол Улсын Төрийн дууллаа Монголын үндэсний радиогоор өглөө бүр эгшиглүүлж байсан уламжлалыг эргэн сэргээх ёстой гэсэн өргөдөл хүсэлт гаргаж, хөөцөлджээ. Ингээд 20 жилийн дараа буюу 2019 оноос Монголын үндэсний олон нийтийн радиогоор өглөө бүр Төрийн дуулал эгшиглэж эхэлжээ.
Эгэл жирийн иргэдийн санал, санаачилга төр, захиргааны байгууллагад хүрч, ажил хэрэг болсон энэ хэдэн жишээг дурдсаны учир нь “хэргийн эзэн” нь нэг хүн байсных юм. Сүхбаатар дүүргийн 7-р хорооны оршин суугч, төр, захиргааны ахмад ажилтан, ахмад дайчин Ундрахын Доржпалам хэмээх буурал дээрх санал, санаачилгуудыг гаргаж байжээ. Эдүгээ 100 насны босго алхаад буй энэ буянтай буурлын сэдэж санаачилсан ажлууд дээр дурдсан хэдээр хязгаарлагдахгүй. Сэлбэ голын эрэг дагуу буусан айл өрхүүдийг үер, усны аюулаас хамгаалах бетонон далан барих, төмөр бетон гүүр тавих санал санаачилга гаргаж ажил хэрэг болгуулсан, ахмад настнуудад олгодог хөнгөлөлттэй эмийн нэр төрлийг нэмэгдүүлэх, хөнгөлөлтийн хувь хэмжээг нь 80 хүртэл хувь болгох саналыг гарган шийдүүлж чадсан, Дамбадаржаа дахь Дондогдуламын рашаан орчмыг тохижуулах ажлыг санаачилж эхлүүлсэн гээд олон жишээ дурдаж болно. У.Доржпалам гуай 80 гаруй насандаа нийслэлд шилжин ирж суурьшин, хотын хүн болсноосоо хойш ийнхүү өөрийнх нь хэлснээр “зүгээр сууж чадалгүй” олон ажил сэдэж санаачлан, хөөцөлдөн бүтээж байсан аж.
Зүгээр суудаггүй энэ зан нь түүнийг ажил, амьдралын сайн сайхан замд хөтөлж, 100 насалж, зургаадай таяг тулах буян хишгийг далласан гэлтэй.
У.Доржпалам гуайн туулж өнгөрүүлсэн амьдрал тэр чигтээ бахархал, сургамж, үлгэр дууриалаар дүүрэн ажээ. Тэрбээр эх орныхоо дархан хилийн манаанд 17 жил зогсож, чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад хилчин, ахмад дайчин төдийгүй хөдөө аж ахуйн нэгдлийн анхны дарга нарын нэг, нэгдэлжих хөдөлгөөний гарамгай зүтгэлтэн. Түүнчлэн төр, захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан удирдах ажилтан. У.Доржпалам гуай ийнхүү 1942 оноос 2002 он хүртэл нэгэн жарны турш улс, нийгэмдээ хөдөлмөрлөхдөө томилогдон очсон салбар бүртээ оройлон манлайлж, тэргүүлэн чиглүүлж, зүйрлэвээс зүг чигийг заагч Алтан гадас од мэт гялалзаж явсан ажээ. Тэрхүү хөдөлмөр бүтээл, хичээл зүтгэлийг нь илтгэх төрийн дээд хүндэтгэл “Алтангадас” одон түүний энгэрт гурваараа ихэрлэн байна.
