Дэлхийд данстай хүн
Тэрбээр өөрийн намтраа ийн эхэлжээ. Долоохон настай тал бичээчээр эхэлсэн түүний ажил, амьдралын гараа, 70 насалтлаа туулсан замнал шулуун дардан байсангүй. Хатуу хүтүүг туулж, хагацал зовлонтой нүүр тулжээ. Эхийгээ алдаж, хойт эцэгтээ хаягдан, айлаас айл дамжин зарагдаж, адлаглагдаж явсан жаахан охиныг монгол төрийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуу хотод авчран ажил, амьдралынх нь замыг зааж өгсөн гэдэг.
“…Өмнөговьд 1933 оноос аймгийн яам, Цэргийн хэлтэс, Намын хороонд бичээч 1937 он хүртэл хийгээд, 1937 онд Багшийн сургуульд ирж, 1938 онд Дотоод яаманд бичээч, намын хороонд эмэгтэйчүүдийн зохион байгуулагчаар ажиллаж, 1941 онд Намын шинэ хүчний дээд сургуульд орсон. 1942 онд сургуулиасаа дөрвөн хүний хамт Дорно дахины институтэд суралцахаар яваад 1944 онд уг сургууль хаагдсан учир бүгд буцаж яваагүй. Аймгийн сонинууд бий болоход Өмнөговьд сонины эрхлэгчээр томилогдож ажиллаад, 1946 онд Намын шинэ хүчний дээд сургуульд орж, нэг жил суралцаад урьд суралцсанаа гүйцээж төгсгөсөн. 1947 онд намын “Үнэн” сонины суртал ухуулгын хэлтсийн даргаар ажиллаад дараа нь орлогч эрхлэгчээр ажилласан. 1949 оноос Намын төв хороонд Эмэгтэйчүүдийн хэлтсийн дарга бөгөөд Монголын эмэгтэйчүүдийн төв зөвлөлийн даргаар ажилласан.1954 оноос Монголын үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн дарга, Эмэгтэйчүүдийн төв зөвлөлийн даргаар хавсран ажиллаж байсан.1957 онд ЗХУ-д Коммунист намын дээд сургуульд явж суралцаад, 1960 онд төгсч ирсэн. Сургуулиудад онц дүнтэй суралцаж байсан. 1960 оноос “Намын амьдрал” сэтгүүлийн эрхлэгч, 1961 оноос Монголын зохиолчдын хорооны даргаар хавсран ажиллаж 1962 онд сэтгүүлийн ажлыг өгч, 1974 оны долоодугаар сард Зохиолчдын хорооны даргын ажлаас чөлөөлөгдсөн. 1962 оноос Монголын эмэгтэйчүүдийн хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэсэн” хэмээн тэрбээр намтрын хуудсаа үргэлжлүүлэн бичжээ.
Сономын Удвал хэмээх энэ их хүмүүн нам, төрийн төв хэвлэл, эмэгтэйчүүдийн байгууллага, зохиолчдын хороо, үйлдвэрчний эвлэлийг удирдаж, нам, төрийн олон сонгууль албыг давхар хашиж явснаа ийн даруухан өгүүлсэн байх аж. Угтаа бол тэрбээр 1939 оноос хойш 40 гаруй жил Монголын эмэгтэйчүүдийн байгууллагад сонгуульт алба хашиж, МАХН-ын зургаан удаагийн Их хурлаас Төв хорооны орлогч ба жинхэнэ гишүүнээр, АИХ-ын арван удаагийн сонгуулиар депутатаар тасралтгүй сонгогдож, 22 жил АИХ-ын тэргүүлэгч гишүүний өндөр хариуцлагатай албыг нэр төртэй хашиж байжээ. Түүнчлэн МХЗЭ-ийн Төв хорооны гишүүн, МҮЭ-ийн Төв зөвлөлийн дарга, Монголын зохиолчдын хорооны даргаар ажиллаж байв.
Мөн тэрбээр олон улсын энх тайван, найрамдал, утга соёлын томоохон зүтгэлтэн байсан юм. 1947 оноос эхлэн Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Зөвлөлийн хурлууд болон тус холбооны зургаан удаагийн их хурал, олон улсын зохиолчдын хурлууд, Ази, Африкийн эв санааны нэгдлийн холбооны хурлууд, Ази, Африкийн зохиолчдын хурлуудад оролцож, товчооны гишүүнээр сонгогдож байсан. Мөн “Лотос” сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, Дэлхий дахины Энх тайвны зөвлөлийн гишүүн, Олон улсын утга зохиолын шүүмжлэгчдийн Холбооны гишүүн зэрэг сонгуульт албыг хашиж байсан төдийгүй НҮБ-ын хоёр удаагийн бага хурал, семинарт төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тэргүүлж оролцсон зэргээс үүнийг харж болно.
