Tuesday, November 26, 2024

Манай уран зохиолчдын байгууллага мэндлэн торнисон түүхээс

Date:

Монголын зохиолчдын байгууллага үүсэн байгуулагдсаны 92 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхт ойг тохиолдуулан Төрийн шагналт эрдэмтэн, нэрт зохиолч Хөдөөгийн Пэрлээгийн бичсэн “Манай уран зохиолчдын байгууллага мэндлэн торнисон түүхээс” хэмээх өгүүллийг www.focusnews.mn толилуулж байна. Уг өгүүллийг зохиолч 1963 онд бичсэн бөгөөд 1971 онд хэвлэгдсэн “Утга зохиолын хөгжлийн асуудлууд” номд багтжээ.

Намын гавьяат 7 дугаар их хурлаас “Шинэ хувьсгалын утга бүхий зохиолчин нарын бүлгэм эвлэл… байгуулах… Тэднийг сайшаан хөхүүлэх” зэргээр хөгжүүлэх тухай заасан юм. Тэр чухал заалтыг Намын Төв Хороо 1929 оны нэгдүгээр сард биелүүлж эхэлсэн. 1929 оны 2-р сарын 8-ны өдөр “Үнэн” сонины 5 дугаарт “Шинэхэн бүлгэм нээгдэв” гэсэн мэдээ гарч хувьсгалт тэмцлээр идэвх нь сэргэж, уран үгээр эх орон, ард түмэндээ үйлчлэх эрмэлзэл төгөлдөр сэхээтэн нарыг хөгжөөсөн билээ. Тэр сонирхолтой мэдээнд “Мөнөөхөн өнгөрсөн нэгэн сарын 9-ний өдрөө. Ардын Хувьсгалт Намын Төв Хорооноо хувьсгалын уран зохиолч нарын бүлгэмийг үүсгэн байгуулжээ. Энэхүү бүлгэмийг анх байгуулахад нэр оролцон хуралдсан нөхдийг дурдваас: КУТВ (Дорно дахины хөдөлмөрчдын коммунист их сургууль)-ийн Чимид, Суртлын Гэндэн, нарийн бичгийн дарга Бадрах, бага Дамдинсүрэн бас Дамдинсүрэн, Ядамсүрэн, Догсүрэн, Буяннэмэх, Дугаржав, Навааннамжил, Цэндсүрэн, Ринчин Бямбаев, Очир, Дашдэмбэрэл, Хорлоо, Шагдарсүрэн, Цэвэл, бас бүлгэмийн хэргийг удирдах зөвлөл байгуулж, энэхүү зөвлөлийн тэргүүлэгчид: нөхөр Буяннэмэх, Ядамсүрэн, Дамдинсүрэн, Дугаржав, Ринчин Бямбаев нарыг сонгож бас бүлгэмийн дүрэм ба явуулах хэргийн төлөвлөгөө зэргийг батлан тогтоожээ” гэжээ.

Уран зохиолчдын бүлгэмийг байгуулсан чин зорилгыг мөн мэдээнд тодорхойлсон нь “…уран зохиолууд үүний урьд тус монголд үлэмжхэн байсан хэмээвч … Эдүгээгийн ардын эрхийг хамгаалах үнэн эрдмийг хөгжүүлэх хэрэгт үл нийцнэ… Сүүлийн үед тэр мэт үл зохилдох зүйлийг засаж залруулалгүй хэвлэх болсон нь харин ч хувьсгалын эсрэг явдал болоход хүрсэн… Эдүгээ шинэ хувьсгалын үзэл суртлыг гол болгож, аливаа зохиолын ашиг тус утга чанарыг жинхэнэ ядуу дунд ардын ангийг хамгаалахын зүгт зориулан, улмаар эв хамт нийгэм журмын байдалд дэвшүүлэхийг чухалчилсны тул ийнхүү энэ бүлгэмийг үүсгэн байгуулбай” гэжээ.