Дархан хилээ манаж, дарийн утаа үнэрлэсэн нь
Ундрахын Доржпалам гуай 1921 оны тахиа жилийн хавар тухайн үеийн Түшээт хан аймгийн Далай гүний хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нутаг Цагаан тойром гэдэг газар мэндэлжээ. Төрсөн нутаг маань Баян-Өндөр сумын зүүн урагш таана сугсарсан говь, тал газар хэмээн тэрбээр өгүүлэв. Эцэг Ундрах нь монгол, төвд, манж бичиг мэддэг, “Үлгэрийн далай”, “Алтангэрэл” зэрэг ном, судар уншдаг, зэгсэн сайн боловсролтой нэгэн байжээ. Богд хаант Монгол Улсын үед Хатанбаатар Магсаржавын цэрэгт элсэн, Халхын голын чиглэлд цахаруудтай тулалдаж явсан гэнэ. Ээж Бүтэд нь эгэл жирийн малчин, сүсэг бишрэлтэй эмэгтэй байв. Тэрбээр хүү Доржпаламыгаа долоон настай байхад нь аавынх нь дүү Төгсийн хамт дагуулан, хавчиг үүрэг үүрч явганаар 300 гаруй километрийг туулан Эрдэнэ зуу хийдэд эргэл мөргөл хийж байсан аж. Энэ тухай Доржпалам гуай сайн санадаг бөгөөд хожим бие эрүүл чийрэг болж өсөж торнин, хатуужил тэвчээр суухад ихээхэн нөлөөлсөн гэж нэгэн дурсамждаа бичжээ. Харин аав нь балчир жаахан хүүгээ өглөө эрт нар битүүгээр сэрээн адуунд мордуулахад эхэндээ нойрмоглон уйлж яваад, адуугаа олмогцоо дуулсаар хүрч ирдэг байсан тухай гэгээн дурсамжаа зуу насалж, зургаадай таяг тулсан буурал У.Доржпалам гуай эдүгээ тодхон санаж дурсан суух аж.
Эгэл боргил малчны амьдралд хат сууж, эрийн цээнд хүрсэн хүү Улаанбаатар хотноо анх хөл тавьсан нь Халхын голын дайны гал дүрэлзсэн 1939 он байв. Тэрбээр ХАА-н техникумд гурван жил суралцан 1942 онд малын бага эмч мэргэжлээр төгсчээ. 1942-1943 онд Хилийн ба дотоодын цэргийн офицер бэлтгэх түргэвчилсэн сургуульд үргэлжлүүлэн суралцсан байна. Ингээд эх орны торгон хилийн манаанд томилогдон ажиллаж эхэлжээ. Хилийн цэргийн Замын-Үүд дэх 12-р отряд, Хэрлэнгийн 31-р отряд, Эрдэнэцагааны Чоно гол дахь 20-р отрядад хил хамгаалах албаны туслах ба ахлах офицер, отрядын намын хорооны дарга, Дотоодын цэргийн хамгаалах хорооны салбарын улс төрийн орлогч, Төрийн ордны хамгаалалтын албаны ээлжийн дарга, Цэргийн оёдлын үйлдвэрийн улс төрийн орлогчоор 1959 он хүртэл ажиллажээ. Замын-Үүдийн 12-р отрядад ажиллаж байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон аж. Ийнхүү эр цэргийн албанд тангараг өргөн зүтгэсэн он жилүүдийг нь гэрчлэн түүний энгэрт “Хүндэт хилчин”, “Хүндэт чекист” цол, тэмдэг, Цэргийн гавьяаны улаан тугийн одон сүр жавхлантай ярайх аж.