Тэрбээр нам, төр, олон нийтийн энэ олон сонгуульт албыг хашихдаа Монголын эмэгтэйчүүд нийгмийн тустай хөдөлмөр эрхлэх, их дээд сургуульд суралцаж боловсрол эзэмших боломж нөхцөлийг сайжруулах, жирэмсэн болон нялх хүүхэдтэй эхчүүдийн ажлын цаг хорогдуулах, амралт чөлөө олгох, хөнгөлөлт тэтгэмж эдлүүлэх зэрэг арга хэмжээг БНМАУ-ын АИХ, Сайд нарын зөвлөл, МАХН-ын Төв Хорооны тогтоол шийдвэрээр баталгаажуулан, хууль эрх зүйн орчин, тогтолцоо бий болгосон гавьяатан билээ.
Зохиолчдын өрлөг ээж
Энэ онд 100 жилийн ой нь тохиож буй Ардын хувьсгалтай нас чацуу алдартнуудын нэг нь төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Сономын Удвал. Түүнтэй нас чацуу бөгөөд амьдрал, уран бүтээлийн замд ойр дотно явсан эрхэм бол Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Бааст агсан билээ. Эдүгээгээс 10 жилийн өмнө С.Удвал гуайн 90 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж ахуйд тэрхүү ёслолын хүндтэй зочин нь Б.Бааст гуай байсан юм. Тухайн үед Б.Бааст гуай “С.Удвал бид хоёр тоолбол нас чацуу, төөлбөл бие чацуу. Хоёулаа 1921 оны өвлийн хуучдаар төрсөн. Үүндээ их бэлгэшээдэг” хэмээн ярьж байсан билээ. Түүний дурсамжийг тэмдэглэснээ эргэн сийрүүлбээс, С.Удвал гуай, Б.Бааст гуай хоёр уран зохиолд мөн л ойролцоо орж иржээ. Б.Бааст гуайн анхны шүлэг 1936 онд, харин С.Удвал гуайнх 1938 оны хавьцаа хэвлэгдэн олны хүртээл болж байсан гэдэг. Үүний дараахан 1940 онд хоёр дахь Үндсэн хууль батлагдсаны дараахан С.Удвал гуай “Үндсэн хууль” гэж шүлэг бичин “Үнэн” сонинд хэвлүүлсэн гэнэ. Б.Бааст гуай мөн л “Үндсэн хууль” гэж нэртэй шүлэг бичээд “Үнэн” сонины 1941 оны 15 дугаарт хэвлүүлжээ. Үүний дараахан тэрбээр С.Удвал гуайтай уулзаж танилцжээ. Энэ тухайгаа буурал зохиолч өчигдөрхөн болсон үйл явдал шиг л тодхон ярьж байсныг санаж байна.
-Бид хоёр миний шүлэг сонинд гарсны дараахан Дотоод яамны үүдэнд уулзсан. Тэгэхэд С.Удвал тэр үед их өмсдөг байсан хар хүрэн шинельтэй, юбкэн өмдтэй, савхин гуталтай, суран бүстэй, саравчтай дугуй малгайтай байсан. Тэгээд болоогүй ээ, бас. Ташаандаа шүдэнзний хайрцагнаас арай томхон гар буу зүүсэн байж билээ.
-Гар буутай гэнэ ий?
-Тэгэлгүй яах вэ. Дотоод яамныхан чинь айхтар шүү дээ гээд Б.Бааст зохиолч наг наг хөхөрч байсан сан. С.Удвал гуай тухайн үед Дотоод явдлын яаманд ажиллаж байсан юмсанжээ. Ингэж анх уулзаж танилцсанаа тэр хоёр хожим дурсан инээлддэг байжээ. До яамны үүдэнд анх уулзаж танилцсанаас хойш тэд олон жил үерхсэн гэнэ. “С.Удвал гэдэг энэ их хүнтэй хамт ажиллаж, заримдаа баярлуулж, бас гомдоож, загнуулах үедээ загнуулж явсан. Энэ хүний надад хүртээсэн хишиг буян их. Тиймээс би “Оюун, Удвал хоёр минь” гэж ном бичсэн. Энэ ном бол миний зүгээс С.Удвалынхаа дурсгалд зориулж босгосон хамгийн том хөшөө юм” хэмээн Б.Бааст гуай хуучилж байсан юм. Тэрбээр С.Удвал гуайтай хамтран хэд хэдэн жүжиг, өгүүллэг, найруулал бичиж байжээ. Үүгээр зогсохгүй С.Удвал гуайг Зохиолчдын хорооны дарга болгох санаа сэдлийг гаргасан хүн нь Б.Бааст гуай аж. Энэ тухайгаа “1960-аад оны эхээр, зохиолчдын дөрөв билүү, тавдугаар их хурлын өмнө Ю.Цэдэнбал дарга, Л.Цэнд, Д.Төмөр-Очир зэрэг тэр үеийн нам, засгийн удирдах хүмүүс, үзэл суртлынхан уулын амны харшид цөөн зохиолчдыг хүлээж авсан юм. Би тэр хурал дээр “Би Зохиолчдын эвлэлд олон жил ажиллалаа. Нэг харахад олон эр тогтоодоггүй эм шиг, нэг харахад олон эм тогтоодоггүй эр шиг болж. Зохиолчдын хороонд олон даргын царай харлаа. Одоо эзэнгүй шахам байна. Тиймээс нэг бол С.Удвалыг, эсвэл Э.Оюуныг өг” гэсэн юм. Тэгээд удалгүй С.Удвал Зохиолчдын хороонд даргаар ирсэн. Удалгүй 1962 онд намайг Москвад М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курст явуулсан” хэмээн дурссан билээ.
