Улсын хэмжээнд мал хаваржилтын байдал хэвийн байна. Өвөлжилт хүндхэн байсан Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхөнгай, Дундговь, Архангай зэрэг аймагт хаваржилт хүндхэн болох төлөвтэй байгаад салбарын яам анхаарч холбогдох арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Эдгээр аймгуудад малын зүй бус хорогдол нилээд өндөр байгаа ажээ.
Өнөөдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 19-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 439.7 мянган толгой мал хорогдоод байна. Архангай аймагт 28.3 мянга, Баянхонгорт 219.3 мянга, Говь-Алтайд 31.9 мянга, Өвөрхангайд 33.7 мянга, Төв аймагт 36.4 мянга буюу 365.4 мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 83.1 хувийг эзэлж байна. Цаашид малын зүй бус хорогдлыг багасгах, холбогдох арга хэмжээ авч ажиллах талаар ХХААХҮЯ-наас зөвлөмж боловсруулжээ.
Энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар 10 аймгийн 5637 малчин өрхийн 3.9 сая толгой мал Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Говь-Сүмбэр, Сэлэнгэ аймгийн нутагт отроор өвөлжиж байжээ. Улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт 4640 малчин өрхийн 2.1 сая толгой, нийт 10277 малчин өрхийн 5.2 сая толгой мал отроор өвөлжөөд одоо хаваржиж байна.
Аймаг, орон нутаг дахь отор нүүдлийн зохицуулалтын асуудлыг Засгийн газрын 2020 оны 63 дугаар тэмдэглэлд заасны дагуу 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн дотор тухайн бэлчээрийг чөлөөлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Аймгийн Засаг дарга нарт даалгасан байна.
Цаг агаарын тойм мэдээнээс үзвэл өмнөх сараас агаарын температур дулаарсан, хур тунадасны хэмжээ болон цасны зузаан багассан, цаг агаарын эрсдэл харьцангуй буурсан гэж дүгнэж байна. Тухайлбал Цаг агаар, зудын эрсдэлийн 2021 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн зургаас үзэхэд манай орны 11 аймгийн 89 сум нэн их эрсдэлтэй, 20 аймгийн 152 сум их эрсдэлтэй гэсэн ангилалд хамрагдаж байсан аж.