Нэгдэлжих хөдөлгөөний анхдны удирдагчдын нэг
Хорь шахам жил хил дээр үүрэг гүйцэтгэсэн ахмад дайчин У.Доржпаламыг цэргийн албанаас чөлөөлөгдөхөд дараагийн ажил нь хүлээж байжээ. Тэрбээр 1959 онд МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын гарын үсэгтэй намын төв хорооны үнэмлэх, анх үүсгэн байгуулагдаж байсан ХАА-н нэгдлийн удирдах ажилтнаар ажиллах урилга хүлээн авчээ. Ингээд 1959-1970 онуудад Төв аймгийн Эрдэнэсант, Дэлгэрхаан, Бүрэн сум, нэгдлийн даргаар жил ажиллажээ. Ялангуяа Бүрэн сум, нэгдлийн даргаар найман жил ажиллахдаа 1967 онд Октябрийн хувьсгалын 50 жил, 1969 онд нэгдэлжих хөдөлгөөн ялсны 10 жилийн ой, 1970 онд Лениний мэндэлсний 100 жилийн ой угтсан МАХН-ын Төв хороо, Засгийн газар, МҮЭ-ийн Төв зөвлөл, МХЗЭ-ийн Төв хорооноос зарласан социалист уралдаанд аймаг, улсдаа гурван жил дараалан түрүүлж, ажил үйлсээрээ манлайлж байжээ. Сум, нэгдэл нь энэ амжилтаараа Засгийн газар, МҮЭ-ийн Төв зөвлөлийн үүрд хадгалах улаан туг, 20 мянган төгрөг, дөрвөн байгууллагын диплом, таван ханатай гэрээр шагнуулж, сум, нэгдлийн дарга У.Доржпалам өөрийн хүсэлтээр сургуульд суралцахаар явжээ. Ер нь тэрбээр нам, төрийн өндөр хариуцлагатай албанд зүтгэхийн зэрэгцээ сурч, боловсрохыг эрхэм болгож байсан нь 1954-1957 онд Марксизм, Ленинизмын орой дээд сургууль, 1962-1963 онд ХАА-н нэгдлийн удирдах ажилтны курсийг тус тус төгссөнөөс нь харж болно. 1942 онд малын бага эмчийн мэргэжил эзэмшсэнээс нь хойш тоолбол тэрбээр улсын гурван удаагийн тэргүүний сум, нэгдлийн дарга болсныхоо дараа дөрөв дэх сургуульдаа элсэн, 1970-1972 онд Намын дээд сургуульд суралцан, эдийн засагч мэргэжлээр төгсчээ.
Ийнхүү эдийн засагчийн диплом гардсан ахмад дайчин, алдартай сум, нэгдлийн даргыг амьдралынх нь гурав дахь даваа хүлээж байв. У.Доржпалам гуай Төв аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргаанд аж ахуй, санхүүгийн хэлтсийн даргаар 15 жил ажиллажээ. Насны наран хэвийсэн тэр л он жилүүдэд У.Доржпалам даргын залуугийн эрч хүч буурсангүй. Зүгээр суудаггүй хүн гэдгээ ч харуулж. Төв аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны ордны өргөтгөлийн хоёр давхар барилгыг захиргааны ажилтан, ажилчид, хамт олны хүчээр, субботникоор бариулж, улсын асар их хөрөнгө мөнгийг хэмнэжээ. Түүнчлэн аймгийн захиргааны хурлын танхим, конторууд, зочид буудлыг иж бүрэн шинэчлэн засварлаж, тоног төхөөрөмжийг нь өөрчлөн тохижуулж, хангамж үйлчилгээ, гадаад дотоодын зочидыг хүлээн авах, үйлчлэх төсөв, хөрөнгийг хэмнэх зэрэг нөр их ажлыг санаачлан хийж, удирдан зохион байгуулжээ. Энэ бүхэн У.Доржпалам гуайн хувьд сум, нэгдлийн даргаар ажиллахдаа сурсан дадал, туршлагаас нь үүдэлтэй. Тэрбээр Бүрэн сум, нэгдлийн даргаар ажиллах хугацаандаа 1965-1970 онд тус сумын захиргааны байр болон соёлын төв, зочид буудлыг мөн л хамт олны субботникоор бариулж байжээ. Ялангуяа сумын клуб буюу эдүгээгийн соёлын төвийг У.Доржпалам дарга өөрөө удирдан сум, нэгдлийн албан хаагчдын хүчээр барьж, аймагтаа байхгүй тохилог сайхан клубтэй болж байсан гэдэг. Эдгээр барилгууд эдүгээ бүгд ашиглагдаж байгаа бөгөөд Бүрэн сумын төвд түүний санаачилгаар тарьж ургуулсан модод өтгөн сайхан цэцэрлэг болон өргөжсөнд буурал дарга сэтгэл хангалуун явдгаа сумынхаа түүхийн ном, товчоонд өгүүлсэн байх аж.