С.Удвал гуай намба төрх, үг яриа алив бүхнээрээ сайхан монгол бүсгүй, сайн ээжийн үлгэр жишээг үзүүлдэг байжээ. Хөдөө, орон нутагт хаа ч явсан үс гэзгээ сайхан янзалж, цэвэр цэмцгэр сайхан хувцаслана. Үүгээрээ бүсгүйчүүдийг үлгэрлэдэг байж. Хилийн чанадад Дэлхийн энх тайвны эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүн, Ази, Африкийн зохиолчдын байгууллагын гишүүн гээд олон сонгуульт ажилтай. Олон улсын хурал, чуулганд их оролцоно. Тэр хэрээрээ Монголынхоо эмэгтэйчүүдийн төлөөлөл болж, тэдний дуу хоолойг илэрхийлж, монгол эмэгтэйн нэр хүндийг өндөр өргөж явжээ. 1965 онд Дэлхийн энхтайвны зөвлөлийн Жолио Кюрийн нэрэмжит алтан медаль, 1971 онд Ази, Африкийн зохиолчдын байгууллагын “Лотос авардс” шагналыг хүртсэн нь үүний илрэл билээ. Дээрх шагналыг С.Удвал гуайгаас өөр монгол хүн хүртээгүй гэдэг. Тэрбээр МАХН-ын Төв хорооны гишүүн, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгч гишүүн, Олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч гишүүн, Монголын эмэгтэйчүүдийн холбооны дарга, МЗЭ-ийн дарга гээд хариуцлагатай ажлуудыг хашиж явжээ.
Хожим 1980-аад оны дундуур түүнийг нэг л өдөр Ю.Цэдэнбал дарга дуудаж, тэтгэвэртээ гарах өргөдлөө өг гэжээ. Ингээд тэтгэвэртээ гарах өргөдлөө бичиж өгчихөөд “Баярлалаа” гээд гарсан. Тэгээд хаана очихоо мэдэхгүй, нэг л мэдэхэд Зохиолчдын хороон дээрээ оччихсон байсан хэмээн С.Удвал гуай өөрийн шавь, ардын уран зохиолч Т.Галсанд ярьж байсан байдаг.
Нам, төрийн ажлаас буусан ч хэдэн зохиолчид нь түүнд хамгийн ойр дотно санагдсанаас тэр бизээ. Энд нэг зүйлийг тодотгоход эдүгээ МЗЭ байрлаж буй даруухан цагаан байшинг С.Удвал гуайн санаачилгаар барьж босгосон билээ. Тиймээс МЗЭ-ийн байрны ханан дээр “Удвал ахайтны санаачилсан уран зохиолын ордон билээ” гэсэн үгс сийлээстэй бий. Зохиолчдын эвлэлийн энэхүү байрыг нэгэн үе төр өмчдөө авах шахсан гэдэг. Тухайн үед МЗЭ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан яруу найрагч Х.Чилаажав ардын уран зохиолч Т.Галсан гуайг дагуулан ТӨХ-нд сандруухан очиж, С.Удвал ахайтны санаачлан сүндэрлүүлсэн уран зохиолын ордноо зохиолчдынхоо мэдэлд авч үлдэх гэж юм юм болжээ. Аз болоход С.Удвал гуайн хүү Б.Өнөбаатар тэр үед ТӨХ-д ажиллаж байж. Эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуай хувийн архиваасаа Зохиолчдын ордон бол Монголын зохиолчдын өмч гэдгийг хөдөлбөргүй нотолсон баримт, тогтоолыг гаргаж өгч асуудлыг 100 хувь өөрсдийн талд шийдүүлжээ. Энэхүү ордон бол С.Удвал гуайн Монголын уран зохиолд оруулсан нэгэн том хувь нэмэр юм гэдгийг үзэг нэгт нөхөд нь бахархан дурсдаг.
