Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ломбын НЯМАА
Оросын зохиолч, утга зохиол судлаач И.Андроников “Лермонтов” гэдэг судалгааны туурвилдаа “Яруу найрагчийн нэг шүлэг, нэг бадаг, нэг мөр үндэсний уран зохиолын түүхийг гэрэлтүүлэх тохиол байдаг. Тийм учраас яруу найргийн үнэт зүйл болсон яруу найрагчийн гар бичвэр, эх бичвэрийн судалгааг хөгжүүлэх ёстой” хэмээн учирласан байдаг. Манай Монголын уран зохиолын түүхэнд зохиолч, яруу найрагчдын эх бичвэрийн судалгаа эхлэл төдий байгаа. Доктор С.Лочин, Ч.Жачин нар Д.Нацагдоржийн зохиолыг, доктор Д.Ганболд Р.Чойномын яруу найргийн эх бичвэрийг судалж судалгааны эргэлтэд оруулав. Би энэ удаа Н.Нямдоржийн хэвлэгдээгүй хэдэн шүлгийг уншигч та бүхэнд толилуулж байна. Н.Нямдорж 1959 онд Москва хотноо суралцаж байхдаа “Онон хатан эжий” нэртэй зузаан ногоон дэвтэрт шүлгүүдээ бичсэн байдаг юм. Эрхэм уншигч танд толилуулж бүхий хэдэн шүлэг Н.Нямдоржийн номуудад хэвлэгдээгүй бөгөөд зарим нь “Онон хатан эжий” түүвэрт хэвлэгдэхдээ хасагдаж, засагдаж үнэт чанараа алдсан байдаг.
Түүний тод жишээ нь Н.Нямдоржийн алдарт “Дорно” шүлгийн төгсгөл юм.
…Өрнөд би дургүй,
Шүтэх ч үгүй
Өөрөө биеэ даасан дорно
Би-Дорно
Би-Даруухан дорнын аялга
Ичимхий дорнын цэвэр ариун заншил
Ирээдүйн дорнын дахин сэргэхийн угтал
Би-Эртний их дорно
Би-Энэрэхүй их Будда
Би-Манхайн цайх үүр
Би-Мандан гарах нар
1959 он.
Харин Н.Нямдоржийн номд нь анх орсон, главлитаар засагдсан “Дорно” шүлэг дараах хэлбэрээр удаа дараа хэвлэгдсэн юм.
Дорно
Энэ өрнө биш Дорно
Эрдэм соёлтой эртний их Дорно
Зуу, зуун жил барууныхан шунаж
Зуур замдаа акулд бариулж явж
Тэмүүлэн зүтгэдэг байсан
Тэр сайхан Дорно!
Дорно дахинд соёлыг түгээх нэртэй
Дотно царайлагч англичууд
Хамаг баялгий нь тонон зөөж байсан
Харь Голландын онгоцныхон
Завхайран согтуурч тэнэгээр доромжлогчдын
Зарц нь болж гутлы нь цэвэрлэж суусан ч
Сэтгэл ахуйгаар нөлөөлөгдөн тэдэнд автаагүй
Цэвэр үлдсэн өвөрмөц сайхан Дорно!
Өрнө дорноо хөгжлөөр хол хаясан ч
Өндөр их урлагт нь өнөө ч хүртэл хавьтаагүй
Өрнөдөд өөрөө сүжиг ч үгүй, шүтээ ч үгүй
Өөрөө бүтэн биеэ даасан Дорно
Энэ эртний Дорно
Энэ энэрэнгүй их Будда
Энэ манхайн цайх үүр
Энэ мандан гарах нар
Энэ Дорно
“Дорно” 1991. Өндөрхаан, “Алтан үсэг” ББХК хэвлэлийн газар. Хуудас13.
*** *** ***
Н.Нямдоржийн урьд өмнө хэвлэгдээгүй шүлгүүдээс толилуулъя.