Тэтгэвэрт гараагүй зуун настан
Сум, нэгдэл, байгууллага, хамт олноор чадварлагаар удирдан зохион байгуулж, амжилт бүтээлд уриалан манлайлж, шударгаар хөдөлмөрлөж ирсэн энэ сайхан буурлын тухай энэ мэт олныг өгүүлж болох юм. Хамт ажиллаж байсан журмын нөхөд нь түүнийг туйлын хөдөлмөрч, арвич хямгач, шударга, шулуун хүн гэж тодорхойлжээ. Тухайлбал, Төв аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны даргаар 1985-1991 онд ажиллаж байсан, хожим АИХ-ын дарга, УИХ-ын дэд даргын өндөр хүндтэй албыг хашсан төрийн хар хүн Ж.Гомбожав эрхэм бээр дурсамждаа “Аймгийн гүйцэтгэх захиргааны аж ахуйн хэлтсийн дарга У.Доржпалам ямар нэгэн хүлээн авалт хийгээд тал шил архи үлдсэн байхад түүнийг дараагийн хүлээн авалт дээр гаргаж ирдэг байсан. Тийм нарийн тооцоотой, арвич хямгач, шуналгүй, шударга хүн байв” хэмээжээ. Бүрэн сум, нэгдлийн даргаар У.Доржпалам гуайг найман жил ажилласны дараа Ц.Доржпалам гэж амьдаа нь түүний ажлыг үргэлжлүүлжээ. Энэ он жилүүдэд Бүрэн сум улс, аймагтаа тэргүүлж, ажил үйлсээрээ мандан бадарч, хөгжил цэцэглэлтийн эхлэлээ тавьсан тул нутгийн зон олон эдүгээ хоёр Доржпаламын үе хэмээн бахархан дурсдаг ажээ.
Ундрахын Доржпалам гуай өндөр насны тэтгэвэртээ гараад ч зүгээр суусангүй. Төв аймгийн ахмадын хорооны зохион байгуулагч бөгөөд Зуунмод хотын ахмадын хорооны даргаар 10 гаруй жил ажиллаж, улс, нийгэм, олон нийтийн салбарт нийт 60 жил хөдөлмөрлөөд 2002 онд 83 насандаа жинхэнэ гавьяаны амралтаа авч, Улаанбаатарт суурьшжээ. Нийслэлийн иргэн болоод мөн зүгээр суулгүй олон арван санал, санаачилга гарган төр, захиргааны байгууллагад хандан шийдвэрлүүлсэн тухай эхэнд өгүүлсэн. Олны төлөө, төр улсынхаа төлөө, хүний төлөө гэсэн сэтгэл, зүтгэл нь шавхагдашгүй бөгөөд ухааны охь ундармал, оюуны шандас төрмөл ийм нэгэн азай буурал Ардын хувьсгалын жил төрж, Ардын намд 1944 онд элсэн, дайны жилүүдэд тусгаар тогтнолоо хамгаалан тулалдаж, энх цагт бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд оройлон манлайлж, улс, нийгэмдээ бүтэн жарны турш хөдөлмөр, зүтгэлээ зориулан, эдүгээ зуу насалж, зургаадай таягаа тулан, эрүүл энх, саруул тунгалаг, үр хүүхэд, ач, зээ нараа тойруулан жаргаж сууна.
“Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж эргэж бодох цагт хоёр удаа амьдарсан мэт сэтгэл ханах болно” хэмээн Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын шинэ мянганы босгон дээр айлдсан үнэт сургаалыг ундармал ухаан, уйгагүй зүтгэлтэй Ундрахын Доржпалам буурай туулж өнгөрүүлсэн бахархалт амьдралаараа үлгэрлэжээ.
Г.Сонинбаяр