С.Удвал ахайтны тухай сайхан дурсамж өгүүлэх хүмүүс тун олон. Төрийн шагналт зохиолч Д.Гармаа гуай “Морьтой ч болоосой” киноныхоо зохиолыг бичсэнийхээ дараа анх Улаанбаатарт орж иржээ. Хотод түүнийг угтан авсан хамгийн том зохиолч гэвэл С.Удвал гуай байсан гэнэ. С.Удвал гуай залуу зохиолч Д.Гармаагийн уран бүтээлийг анхааралтай уншиж, сэтгэл харамгүй зөвлөгөө өгдөг байж. Мөн өөрийнхөө зохиолуудыг түүнд уншуулж, санал сэтгэгдлийг нь сонсдог байсан гэнэ. Эндээс С.Удвал гуайн бас нэг гайхамшигтай чанар харагдаж байгаа биз.Д.Гармаа гуай 1966 онд Москвад М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгсч ирээд, олон сайхан уянгын туужууд бичиж ёстой л гал цогтой гарч иржээ. Хүмүүс түүний бүтээлүүдийг их сайшааж, мань эр ч тэрүүхэндээ биеэ тоож, овойх шинж орж. Бас бор дарсанд дурлах болж. Тухайн үед тэрбээр Зохиолчдын хорооны намын үүрийн дарга, үргэлжилсэн үгийн зөвлөлийн эрхлэгчийн алба хашдаг мундаг амьтан байжээ. Нэг удаа С.Удвал гуай тааралдаад “Гармаа минь, чи жаахан балгаад байна уу” гэжээ. Тэгэхээр нь “Үгүй” л гэж.С.Удвал гуай “Би хүүхдүүдээ зүггүйтээд байвал гурван удаа хэлээд болохгүй бол нь нэг ташуурддаг юм” гээд л өнгөрсөн гэнэ. Түүнээс хойш нэлээд хэдэн жил өнгөрч.1973 онд гэнэ. Д.Гармаа гуай бас л жаахан балгах дуртай болоод байжээ. Тэгсэн С.Удвал дарга түүнийг дуудаж, “Би чамайг Радио, телевизийн утга зохиолын нарийн бичгийн даргаар явуулахаар боллоо” гэжээ. “Энэ нь С.Удвал гуайн намайг ташуурдсан ташуур байсан” хэмээн Д.Гармаа гуай өгүүлсэн юм.
Төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа гуайн дурсамж бас содон.Наян хэдэн онд гэнэ. Тэрбээр Солонгос явах гээд Бээжинд байж байтал С.Удвал гуай Солонгост болсон хуралд оролцоод буцаж явах таарчээ. Д.Нямаа найрагч тухайн үед Солонгос явах билетээ захиалж амжаагүй, жаахан будилуухан л явсан гэнэ. Тэгээд С.Удвал гуайг галт тэргэнд суулгаж өгөөд буух гэтэл тэрбээр “Нямаа минь, чи тэгээд одоо яах гэж байна аа” хэмээгээд түрийвчнээсээ хоёр доллар гаргаж өгчээ. Тийм том даргаас хоёр доллар авна гэдэг тэр үед бол ёстой зүүдэнд ч оромгүй явдал байсан хэрэг. Д.Нямаа найрагчийн хувьд доллар гэгчийг анх удаа гартаа барьж үзсэн нь тэр гэнэ.
Ж.Гүррагчааг сансарт нисэхэд ээж нь 10 төгрөг илгээсэн тухай С.Удвал гуайн нэгэн шүлэг бий. С.Удвал гуай өөрөө тэр шүлгийнхээ ээж шиг санагдаж Д.Нямаа гуай их баярлаж байсан гэдэг.
Энэ бол хүнийг холоос ч удирддаг, ойроос ч халамжилдаг, хэзээд эхийн сэтгэлээр ханддаг чанарынх нь илрэл ажээ. Утга зохиолын өргөөний хойморт заларсан Удвал ахайтны тухай зохиолчдын дурсамж, хуучийн өчүүхэн хэсгээс сөхөхөд ийм буюу. Хүний сайхан сэтгэл, эхийн хайраар орчлонг сүлж туулсан тэр эрхэм хүн “Наран дор мөнх орших” хутгийг олжээ.
Г.Сонинбаяр