Friday, May 15, 2026

“Маамуу нааш ир” дууг зүй бус агуулга, хэллэгт оруулж дуулсан асуудлаар Оюуны өмчийн газарт хандана

Date:

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дууг реппэр 113 гэгч зүй бус үг хэллэгт оруулж дуулсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байна. Ийнхүү зохиолчийн эрхэд халдаж, дууны уран бүтээлийг ёс бус, бүдүүлэг агуулгатай үг хэллэгээр өөрчилж дуулсан асуудлаар Ардын жүжигчин Д.Лувсаншаравын охин Гавьяат жүжигчин Л.Халиунсүрэн Оюуны өмчийн газарт хандахаар болжээ.

“Маамуу нааш ир” дууг 1956 онд Гавьяат жүжигчин В.Долгор дуулж олны хүртээл болгосон бөгөөд энэ жил уг дуу зохиогдсоны 70 жилийн ой тохиож буй юм. 2011 онд Монголын хүүхдийн ордны өмнөх талбайд “Маамуу нааш ир” дууны дурсгалын хөшөөг босгосон. Энэ дууг хөшөөнд мөнхлөх санаачилгыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид гаргаж, уран барималч Б.Эрдэнэбатын загвараар бие даасан уран бүтээлчид хамтран бүтээжээ. “Маамуу нааш ир” дуу ХХ зууны Монголын хүүхдийн шилдэг дуугаар өргөмжлөгдсөн юм.

“Маамуу нааш ир” дууны уран бүтээлчид. Зүүн гар талаас Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн, Гавьяат жүжигчин, дуучин В.Долгор, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас соёл, урлагийн байгууллагууд болон залуу уран бүтээлчдэд хандан зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэе.

Сүүлийн үед орчин үеийн хөгжмийн урсгалаар уран бүтээл туурвиж буй зарим чөлөөт уран бүтээлчид бүдүүлэг, доромж утга бүхий үг хэллэг ашиглах, хүүхэд, өсвөр үеийнхнийг дээрэлхэл, садар самуунд уриалсан шинжтэй, нийгмийн ёс зүйд сөргөөр нөлөөлөх утга агуулга бүхий бүтээлийг шоу тоглолт, арга хэмжээний үеэр дуулах, цахим орчин болон олон нийтийн сүлжээгээр түгээх зэрэг зөрчил нэмэгдэж байна.

Иймд иргэний эрх, эрх чөлөөг хүндэтгэн холбогдох хуулиудыг үндэслэн доорх зөвлөмжийг хүргүүлж байна.

1. Уран бүтээл туурвихдаа монгол хэлний найруулга, утга төгөлдөр байдлыг эрхэмлэн, бүдүүлэг, доромж, садар самуун утга агуулгатай үг хэллэгийг олон нийтэд түгээхээс зайлсхийх;

2. Олон нийтэд түгээх уран бүтээлийн агуулга, илэрхийллийн хэлбэрийг ёс зүй, соёлын хэм хэмжээнд нийцүүлэхийг эрмэлзэж, садар самуун, хүчирхийлэл, гэмт үйлдэл, мансууруулах бодисын хэрэглээг сурталчилсан агуулга бүхий бүтээлийг түгээхгүй байх;

3. Хүүхэд, өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх, ялгаварлан гадуурхах, доромжлох, үзэн ядах хандлагыг өдөөх агуулга, илэрхийллээс татгалзах;

4. Монгол үндэсний болон угсаатын соёл, уламжлал, зан заншил, соёлын үнэт зүйлсийг үл хүндэтгэсэн агуулга, илэрхийлэл хэрэглэхээс татгалзах;

5. Цахим орчин, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээх контентын нийгэмд үзүүлэх нөлөөллийг харгалзан үзэж, аливаа уран бүтээл, контент нь нийтийн соёл, үнэт зүйлс, хүүхэд, өсвөр үеийн төлөвшилд нөлөөлөх чухал хэрэгсэл болохыг ухамсарлан, уран бүтээлчийн ёс зүй, хариуцлагыг баримтлах;

6. Уран бүтээлдээ ашиглаж буй хөгжмийн аялгуу, үг, яруу найраг, бичлэг, дүрс бичлэг болон бусад бүтээлийн оюуны өмчийн эрхийг хүндэтгэх;

7. Үндэсний соёл, үнэт зүйлсийг таниулан түгээн дэлгэрүүлсэн, хүүхэд, өсвөр үеийн хүмүүжил, соёлын боловсролд эерэг нөлөө үзүүлэх, нийгэмд зөв хандлага төлөвшүүлэхэд уриалсан контент, уран бүтээл туурвихыг зөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...