Гуниг зовлонд зэврээгүй
Гучаадхан нас минь
Та бүгдийнхээ сэтгэл рүү
Тав тавхан мөр болон
Тов товхон дуслаг
*** *** ***
Өлөн чоно юундаа
Өөдөө харан улина вэ?
Тэнгэр ядрагсдыг тэтгэдэг гэж
Тэрэнд нэг нь хэлээ юү?
Тэгж өөрөө бодоо юу?
*** *** ***
Одоо би Нямдорж
Орой чиний нулимс
Хойтон өдийд яс
Хорин жилийн дараа цэцэг
/Энэ шүлэг Б.Одгэрэлийн хэвлүүлсэн номд анх удаа хэвлэгдсэн боловч уншигч танд дахин нэг уншуулах гэж оруулав/
*** *** ***
Амьдрал гэдэг зовлон юм
Аргагүй доогтой инээд юм
Хүний тавилангаар тоглоом хийсэн
Хүйтэн бодлын хөгжим юм
1959 он
*** *** ***
Хэдэн мөр гашуун шүлэг
Хэлхэн суухдаа миний сэтгэл
Тэнгэр мэт тэнүүн биш
Тэнгис мэт ууртай байдаг
1959 он
*** *** ***
Танхил гүнж
Цацаг мяндсан гэзгээ
Сарны түрүүгээр гоёж
Эрх танхил биеэ
Идээний дээжээр тордож
Эгц гоолиг нуруугаа
Эдлэлийн дээдээр чимж
Хаан аавын буянаар
Хатуу гарыг үзэлгүй
Халамж дүүрэн нөхцөлөөс
Халуун чулуу долоолгүй
Хонгор хөөрхөн гүнж
Хориод насыг насалжээ
Зүсийн халыг үзэлгүй
Зүүдэн мананд жаргавч
Зураг сайхан дүрийг нь
Зуун эрс мөрөөдөвч
Хааны танхил гүнжийн
Хаалгыг татах зүрхгүй
Үзэсгэлэн төгөлдөр түүний
Үүдийг татах зориггүй
Эрдэнийн шилтгээн гоёлтон
Эзний ордонд байсангүй
Эрдэм оюун төгс
Эрсийн дунд тодорсонгүй
Эелэг цагаан цээжинд нь
Эрсийн гар хүрсэнгүй
Булбарай ягаан уруулдаа
Бусдын амьсгал шүргэлгүй
Адтай хорвоогийн замд
Азтай бүтэн үлджээ
1960 он
*** *** ***
Дурлал шиг омог үхлийг үзээгүй
Дурлал шиг баяртай ялалтыг сонсоогүй
Дурлал шиг гашуун хагацлыг дуулаагүй
Дурлал шиг уяхан дууг сонсоогүй
1960 он
*** *** ***
Яруу найрагчид минь юунд уйтгарлана вэ
Найрагчийн зүрх онгод дүүрэн цусаа
Халуун биед гүйцэд гүйлгэн
Хатан сэтгэлийг гүйцэж үл чадна уу?
Гуних уйтгарлах тийм ч муу биш гэж
Гурвантаа ойлгосноо эрхгүй хэлмээр санагдав
Өсөх буурах уртын урт амьдрал дотор
Өлсөх цангах өнгө алаг өдрүүдэд
Найрагч явах гэдэг баяр гуниг бус уу
Найр хэссэн архичин золтой золгүй явдаг байхад
Насаар залуухан шүлэгчид зовж шаналах нь зөв өө
Онон голын урсгал шөнөдөө шаагихын цагт
Онгон загалын төвөргөөн чихнээ хадахын хирд
Аугаа хүслийн сайхан зүрхэн дотор гал оволзож
Амьд хүний омгорхлоор та нарын зүрх догдлог
/1969 оны 6-р сарын 4-нд яруу найрагч С.Очиржав бид хоёрт зориулж бичсэн шүлэг/