Уран зохиолчдын бүлгэмийн дүрмийн үндсэн зүйлийг тэр мэдээнд бичжээ. Тэнд бичсэн нь “Энэхүү бүлгэм болбаас харьяат гишүүдийн зохиосон зүйлүүдийн яруу сайхан болоод утга чанарыг хянан үзэж улмаар хэвлүүлэн нийтлүүлнэ. Энэхүү бүлгэмд гишүүн болохыг хүсэгч хот хөдөөгийн жинхэнэ ардын анги бөгөөд уран зохиол авьяас бүхий нөхөд урьдаар тус бүлгэмийн зөвлөлд мэдүүлж, нийтийн хурлаар батлан авна. Жич аливаа утга чанар бүрдсэн уянга яруу чимэгдсэн зохиолуудад цөм онц шагнал олгон, хөгжүүлэхийг хамгаалан гүйцэтгэнэ. Гишүүдээс болбаас татвар хураах зүйлгүй” гэжээ.

Тэр мэдээний дотроо (Энэхүү бүлгэмийг анх байгуулахад нэр оролцон хуралдсан нөхөд) нь нөхөр Цэвэлийн хэлж байгаагаар уран зохиолын ажил эрхлэлцэх байгууллагуудаас холбогдох хүмүүсийг Намын Төв Хорооноос зарлан хуралдуулсан байжээ. Намын Төв Хорооноос: нарийн бичгийн дарга Бадрах, суртлын хэлтсийн Цэндсүрэн, (халзан) Гэндэн, Эвлэлийн Төв Хорооноос Чимид, Ядамсүрэн, (Дэндэв-) Очир, Ардыг Гэгээрүүлэх Яамнаас сайд Дугаржав, эрхэлсэн түшмэл бөгөөд ардыг гэгээрүүлэх хэлтсийн эрхлэгч Цэвэл, Судар бичгийн хүрээлэнгээс Ринчин, цэргийн сурган боловсруулах газраас комиссар Хорлоо, “Үнэн” сониноос: Бага (Ц) Дамдинсүрэн, Шагдарнэрэн, Навааннамжил, Дашдэмбэрэл нарын зэрэг нөхөд байжээ.

Уран зохиолчдын бүлгэмийг тэр цагт үзэл суртал, соёл гэгээрлийн ажил эрхлэлцэж байсан байгууллагуудын холбогдох ажилтан нарын зөвлөлгөөнөөр байгуулсан нь тодорхой байна. Монголын уран зохиолчдын хэвлэл “Уран үгсийн чуулган”-ыг 1929 онд хэвлэж, цаашдаа залган хэвлэх бодолтой байжээ.

1929 онд хэвлэгдсэн уран үгсийн чуулганд “Тус бүлгэмийг анх санаачлан байгуулсан уран зохиолч ажгуу” гэж Дунгарын Чимидийн нэрийг цохож бичсэн байдаг юм. Энэ нь “Шинэхэн бүлгэм нээгдэв” гэсэн зарлалд Чимидийн нэрийг Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Бадрах ба бусад том хариуцлагатай Цэндсүрэн нарын дээр хамгийн манлайд жагсаан бичсэнтэй нийцэж байна. Мөн цоморлигийн оршилд “Энэхүү дэвтэрт бичсэн шүлэг зохиолын их төлөвийг манай бүлгэмийг удирдан үүсгэгчийн нэг… Буяннэмэхийн шүлэг зохиолууд болно” гэж Дунгарын Чимид тэмдэглэжээ.

Д.Чимид уран зохиолын бүлгэм байгуулах явдлыг анхан санаачлан, С.Буяннэмэх нэгэн мөрний хүчин зүтгэсэн ажээ. Тус бүлгэм нь 1931 онд “Монголын Ассоцион Революционныг зохиолчдын “МАРЗ” (Монголын хувьсгалт уран зохиолчдын холбоо) болон өргөжиж, 1932 оноос эхлэн “Монголын хувьсгалт уран зохиол” сэтгүүл гаргаж эхэлжээ. Бас монгол хувьсгалт уран зохиолчдын холбооны дүрмийг зохион зохих газраа мэдүүлэн батлуулсан байна.

Монголын зохиолчид зөвлөлтийн зохиолчидтой хэлхээ холбоогоо зузаатган, тэдний халуун туслалцаа, дотно зөвлөгөөг авах болсон нь тэр үеийн уран зохиолын ажлын содон шинж нь болж байна. Тус “холбоонд” монгол зохиолчдоос гадна монголд ажиллаж байсан зөвлөлтийн зохиолчид ч нэгдэн ажиллаж байжээ. “Зүүний нугалаатан”-ы үед зохиолчдын холбооны ажил тарамдан суларчээ. Түүнээс хойш уран зохиолчдын бүлгэм төдийхэн ажиллаж байжээ. 1934 онд “Монголын үндэсний уран зохиолчдын холбоо” болгон сэргээн байгуулж, гишүүдэд бат илэрхийлэх олгож, хот хөдөөд зохиолчдын бүлгэмүүдийг нэмэн байгуулж байжээ.

1937-38 онд хувьсгалт хуулийг хэрцгийгээр гажигдуулах үед сайн сайн зохиолч нар хэлмэгдэн зохиолчдын холбооны ажил буурч, Гэгээрүүлэх Яамны дэргэд байсан Улс төр-уран сайхны зөвлөлд хавсарга болж дараа нь Уран сайхны хүрээлэнг байгуулахад түүнд хамжигдан “Холбоо” нэр нь ч мартагдахад хүрч явсан түүхтэй.

Манай шинэ уран зохиолчдын анхны бүлгэмийг байгуулсан тэр цаг үе нь МАХН-аас үзэл суртал, соёл боловсролын ажилд онцгой их анхаарал тавьж баруунтнаас манай орны шинэ соёл үзэл санааны амьдралд үлдээсэн хар толбыг ариутган, мэндлэх торних цаг нь болсон шинэ ажлуудыг үүсгэн үндэслэж хөгжлийн замд ньь шуудруулж байсан чухаг цаг үед онолдон тохиолдсон байжээ. Жишээ нь: Хувсгалт сонин сэтгүүлийн ажлыг өөрчлөн сайжруулж өөдлүүлэн чанаржуулахын тул “Үнэн” сонины зөвлөлийг анх байгуулсан явдал юм. “Үнэн” хэмээх сонины зөвлөлийн зорилгын “товч” гэдэг үгүүлэлд шинэ уран зохиолыг сонин сэтгүүлд хэвлэн хөгжүүлэхийн чухлыг тодорхой томруун заасан байна. тэр цагаас хойш зохиолч сонин хоёрын холбоо сайжирч “Уран зохиолын анги”, “Уран зохиолын булан”-тай болсон юм.

Эдгээр баримтаас үзвэл намын 7 дугаар их хурлын дайчлан зоригжуулагч үзэл санааг мөрдлөг болгон Намын Төв Хорооны суртлын хэлтсийн шууд удирдлагын дор хувьсгалт зохиолчдыг зохион байгуулалтын талаар эмхлэн нэгтгэж Монголын зохиолчдын эвлэлийн зохион байгуулалтын довжоо чулууг анхлан тавьсан нь лавтай ажээ.

Тэртээ 34 жилийн өмнө, арван хэдэн хүн нэгдэж, үүсгэн байгуулсан “Хувьсгалын уран зохиолч нарын бүлгэм” нь монголын орчин цагийн уран зохиолын цогт дайчин байгууллага-монголын зохиолчдын эвлэл болтол хөгжсөн түүх нь юутай тэмдэглэлтэй, яасан их баялаг билээ.

Х.Пэрлээ. 1963 он.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...